"Хар сарнай" хамтлагийн ахлагч дуучин С.Амармандахыг дэмжигчид ОХУ-ын ЭСЯ-ны гадна тайван жагсаал зохиож эсэргүүцлээ илэрхийллээ. Үүнээс гадна С.Амармандахын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дээрх асуудлаар УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн байна.
Мөн С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын элчин сайдын яамны удирдлагуудтай уулзсан байна. Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ хэрэг дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Түүнчлэн дипломат төлөөлөгч холбогдсон гэх эл хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарал хандуулан ажиллаж байна. Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Та бүхнийг бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна" гэсэн байна.