8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Аюурсайхан:Оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ

2016-12-06 13:30:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг Засгийн газар бүрэн боловсруулаагүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр энэ үеэр "Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Мөн тусгай хуулийн төсөл боловсруулж байна. Зарим улс орнууд оффшор бүсэд хүүхдийнхээ нэр дээр данс нээсэн гэх удирдлагаа хүртэл шүүх өгчээ. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ. Нэгдүгээрт, "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амарч сувилуулж байхдаа данс нээлгэж болно гэсэн агуулгыг агуулж байна. Хоёрдугаарт, оффшор бүс гэдгийг нарийн тодорхойлолгүй, зөвхөн гадаад дахь данс хэмээн тусгасан нь сурах, сувилуулах нэрээр данс нээх бололцоог бүрдүүлж өгчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна" гэлээ.

Ингээд Т.Аюурсайхан гишүүн гадаад дахь данс гэдэгт ямар бүс орох эсэхийг нарийвчлан заагаагүй. Гэр бүлийн гишүүдийг оффшорт данстай байхыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүдийг мөн оффшор бүсэд данстай байх бололцоог олгосон гэх үндэслэлээр хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүнтэй адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба эл асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр шийдэх нь гэснээс таван хуудас орчим бие даасан хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх хэрэгтэй гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хилийн чанадад сурдаг оюутнууд ихэнхдээ сурахын зэрэгцээ цагийн ажил эрхлэдэг. Тэр дансыг оффшор данс гэж үзэх үү гэх мэт бодолцмоор, амьдрал дээр байдаг асуудлыг ялгаж салгаж хуулинд тусгах шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөл дээр судлаачдын үгийг сонсох хэрэгтэй гэлээ.

Энэ хуулийн төсөлд “албан үүргээ гүйцэтгэх үедээ” гэж оруулж иржээ. Амралт чөлөөт цагаараа байхдаа оффшор бүсэд очоод данс нээлгэх, аж ахуйн нэгж байгуулах боломжийг олгожээ. Мөн гадаад улсын нутаг дэвсгэрт гэж заасан нь хэт ерөнхий байдалтай, хуулийн хийдэл гаргах боломжийг нээж өгсөн байна. Цаашлаад энэ албан тушаалтнууд нь эмнэлэгт үзүүлэх, сургалтын зорилгоор албан үүргээ гүйцэтгэх үедээ оффшор данс нээх хууль эрхзүйн орчинг нээж өгчээ. Жишээлэхэд оффшорт мөнгөө байрлуулахдаа тухайн улсын нэг эмнэлэгт шинжилгээ өгөөд баримтыг нь аваад ирдэг. Ингэснээр “Эрүүл мэндийн шалтгаанаар шинжилгээ өгөөд, данс нээлгэлээ. Тэнд байршуулсан мөнгөө хагалгаа хийлгэх үедээ хэрэглэнэ” гэсэн хуулийн хамгаалалтад автоматаар орж байна. Оффшорт данс нуудаг зөрчил нь гэр бүлийн гишүүдээрээ дамждаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийг оруулъя гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж байна. Засгийн газарт Үндсэн хууль тайлбарлах эрх бий юу?

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: -Энэ хуулийг тойрч гарч байгаа маш олон саналын гол цөм нь “гадаад улсад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг тухайн төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүл, төрөл саданд нь хамаатуулж хэрэглэх үү” гэсэн асуудал. Хууль санаачлагач Засгийн газар энэ асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Ашиг сонирхлын зөрчлийн хуульд зааснаар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг гишүүдийн хөрөнгө орлого, дансан дахь мөнгийг ч мэдүүлдэг үүрэгтэй. Үүнтэй адилхан юм биш үү гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тэр бол үүрэг хүлээдэг заалт. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн төрийн албан хаагч ажлаас халагдах захиргааны шийтгэл хүлээх заалт одоо үйлчилж байгаа. Харин энэ хуулийг дагаж Үндсэн хууль зөрчигдөж байгаа гэдэг шүүхийн шийдвэр ч гарч эхэлсэн. Тиймээс энэ Үндсэн хуулийн заалт руу орж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Би Хуульзүйн дэд сайдтай санал нэг байна. Үндсэн хуулийн заалтыг бид биелүүлэх ёстой. Түүнээс өнөөдөр нэг хууль оруулж ирэнгүүтээ Үндсэн хуульд халдаж болохгүй. Гадаадад сурч байгаа хүүхдэдээ цайны мөнгө явуулна, эмнэлгээр явж байгаа хүмүүст дансанд мөнгө байршуул гэдэг. Энэ хүмүүсийг данс нээлгэж болохгүй гэж хэлэх үү. Бусдад халдааж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Энэ хуулиар гэм буруугүй асуудал яриагүй. Үр хүүхдийн асуудлыг л хуулинд тусгах гээд байгаа юм. Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй. Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж. Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Харин гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаах санал гаргасан юм. Түүний саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment