8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ын их хурал болж, Бичигтийн боомтоор олон тооны адуу гарсан өдөр

2016-12-06 19:06:00

Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна. Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Улс эх орны ирээдүйтэй холбоотой онцлох явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна

30 ишлэл: Н.Алтанхуяг байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр ингэж шогтохгүй байсан

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цаг, үеийн асуудлаар хамгийн сүүлд хэрхэн ярьсаныг онцлох 30 ишлэлээр хүргэж байна.
1.    Эрдэнэт  үйлдвэрийн 49 хувийн асуудлаар би тохироонд орж яахав дээ. Тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудал л миний анхаарлыг дээд зэргээр татаад байгаа юм.
2.    Намайг өдөр, шөнөгүй хэвлэлээр балбаж байна. Би хоёр хэрэг үйлдчихээд байна шүү дээ. Нэгдүгээрт, “Эрээний хилийг хаа” гэж Хятадын Засгийн газарт захидал бичсэн гэнэ. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмсэн чинь Ц.Нямдорж эсэргүүцсэн гэж хэлж, ярьж байна. Эрдэнэтийн талаар үнэн ярьсан хүнийг намнах зорилготой Erdenet.mn гэж сайт гарч ирж байх шиг байна.
3.    Би бол худалдагдахгүй. Өдий болтол худалдагдаагүй юм. Улс төрийн карьер хожуу үед ирчихээд байхад нэр нүүрээ барж яахав дээ.
4.    Өнгөрсөн дөрвөн жилд Монголд эрх мэдэлтнүүдийн хамтарсан олигархи тогтолцоо биежсэн байна. Би намаа өмөөрөөгүй. Өнгөрсөн 20 жилд ингэж улаан цайм идэж уудаггүй байсан юм. Энэ 20 жилийн 10 жилд нь би сайдаар ажиллаж байсан хүн мэднэ шүү дээ. Эрүүгийн шинжтэй ийм ажлууд хийгддэггүй байсан.
5.    Манайхан хамтарсан Засгийн газарт орж ажиллах үед Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын баталгааг гаргаж өгсөн.
6.    Эрдэнэт, Дархан, Сэлэнгийг дамжсан уул, уурхайн баялаг алга болох нь. Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт яг ийм луйврын процесс явагдсан.
7.    УИХ-аар батлагдсан гэрээг хөндөх гэж байгаа бол заавал УИХ-аар хэлэлцэх ёстой. Гэтэл энэ давуу эрхийн асуудлыг хийгээгүй. Оросын Засгийн газрын санал ирээгүй байхад манайх шийдвэр гаргасан шүү.
8.    Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан Эрдэнэбилэгийн компани нэг км төмөр замыг 3.4 сая доллараар барих тооцоог УИХ-д оруулж ирж байна. Х.Баттулгын элдэв юм ярьж байсан төмөр зам тавих гэрээ нэг сая доллараас бага байсан.
9.    Улсаа хулгайлаад байвал улс чинь хөгжихгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол одоохондоо алга. Эрдэнэтийн луйврын ард яаж гаръя даа гэж бодож байна.
10.    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд тэгэж их байж ядаад байгаа бол намын даргаа аргалах шаардлага гарна шүү дээ надад. Би Эрдэнэтээс болж намын нилээн хүмүүстэй Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай байна шүү дээ.
11.    Хүчилж байгаа юмыг зогсоох эрх мэдэлтэй хүн би биш УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Дургүйд хүчгүй гэж үг бий. Их л хэл ам болж байж Эрдэнэтийн талаарх хагас хугас шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
12.    Ерөнхийлөгчийн магтаад байдаг хүмүүс улсын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг авсан за юу.
13.    Оффшорын хууль гэж ганц хуудас юм орж ирсэн. Х.Тэмүүжингийн батлуулсан Нийтийн албаны хулийг өөрчлөх хэлбэрээр оруулж ирсэн байна лээ. Үүгээрээ бүтэлтэй юм болохгүй гэж би хэлсэн. Улс төрд байя гэвэл оффшоргүй бай гэж байгаа. Энэ бол миний зарчим.
14.    Оффшортой хүн улс төрд орох гэж байгаа бол хэмжээгээ зарла гэж байгаа. Сонголтоо өөрөө хий, ийм л зүйл би яриад байгаа.
15.    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг С.Жавхлан үзээгүй юм чинь би яах гэж мэтгэлцэх юм. Намайг айгаад ирэхгүй байна гэж ярьж байна лээ. Асуудал түүндээ биш. УИХ-ын гишүүн чинь асуудлаа уншиж судалж, байнгын хороон дээр саналаа хэлэх ёстой биз дээ. Асуудалтай танилцаагүй хүнтэй би юугаа ярих юм. УИХ бол сайн дурын уран сайханчдын газар биш.
16.    Би хилийн цэрэг гэхээр амиа тавьдаг хүн. Хилийн цэргийг бэхжүүлэх ёстой болохоос биш юун татах буулгах. Хилийн цэргийг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж би 1995 онд маргаж байсан. Би Хилийн цэргийг татан буулгана гэж яриагүй. Ээлжит гүтгэлэг.
17.    Эгзэгтэй хүнд цаг үед далай ламыг авчрах нь зөв байсан юм уу. Далай лам чинь өөрөө хүрээд ирчээгүй.
18.    X Богдоос хамаг асуудал үүслээ шүү дээ. Өнөөдөр Хятад хамаг татвараа нэмж, уулзалт, хэлэлцээрүүдээ цуцалж байна. Монголын төр доторх хариуцлагыг хэн үүрэх юм. Хойд айлтай харьцдаг харилцаа Цагаан хааны үеийн түвшинд хүрчихлээ. Өнөөдөр юу болж байгааг хар. Гаалийн газрын дарга нь Монголоос авах татвараа нэмж байна. Энэ бүгд хэдий хүртэл үргэлжлэх юм.
19.     Монголын худалдааны 90 хувьд Хятадаас хамааралтай. Тэрийгээ л сана. Далай лам ирэхэд би дургүйцээд байх юмгүй.
20.    Манай өмнөх 8,9 богдыг яаж тодруулсанг мэднэ шүү дээ. X богдоор нэг даргын хүүхэд тодорчихсон байвал яана.
21.    Би бол Монгол улсын гүйцэгдэхгүй тагнуул. Төр нь хулгайч биш ард түмэн нь цалин, орлогоороо амьдардаг Швейцарь маягийн амьдралтай болоосой гэж би хүсдэг юм.
22.    Далай лам өөрөө, өөртөө виз олгоогүй. Ерөнхийлөгчийн өмнөөс би хариулахгүй гэж Ц.Мөнх-Оргил хэлсэн. Тэгэхээр далай ламын виз аль түвшиндээ гарсан юм болдоо. Би энэ хариуцлагыг хэлээд байна. Урд өмнө нь үүсч байгаагүй харилцаанд хэн хариуцлага хүлээх юм бэ гэж асуугаад байна
23.    АНУ-ын элчин сайд Далай ламтай уулзуулж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа гэчихсэн байна лээ.
24.    Хилийн зурвасыг 100 км байгааг 15 км болгож байгааг судалмаар байна. Би ажлын хэсэгт орж судалмаар байна. Судалчихвал асуудал биш.
25.    1990 оноос хойш Монголын хөрөнгө тараад алга болчихлоо. Хуулийн байгууллагын томилгоо захиалгат хэлбэр рүү орж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор хоёрыг шахсаар байгаад цагаас нь өмнө хөөгөөд явуулсан.
26.    2014 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад АН-ын нөлөө бүхий хүмүүс зугатаж алга болсон. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь би “бөөр рүү чинь хүн явуулна даа” гэж би хэлж байсан. Миний хэлснийг тоогоогүй. Саваад л явж байсан.
27.    Н.Алтанхуягийг унагахад би үүний цаана маш том эрх ашиг байна даа гэж харж байсан. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдаа түлхэж унагаад өөрөө Ерөнхий сайд болсон. Тэгээд манайхтай хамтарч ажилласан.
28.    Н.Алтанхуяг байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр ингэж шогтохгүй байсан.Н.Алтанхуяг асуудлыг аваад л гарах байсан. Н.Алтанхуяг хийхгүй байсан болохоор Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм байна гэж харагдаж байгаа.
29.    Ч.Сайханбилэг Тавантолгойг тавиад туух гэж байсан. Ер нь бол энэ мэт хуйвалдааныг нэгдүгээр зэргийн хүмүүс л хийнэ шүү дээ. Мань мэт нь бол мэдэхгүй шүү дээ. Тас нуудаг.
30.    Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг хоёр удаа Ерөнхийлөгч болоход нь сонгуулийн ажлыг нь удирдаж байсан юм. Ч.Сайханбилэгийг өлгийтэй байхад нь улс төрд хөтөлж оруулж ирсэн юм. Яахав тэр талаас нь би Н.Алтанхуягийг өрөвдөөд байгаа юм.Гэхдээ Ерөнхий сайд байж хүргэнээ ЗГХЭГ-ын дэд даргаар тавиад байхдаа яахав дээ.

Эсэргүүцэлтэй, мөнгө тараасан гэх хардлагатай бас лидерүүдтэй АН-ын Их хурал

АН-ЫН ИХ ХУРАЛ 

АН-ын Их хуралд лидерүүд нь оролцож байна. Ардчилсан намын Их хурал  морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэллээ. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны өмнө төлөөлөгчид Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулав. Их хурлаар тус намын гишүүд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Их хуралд З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав нар ирж оролцож байна. Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавих юм байна.
 

Эсэргүүцэлтэй Их хурал 

Хурлын өмнөхөн Соёлын төв өргөөний гадаа үүдэнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын гишүүд Их хуралд оролцох эрхээ эдэлж чадахгүй байна гэж үзэн, лоозон барин эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэдгээр гишүүдийн хэлж буйгаар Их хуралд оролцохоор намынхаа анхан шатны үүрээсээ сонгогдсон долоон гишүүний оронд өөр гишүүдийг Их хуралд оруулахаар болжээ. Энэ үйлдлийг тэд Ардчилсан намын “Шонхор” фракцынхан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга Ц.Сувдаа нарын намыг дотор нь хагалган бутгаргасан бужигнуулсан буруутай үйлдэлтэй холбоотой гэж хэллээ.

Сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг хэлэлцэнэ

Их хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэнэ. Харин энэ баталсан шинэ дүрмийнхээ дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг АН-аас өгч байсан. Тэгвэл сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг уг Их хурлаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Тодруулбал, албан бусаар хурлын сценарит өөрчлөлт орсон гэсэн үг. Ардчилсан намын дунд Их хурал эхлэхтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Г.Батхүү нар өнгөрсөн шөнөжингөө хор найруулсан гэх яриа гарч эхэллээ. Их хурлын 1210 төлөөлөгчийн 900-д нь тус бүрт 500 мянган төгрөг тараасан гэх сураг ч байна. Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр Г.Батхүү нар илэрхийлсэн.

Г.Батбаяр: С.Амармандахыг хохироосон хэрэгт С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа нарт эрүү үүсгэж шалгуулна

С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй албан бус зөвлөлдөх уулзалт хийж хэргийн талаар танилцуулсан юм. Мөн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчийн дипломат дархан эрхийг түтгэлжүүлж өгөөч, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг аман болон бичгээр уламжилсан юм. Үүний дараа С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяртайтай ярилцлаа. 
-ОХУ-ийн Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрхлэгчтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад ямар ямар хүмүүс оролцов?
-Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн эрхлэгч В.В.Горячив, ОХУ-ийн Элчин сайдын туслах В.Николеавич нар биднийг хүлээн авч уулзлаа. Манай талаас С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр  миний бие болон Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн, орчуулагч гэсэн хамтарсан таван хүний бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт хоёр цаг үргэлжилсэн. Энэ хугацаанд болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярьж, нотлох баримтын хамт үзүүллээ. Уулзалтын гол зорилго нь тухайн хэрэг хийсэн этгээдийг мөрдөн байцаах ажиллагаанд оролцуулж өгнө үү, дипломат дархан эрхийг түтгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийн аман болон бичгээр тависан юм. Мөн Олон улсын гэрээ концвецид заагдсан Консулын тухай хууль, Венийн олон улсын гэрээ хэлцэл, Дипломат албаны тухай хууль зэрэг хуульд нийцүүлээд дипломат эрхийг нь түтгэлзүүлээд өгөөч гэсэн хүсэлт гаргасан. ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс “Энэ хэрэгт өөрсдийн чадах чинээгээр оролцож, тусалж өгнө гэсэн. Та нар иргэний зориг гаргаж уулзах хүсэлт гаргасан болохоор бичгийг чинь хүлээж авлаа. Гэхдээ энэ уулзалт албан ёсны бус. Тиймээс та нар хууль дүрмээ мэдэж байгаагийн хувьд Гадаад харилцааны яамаар заавал дамжуулж байгаарай” гэсэн асуудал яригдлаа. Гэтэл энэ талаар Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагаас манайд хандаж, хаягласан ямар ч бичиг баримт ирүүлээгүй учраас өнөөдрийг хүрлээ. С.Амармандахын хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путин маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллаж байгаа.
-Хэргийн талаар манай улсын зүгээс ОХУ-ын Элчин сайдын яаманд ямар ч бичиг баримт ирээгүй гэж төлөөлөгчид ярьж байна гэж та сая  хэллээ.  Хэрэг гарснаас хойшхи энэ хугацаанд манай улсын зүгээс нэг ч хүсэлт, шаардлага тависан бичиг баримт хүргүүлээгүй гэсэн үг үү? 
-Энэ хэргийн талаар ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид хэлэхдээ ОХУ-ын хэвлэлүүд болон танай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс олж харсан. Гэтэл энэ талаар Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагаас манайд хандаж, хаягласан ямар ч бичиг баримт ирүүлээгүй учраас өнөөдрийг хүрлээ.Гэтэл та бүхэн ингэж шууд ирсэнд бид хүлээж аваад байна. Хоёр улсын найрамдалт харилцааг цаашид хэвээр хадгалах нь чухал. Мөн болсон хэрэг явдалд бид маш их хамрамсаж байна. Түүгээр ч зогсохгүй дуучин С.Амармандахын гэр бүлийхэн, түүнийг шүтэн бишрэгчдээс, монголын ард түмнээс уйчлалт хүсч байна. Мөн С.Амармандахын хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путин маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тийм байхад танай улсын зүгээс, эрх бүхий байгууллагын талаас ямар нэгэн байдлаар энэ хэргийн талаар бидэнд аман байдлаар болон бичгээр танилцуулаагүй гэдгийг уулзалтын үеэр төлөөлөгчид онцолж байна. Мөн хэрэгт холбогдоод байгаа хүний талаар ямар санал, хүсэлт гараагүй. Тийм болохоор бид аливаад хүлээцтэй хандаж байна гэсэн тайлбар өглөө. Энэ уулзалтыг албан ёсны болгохын тулд Гадаад харилцааны яамнаас албан тоот орж ирэхээр та нарын уг хүсэлтэд албан ёсны хариу өгнө. Бид өнөөдөр дипломат ажилтны дэг, журмыг зөрчин байж та нартай уулзаж байна гэсэн тайлбар өгч байна. 
-Олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч гэдэг үүднээс хэрэгт хандаж, хэргээс бултах, чимээгүй өнгөрөөх нь гэсэн ойлголт, хандлага ажиглагдаж байгаа. Энэ талаар дээр төлөөлөгчид нь ямар байр суурьтай  байх юм? 
-Бидний зүгээс танай хуулийн байгууллага, энэ хэрэгтэй холбоотой бусад байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэсэн. Бид өнө эртний ах, дүүгийн харилцаатай хоёр улс, тиймээс энэ тал дээр татгалзах зүйл байхгүй. Ил тод, нээлттэй байх талаас нь хамтарч ажиллана гэж байна. Харин хэрэгт холбогдоод байгаа этгээд үнэхээр буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдох юм бол хаацайлж, өмгөөлөх зүйл байхгүй. Гэхдээ хэрэгт буруутайг шүүх байгууллага тогтоодог учраас түүнээс өмнө нь тухайн хүнийг гэм буруутай мэтээр гутаан доромжлохгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн.   
-Өнгөрсөн 7 хоногт ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш та С.Амармандахтай уулзсан уу. Биеийн байдал нь ямархуу байна вэ? 
-Эрүүгийн хуулийн 181.3-т заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдоно оролцож байна. Энэ өөрөө 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг. С.Амармандахын биеийн байдал нэг үеэ бодол арай дээрдсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүний асаргаанд, сахиуртай хэвээр л байна. Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан, Эрүүгийн хуулийн 107 бусдын амь нас, эрүүл мэндийг аюултай байдалд байхад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргана.
 -Та өмгөөлөгчийн хувьд нэр бүхий хэд хэдэн хүнийг хэргийн талаар мэдсээр байж нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгаж өгөх хүсэлт гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 
-Тухайн хэргийн газар байсан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан, Эрүүгийн хуулийн 107 бусдын амь нас, эрүүл мэндийг аюултай байдалд байхад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргана.  Учир нь С.Амармандахыг зодуулсан байхад нь харанхуй өрөөнд оруулж нууж байгаад хүний хөл тасарсан үеэр гадаа гаргаж хаясан. Тиймээс ар гэрийхэн нь гомдолтой байгаа. Тиймээс дахин хэлье үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, С.Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд хариуцлага тооцох нь зөв гэж үзэж дээрхи дарга нарыг шалгуулах хүсэлт гаргалаа. Хэрэв энэ хүн үхчихсэн бол яах байсан юм бэ гэсэн асуудал урган гарч ирж байна. Тиймээс дээрх хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргасан. Хэрвээ эдгээр нэр бүхий хүмүүс байцаалт өгөхгүй бол хүчээр баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах боломжтой.  
-Нийслэлийн тус арга хэмжээг “Бид зохион байгуулаагүй. Төсөв байхгүй” гэсэн хариулт өгсөн байна лээ. Үүнд өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?   
-Өнөөдрийг хүртэл энэ хэргийн талаар яаж байна гэж нэг ч удаа яриагүй. Гэтэл туслах Ганбилэгээр дамжуулан хэдэн төгрөг өгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг авахуулж байгаа нь өөрөө нь хууль бус үйлдэл. Үүнд манай үйлчлүүлэгч болон тэдний ар гэрийхэн гомдолтой байна. Мөн “Бид зохион байгуулаагүй” гэж мэдэгдсэн хэрнээ яагаад мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд гэрчээр орж болохгүй байгаа юм бэ. Эсвэл сэжигтнээр яагаад ирж байцаалт өгөхгүй байна. 
-Нийслэлийн удирдлагуудыг мөрдөн байцаах ажиллагаанд оролцооч гэж дуудсан гэсэн үг үү? 
-Өнөөдөр хүртэл дуудаад мэдүүлэг өгөөч гэхэд зугатаад ирэхгүй байна шүү дээ. Хуралтай, завгүй гэсэн шалтаг тоочоод ирэхгүй байна. Сүүлдээ үйл ажиллагаа болсон “One event hall” гэсэн байгууллагын захирлыг хүртэл дуудахаар ирэхгүй, ор сураггүй алга болж олдохоо больчихсон. Тэр газрын харуул, зөөгч нарыг дуудаж байцаалт авч танай эзэн хэн гэдэг, ямар хүн байдаг юм бэ гэхээр хэн ч дугарахгүй байна. Үүнээс харахад энэ бүхний цаана эрх бүхий албан тушаалтан байгаа гэдэг нь илт мэдэгдэж байна.  
-Таныг өнөөдөр МАН-ын даргад  хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм вэ?
-МАН-ын дарга М.Энхболдод С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа эдгээр хүмүүсийн эрх мэдэл, албан тушаалыг түлгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргана. Ингэж байж энэ хэргийг шалгахгүй бол хэргийн мөрдөн байцаах үйл явц маш удааширч байна.
-Өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүйцлээ илэрхийлж жагссан залуусыг цагдаа нар болиулсан. Энэ тал дээр өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хэсэг залуус өнгөрсөн 7 хоногт “Хар Сарнай” хамтлагийн дуучин Сүхбаатарын Амардандахыг ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан зодож танхайрсан явдалд ОХУ-ын ЭСЯ-наас албан ёсоор уучлалт гуйхыг Монголын ард түмэн шаардаж байна” гэсэн бичиг барьж жагссан. Тухайн үед тэднийг цагдаа нар зогсоосон. Ард түмэн ингэж эсэргүйцлээ илэрхийлж байхад хэрэг болсон өдөр хэргийн газарт байсан албан тушаалтнууд өөрсдөөсөө энэ хэргийг холдуулж байгаа нь өмгөөлөгчийн хувьд сэжигтэй санагдаж байна. Залуус ингэж жагсах нь зөв. Гэхдээ ОХУ-ын ЭСЯ болон дипломат төлөөлөгчид нь халдашгүй дархан эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй төлөөлөгчид халдах, консулын байр руу хууль бусаар нэвтрэх зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, Консулын байрыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж үздэг. Тиймээс үүнийг бодолцож үзэх нь хэрэгтэй. 
-Мөрдөн байцаалтын үйл явц хэр явж байна вэ? 
-Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл явц удаашралтай байна. 

Т.Аюурсайхан:Оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ
 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг Засгийн газар бүрэн боловсруулаагүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр энэ үеэр "Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Мөн тусгай хуулийн төсөл боловсруулж байна. Зарим улс орнууд оффшор бүсэд хүүхдийнхээ нэр дээр данс нээсэн гэх удирдлагаа хүртэл шүүх өгчээ. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ. Нэгдүгээрт, "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амарч сувилуулж байхдаа данс нээлгэж болно гэсэн агуулгыг агуулж байна. Хоёрдугаарт, оффшор бүс гэдгийг нарийн тодорхойлолгүй, зөвхөн гадаад дахь данс хэмээн тусгасан нь сурах, сувилуулах нэрээр данс нээх бололцоог бүрдүүлж өгчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна" гэлээ.

Ингээд Т.Аюурсайхан гишүүн гадаад дахь данс гэдэгт ямар бүс орох эсэхийг нарийвчлан заагаагүй. Гэр бүлийн гишүүдийг оффшорт данстай байхыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүдийг мөн оффшор бүсэд данстай байх бололцоог олгосон гэх үндэслэлээр хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүнтэй адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба эл асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр шийдэх нь гэснээс таван хуудас орчим бие даасан хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх хэрэгтэй гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хилийн чанадад сурдаг оюутнууд ихэнхдээ сурахын зэрэгцээ цагийн ажил эрхлэдэг. Тэр дансыг оффшор данс гэж үзэх үү гэх мэт бодолцмоор, амьдрал дээр байдаг асуудлыг ялгаж салгаж хуулинд тусгах шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөл дээр судлаачдын үгийг сонсох хэрэгтэй гэлээ.

Энэ хуулийн төсөлд “албан үүргээ гүйцэтгэх үедээ” гэж оруулж иржээ. Амралт чөлөөт цагаараа байхдаа оффшор бүсэд очоод данс нээлгэх, аж ахуйн нэгж байгуулах боломжийг олгожээ. Мөн гадаад улсын нутаг дэвсгэрт гэж заасан нь хэт ерөнхий байдалтай, хуулийн хийдэл гаргах боломжийг нээж өгсөн байна. Цаашлаад энэ албан тушаалтнууд нь эмнэлэгт үзүүлэх, сургалтын зорилгоор албан үүргээ гүйцэтгэх үедээ оффшор данс нээх хууль эрхзүйн орчинг нээж өгчээ. Жишээлэхэд оффшорт мөнгөө байрлуулахдаа тухайн улсын нэг эмнэлэгт шинжилгээ өгөөд баримтыг нь аваад ирдэг. Ингэснээр “Эрүүл мэндийн шалтгаанаар шинжилгээ өгөөд, данс нээлгэлээ. Тэнд байршуулсан мөнгөө хагалгаа хийлгэх үедээ хэрэглэнэ” гэсэн хуулийн хамгаалалтад автоматаар орж байна. Оффшорт данс нуудаг зөрчил нь гэр бүлийн гишүүдээрээ дамждаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийг оруулъя гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж байна. Засгийн газарт Үндсэн хууль тайлбарлах эрх бий юу?
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: -Энэ хуулийг тойрч гарч байгаа маш олон саналын гол цөм нь “гадаад улсад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг тухайн төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүл, төрөл саданд нь хамаатуулж хэрэглэх үү” гэсэн асуудал. Хууль санаачлагач Засгийн газар энэ асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Ашиг сонирхлын зөрчлийн хуульд зааснаар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг гишүүдийн хөрөнгө орлого, дансан дахь мөнгийг ч мэдүүлдэг үүрэгтэй. Үүнтэй адилхан юм биш үү гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тэр бол үүрэг хүлээдэг заалт. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн төрийн албан хаагч ажлаас халагдах захиргааны шийтгэл хүлээх заалт одоо үйлчилж байгаа. Харин энэ хуулийг дагаж Үндсэн хууль зөрчигдөж байгаа гэдэг шүүхийн шийдвэр ч гарч эхэлсэн. Тиймээс энэ Үндсэн хуулийн заалт руу орж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Би Хуульзүйн дэд сайдтай санал нэг байна. Үндсэн хуулийн заалтыг бид биелүүлэх ёстой. Түүнээс өнөөдөр нэг хууль оруулж ирэнгүүтээ Үндсэн хуульд халдаж болохгүй. Гадаадад сурч байгаа хүүхдэдээ цайны мөнгө явуулна, эмнэлгээр явж байгаа хүмүүст дансанд мөнгө байршуул гэдэг. Энэ хүмүүсийг данс нээлгэж болохгүй гэж хэлэх үү. Бусдад халдааж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Энэ хуулиар гэм буруугүй асуудал яриагүй. Үр хүүхдийн асуудлыг л хуулинд тусгах гээд байгаа юм. Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй. Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж. Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Харин гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаах санал гаргасан юм. Түүний саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.

Бичлэг: Бичигтийн боомтоор олон тооны адуу гарч байна

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн талаарх бичлэг гарч эхэллээ. Энэхүү бичлэгийг сошиалын нэгэн хэрэглэгч фэйсбүүк хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Тус боомтоор гаргахаар 600 орчим адуу ачиж очсон байна. 

ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар өвлийн улиралд амьд адуу экспортод гаргахыг хориглосон захирамж  энэ мэтчилэн олон адуу тус боомтоор гарч байна. Албан бус эх сурвалжийн мэдээллэсэнээр олон тооны адуу олон хоног хоолгүй байсны улмаас өлдөж, үхэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх "Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна" хэмээн мэдэгдсэн юм.

Дэлхий дахинд: Трамп Бен Карсонг өөрийн багтаа орууллаа

Доналд Трамп ерөнхийлөгчийн албан үүрэгт ажлаа авахаас өмнө өөрийн засгийн газрыг бүрдүүлэх хүндхэн даалгавартай нүүр тулаад байгаа билээ. Тэрээр АНУ-ын ерөнхий нарийн бичиг, хот төлөвлөлтийн газрын даргаар Бен Карсонг нэр дэвшүүлж, Трампын багт багтсаныг албан ёсоор зарлажээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн мэдэгдэлдээ “Бен Карсон төрийн хэргийг удирдахад маш ухаалаг, хүчирхэг нэгэн” гэжээ.  

Хятад импортоо хязгаарласнаар алтны үнэ өсөхөд нөлөөлж байна

Энэ оны нэгдүгээр сараас хойш юанийн ам.доллартай харьцах ханш 5.8%-иар буурч сүүлийн найман жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрээд байна. Юанийг дэмжих зорилгоор валютын нөөцийг ашигласан бөгөөд үүний үр дүнд өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тус улсын валютын нөөц 3,12 их наяд ам.доллар болж багасчээ. Юанийн сулралыг зогсоохын тулд Хятадын эрх баригчид гадагш чиглэх хөрөнгийн урсгалыг бууруулахад анхаарах болов. 

Юуны түрүүнд улсын компаниудын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтыг хязгаарласан байна. Тэгэхдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гадаадын компаниудыг худалдаж авахаас сэргийлжээ.
Хятадын Худалдааны яамны статистик мэдээллээр 2015 онд тус улсын компаниудын санхүүгийн бус салбар дахь шууд хөрөнгө оруулалт 121 тэрбум ам.долларт хүрч “дээд амжилт” тогтоосон байна. Тэгвэл энэ оны эхний 10 сарын байдлаар шууд хөрөнгө оруулалт нь 146 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Зөвхөн аравдугаар сард л гэхэд Хятадын зэс боловсруулах “Xinke New Materials” компани нь Холливудын “Voltage pictures” кино студийг эзэмшигч “Midnight Investments” компанийн 80%-ийг худалдаж авч байгаагаа мэдэгдсэн билээ. Энэхүү хэлэлцээр нь 345-518 сая ам.доллараар үнэлэгдэж буй. Хятадын компаниуд гадаадын зочид буудал, хөл бөмбөгийн баг, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад маш их хөрөнгө зарцуулж байгааг тус улсын шинжээчид онцолж байгаа юм. 

Тиймээс гадагшаа чиглэх хөрөнгийн урсгалыг бууруулж, юанийн ханшийн сулралыг зогсоох зорилгоор Хятадын эрх баригчид алтны импортыг хязгаарлаад буй. Банкуудын үнэт метал худалдан авах валютын квотыг бууруулж, алт импортлох тусгай зөвшөөрлийг хязгаарлахад хүрчээ. Энэ нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд банкуудыг гаднаас алт худалдан авахдаа оффшор бүсэд эзэмших юанийг ашиглахыг Хятадын эрх баригчид зөвшөөрсөн байна.

Алт худалдан авч, борлуулах эрхтэй Хятадын 15, гадны HSBC, Standart Chartered, ANZ  зэрэг нийт 18 банк байдаг. Энэ оны 1-9 дүгээр сард Хятад улс ойролцоогоор 905 тонн алт импортолжээ. Алтны томоохон хэрэглэгч тус улсын энэ шийдвэр дэлхийн зах зээл дэх алтны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.
Арванхоёрдугаар сарын эхний 5 хоногийн байдлаар дэлхийн зах зээл дэх нэг унц алтны үнэ 1173,40 ам.доллараас өсч 1179,20 ам.доллар болсон байна.   
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5