Энэ сарын 29-нд буюу пүрэв гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдрийг уламжлал ёсоор бүх нийтээр амарна. Гэтэл маргааш нь баасан гарагт ажиллаад амралтын өдрүүд үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн баяр болж нэгдүгээр сарын 01 хүртэл амралтын өдрүүд байгаа юм. Тиймээс энэ сарын 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдрийг мөн амралтын өдөр болгож 1-ний амралтыг шилжүүлбэл ямар вэ гэсэн асуулт олон нийтийн цахим сүлжээнд өндрөө авч байна.
Учир нь Засгийн газрын хэвлэлийн албанаас 30-нд бүх нийтээр амралтын өдөр болгох талаар олон нийтийн дунд тандалт судалгаа явуулж байгаа бололтой.
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд болно. Бүх нийтээр амардаг нэгдүгээр сарын 1-ний өдөр энэ жил ням гарагт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдрийг мөн амралтын өдөр болгож 1-ний амралтыг шилжүүлбэл ямар вэ” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Үүнээс үзэхээд энэ жилийн шинэ жилээр 4 өдөр амарч магадгүй юм байна.