2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах болсон талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээллээ.
БСШУС-ын сайд арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильева болон Россотрудничество агентлагийн дэд дарга Г.Д.Юрьевич нартай уулзалт хийж, дээрх тохиролцоонд хүрсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын ерөнхий боловсролын аттестат хүлээн авдаг сургууль /ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос Монголын хамтарсан 3-р сургууль/ төгсөгчид ОХУ-ын ерөнхий боловсролын шалгалтыг Орост очиж өгдөг байсан бол хэлэлцээрийн үр дүнд төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг Монгол Улсын Багшийн их сургууль дээр түшиглэн байгуулахаар болсон байна. Эдгээр сургууль төгсөгчдийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын Их, дээд сургуульд үнэгүй суралцуулахаар болсон талаар Россотрудничество агентлагтай тохирчээ. Энэ жил дээрх сургуулиудыг төгсөх 130 гаруй монгол сурагч ОХУ-ын ерөнхий шалгалтад орно гэсэн урьдчилсан тоо гарсан байна.
Мөн ОХУ-ын соёл, урлагийн их, дээд сургуулиудад элсэн суралцах монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг ОХУ-д очиж өгдөгийг 2017 оноос Монгол Улсын газар нутагт зохион байгуулахаар болжээ.
Тус айлчлалын хүрээнд МУБИС-д Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр байгуулахаар болсон байна. 2017-2018 оны хичээлийн жилд орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлэх бөгөөд ингэснээр дараагийн жилүүдэд ОХУ-д суралцах залуусыг нэг жилийн бэлтгэл курст суралцуулаад, ОХУ-ын тэтгэлэгт хамруулах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн тус улсад ЕБС-ийн орос хэлний багш нарыг зуны сургалтанд хамруулахаар тохиролцжээ.