8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мэдлэгээ түгээцгээе” үндэсний семинарын үеэр Шадар сайдын өгсөн үүрэг даалгавар

2016-12-07 15:33:17

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өчигдөр /2016.12.06/ Төрийн ордонд боллоо. Уг семинарын үеэр Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийг хүргэе.

Өнөөдөр та бүхэн гамшгаас, тэр дундаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах талаарх ойлголтоо баталгаажуулж авсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Гамшгийн бэлэн байдлаа байнга дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай  даван туулах чадавхитай байх нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага удирдаж байгаа та бүгдээс шууд хамааралтай байдаг.

“Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд байгууллага бүрийн идэвхи оролцоо, хариуцлагатай хандлага чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газрааас хүүхэд залуучууд, ард иргэдийн аюулгүй амьдрах, сурч хүмүүжих орчин бүрдүүлэхэд та бүгдийн үйл ажиллагааг бүхий талаараа дэмжиж ажиллах болно.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын  болон Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын хувьд Та бүхэнд дараах үүрэг даалгавар өгч байна.

  1. Онцгой байдлын ерөнхий газраас танилцуулсан газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын дагуу байгууллага бүр эрсдэлийн үнэлгээгээ 2017 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах.
  1. Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилан байгууллага бүрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг 2017 оны хоёрдугаар хагас жилд багтаан боловсруулж, хэрэгжүүлэх.
  1. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадал, сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, байгууллагын гишүүн бүрийг хамруулан хэрэгжүүлэх.
  1. Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах, бусдад тусламж үзүүлэх сургалтыг байгууллага дээрээ тогтмол зохион байгуулж хэвших.
  1. Байгууллага бүр газар хөдлөлтийн болон бусад гамшгийн үед ашиглах зориулалтын цугларах цэг, аюулгүй орц гарцыг тодорхойлж, байгууллагын гишүүн бүрт мэдээлсэн байх
  1. Байгууллагын орчмын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудыг судалж, мэдээллийн сан бий болгож, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах. Үүнд газар хөдлөлт болсон үед аль байгууллагаас, хэрхэн дэмжлэг авах, аврах ажиллагааг хамтран зохион байгуулах асуудлыг уялдуулах зэрэг ажлуудыг урьдчилан төлөвлөх.
  1. Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед ард иргэд, сургууль цэцэрлэгийн сурагчдыг нүүлгэн шилжүүлэх зорилгоор аймаг, нийслэл, сум дүүргүүдэд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжуудыг түр хоргодох байр болгон ашиглах нөхцөлийг 2017 онд багтаан бүрдүүлэх.
  1. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга бүр цэцэрлэг, сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалт арга зүйн төв байгуулах төсөв хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх.

Дээр өгөгдсөн үүргийн биелэлт, хэрэгжилтэнд Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн газрын  удирдлагууд  Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлд улирал бүр ирүүлж байхыг үүрэг болгож байна.

Үүрэг даалгаврын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэн, хяналт тавьж ажиллахыг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн нийт гишүүдэд үүрэг болгож байна.

Монгол хүний аюулгүй амьдрах насан туршийн боловсрол олгох, гамшигтай тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах өнөөдрийн семинарт оролцсон, зохион байгуулсан  бүх хүмүүст баярлалаа.

Ажил үйлсэнд нь амжилт хүсье.

Эх орон амгалан байх болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл