Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна.
Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилуулж, хоёр орны харилцааны хүрээнд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, бусад салбарт хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний идэвх санаачилгатай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа дурдсан юм. Мөн тэрбээр, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшиж буй Б.Дэлгэрмаа нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна хэмээсэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. Дээрх асуудлыг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдээс санал гараагүй бөгөөд гишүүдийн олонх Элчин сайдыг томилох, эгүүлэн татахаар ирүүлсэн саналыг дэмжсэн гэлээ. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батбаяр нар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж буй шалтгааныг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д тавдугаар сард айлчлан Ялалтын баярт оролцох үеэрээ ОХУ-д сууж буй Элчин сайд Ш.Алтангэрэлтэй уулзахад нутаг буцья гэсэн саналаа хэлсэн юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Элчин сайдыг буцаан дуудахаар Засгийн газраас шийдвэрлэсэн гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Талын зам төслийг хэрэгжүүлэх асуудлаар хэрхэн ажиллах талаар нэр дэвшигчээс лавласан. Нэр дэвшигч Б.Дэлгэрмаа, Талын зам төслийг хэрэгжүүлэх асуудлаар Монголын төрийн бодлогын хүрээнд гарсан чиглэлийн дагуу ОХУ-ын талтай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, хоёр орны хилийн усны хэлэлцээр, тэр талаарх хоёр талын зөрүүтэй байр суурь, түүнээс гарах үр дагаврын талаар, хил дамнасан тусгай хамгаалалттай газрын талаар анхаарч ажиллаарай гэж нэр дэвшигчид захиж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтэрч буй иргэд хонон өнжин дугаарлаж байгаа асуудлыг анхаарч ажиллахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, процедурын бус замаар Элчин сайдыг эгүүлэн татаж байна гэсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гишүүд нэр дэвшигчийг Элчин сайдаар томилохыг дэмжиж буйгаа мөн хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн шийдэгдэхгүй удаж буй маргаануудыг шийдэхэд анхаарч ажиллахыг хүссэн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Оюунхорол нар олон жилийн туршлагатай, чадвартай боловсон хүчин Элчин сайдаар томилогдох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд амжилт хүслээ. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.