8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: А.Сүхбат монгол бөхийн хээл хахуулийг зарлаж, Н.Айшолпаны тоглосон кино “оскар”-ын эхний шалгаруулалтад тэнцсэн өдөр

2016-12-07 18:55:00

Эрхэм уншигч таны энэ өдрийн амрыг эрье. “Худалдаж авч болдоггүй ганцхан зүйл байдаг. Тэр нь эрүүл мэнд” гэнэ. Тиймээс та бүхэн дулаан хувцаслаж, эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулна уу. Яагаад гэвэл ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө танд сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Учир нь кино урлагийн дээд шагнал болох “Оскар”-ын баримтат киноны төрөлд өрсөлдөж байгаа бүргэдчин охин Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино  эхний шалгаруулалтандаа тэнцсэн байна.

Нэгдүгээр сарын 1-ны амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх үү

Нэгдүгээр сарын 1-ны өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай. Тэгвэл энэ жил тус өдөр бямба гаригт буюу амралтын өдөр тохиож байгаа юм. Тиймээс нэгдүгээр сарын 1-ний өдрийн амралтын өдрийг арванхоёрдугаар сарын 30-ны ажлын өдөр болгох уу гэх асуулт олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Энэ талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Түүний цахим хуудаст “Бүх нийтээр амардаг 1 -р сарын 1-ний өдөр энэ жил ням гаригт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдөрт 1-ний хууль ёсны амралтыг шилжүүлж, 29, 30-нд болон 31, 1-ний бямба, нямд, нийтдээ дөрвөн өдөр амарвал ямар вэ. Дэмжвэл лайк шейр, эс дэмжвэл коммент үлдээнэ үү. Ирэх долоо хоногоос асуудал ярих санал гарвал л.... гэж тандалт хийж байгаа юм шүү.  Яг 30-ны өдөр ажиллах идэвхи, ажиллаад бүтээх бүтээмж, хийдүүлэлтийн аль нь илүү байхыг сайн мэдэхгүй ээ. Харин амралтын өдөрт эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний, хүнс, хоолны худалдаа борлуулалт болон үйлчилгээний орлого ажлын өдрийнхөөс 2 дахин нэмэгддэг л гэсэн” гэжээ.

Хэрэв энэ асуудлыг олон нийтийн сүлжээгээр дэмжвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, амралтын өдрийг шилжүүлэх боломжтой аж. Өмнө нь арваннэгдүгээр сарын 26-ны бүх нийтийн амралтын өдрийг баасан гаригт шилжүүлж байсан юм. Мөн энэ сарын 29-ны өдөр бүх нийтээр амрах билээ. 

А.СҮХБАТ: Р.Нямдорж 26 жил Монгол бөхийг самарлаа

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болохоор товлогдоод байсан. “Их эе”-ийг хуралдуулах  ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат  хэлэхдээ  “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед  шударга ариун байх ёстой  Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.  Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэж хэллээ.

С.Амармандахын шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Дуучин С.Амармандахын шүүх эмнэлгийн дүгнэлт болон хэргийн мөрдөн байцаалтын үйл явцын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Дуучин С.Амармандахын хэргийн мөрдөн байцаалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад 43 настай А гэгч бусдад зодуулж хүнд гэмтэл авсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу энэ хэрэгт өнөөдрийн байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Энэ хэрэг дээр Монгол Улсын тусгай ангийн 181.3-д заасны дагуу Эрүү үүсгэж шалгаж байна. Уг хэрэг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналтанд шалгагдаж байгаа. 

Хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэсэн. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан гэдэг шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.

-Хохирогч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагууд болох С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа нарын гурван хүнд хэргийн газар байсан хэрнээ хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэж шалгуулах хүсэлт гаргасан. Энэ талаар албан ёсны хүсэлт ирсэн үү?

-Өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагууд болох нэр бүхий хүмүүст гомдолтой байгаагаа илэрхийлэн эрүү үүсгэж цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлттэй байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлсэн зарласан. Гэхдээ өнөөдөр /өчигдөр/ 15:40 минутын байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өмгөөлөгчөөс албан ёсоор ямар нэгэн бичиг, хүсэлт ирээгүй байна.  

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу? 

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.  

Гэхдээ өнөөдөр /өчигдөр/ 15:40 минутын байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өмгөөлөгчөөс албан ёсоор ямар нэгэн бичиг, хүсэлт ирээгүй байна.  

 -Хэрэг гарснаас байцаагч нь солигдсон гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?

-Эхнийх нь жижүүрийн байцаагч байсан. Гэтэл хэрэгт эрүү үүсгэсэн болохоор одоо мөрдөж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад н.Ариунболд томилогдож шалгаж байна. Нэг хэргийг заавал нэг мөрдөгч шалгана гэсэн зүйл байхгүй. Тухайн хэргийн нөхцөл байдал, зүйл заалтаас нь хамаарч байцаагч нь солигдох зүйл байдаг. 

-Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсээс дуучин С.Амармандахын хэргийн талаар мэдээлэл өнөөдөр /өчигдөр/ хийнэ гэж байснаа тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 

-Нийслэлийн дотоод асуудлыг бид мэдэхгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусны дараа прокурор хэргийн талаар ярих зөвшөөрөл өгдөг. Ингэсний дараа хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

АН-ын Их хурал: Хэн, юу хэлэв

Ардчилсан намын Их хурал  өчигдөр морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэлсэн. Их хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэж байгаа бол, энэ баталсан шинэ дүрмийнхээ дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг АН-аас өгч байсан. Тэгвэл сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг уг Их хурлаар хэлэлцэнэ гэх мэдээлэл ч байна.АН-ын Их хуралд намын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал нар болон бусад гишүүд оролцсон. Ингээд АН-ын Их хурлын үеэр гишүүд нь хэрхэн байр сууриа хүргэе. 

 "МАН мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллаж байна. Давхар дээлээ тайл гээд талбай дээр жагсаал хийж байсан хүн өөрөө давхар дээл өмчихсөн байж байна. Түүнчлэн ах дүүс, хамаатан садангууд төрийн албаар дүүрлээ.
Мөн өр ширийн асуудалд маш худал мэдээлэл тарааж байна. Гэтэл Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх ор үндэсгүй гэтгэлэг тарааж байна. Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш өдөрт 100 төгрөгөөр нэмэгдэж байна. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан сайн гэх хөтөлбөр болгоныг зогсоосон. АН ухаалаг, алсыг харсан, эв нэгдлээ хангасан шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэж байна. Юуны өмнө дүрэмдээ өөрчлөлт хийж, Ардчилсан намын шат шатны удирдлагыг тухай шатны нийт гишүүдийн саналаар сонгох нь намын шинэтгэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхам байх болно. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын  шинэтгэлийн хувь заяа хамаарна. З.Энхболд: Бид улс төрийн тавцанд гол тоглогч байсаар байгаа шүү. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

“Буян”-гийн Жагаа АН-ын Их хуралд суусан нь

АН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанаар намын дүрмээ шинэчилнэ гэж буй ч үндсэн зорилгоо биелүүлж чадаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр дүрмээ нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэхээр болсон. Мөн намын даргын төлөөх тэмцэл өрнөж буй гэх. Бүр намын даргад өрсөлдөх нэгэн мөнгө тараасан тухай яриа ч чих дэлсч байгаа юм. Тэгвэл АН-ын 1000 гаруй гишүүнтэй Их хуралд нэгэн сонин содон хүн очжээ.Тодруулбал, Бүгд найрамдах намын дарга “Буян” компанийн захирал УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан тус хуралд очсон гэх мэдээлэл байна. Энэ талаар цахим орчинд  “Хүний намын хуралд ирээд суудал ч олдохгүй байхад горзойтол зогсоод байх юм. Ингэж ч доошоо орж явахгүй хүн дээ”, “Тоон дотор үсэг цохиж явна” хэмээн жиргэсэн байна.

Ардчилсан намын VI Их хурал эхлээд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Албан ёсоор хуралдсанаасаа хойш 10-аад жил завсарласан энэхүү хурал гишүүд, дэмжигчдийнхээ анхаарлын төвд эхлэв. 

Ж.Батзандан: АН шинэчлэгдсэнээр Монголын ардчилал шинэчлэгдэнэ

Энэ удаагийн хурлаар,

Намын даргын улс төрийн илтгэл, 

Намын шинэтгэлийн хөтөлбөр,

Намын үндсэн дүрэм болон журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 

Ардчилсан Намын бүх шатны хурлын байгууллагын даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, 

Хяналтын ерөнхий хороо байгуулах, 

Дотоод сонгуулийн хороо байгуулах гэсэн зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. 

Хурлын үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Намын эв нэгдлийг хангах дүрмийн өөрчлөлтийг бий болгохоор ажиллаж байна. Энэ удаагийн өөрчлөлт маш том өөрчлөлт байх болно. Цаашид намын дүрмийн өөрчлөлтийн хүрээнд бид намаа шилэн нам болгох, АН төрийн болон дотоод сунгаагаа шударга явуулдаг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Бүх шатны намын дарга нарыг гишүүд дэмжигчдээсээ сонгодог тогтолцоо руу орох томоохон өөрчлөлтийн саналууд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Өөрөөр хэлбэл, намын даргыг нийт гишүүдээсээ сонгодог болох, шат шатны хурлууд намын бодлогын асуудлыг шийдвэрлэдэг болох зэрэг өөрчлөлтийг хийхээр санал гаргаж байгаа. Монголын ардчилал болоод АН хоёр нэг шугам дээр давхцах ёстой гэж боддог. Сүүлийн жилүүдэд АН маань ардчилсан зарчмаасаа буюу үнэт зүйлээсээ хазайх тохиолдол цөөнгүй байлаа. Одоо харин АН-ыг өөрийнх нь үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр эргүүлэн авч ирэх нь намын дүрмийн шинэчлэлийн энэ хурлын зорилго зорилт байх болно" гэлээ.

Н.Айшолпан охины тоглосон кино “оскар”-ын эхний шалгаруулалтад тэнцлээ

Кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадам ирэх хоёрдугаар сарын 26-нд болно. Одоогоор тус наадамд өрсөлдөх кинонуудыг шалгаруулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал өчигдөр “Оскар”-ын шагналын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт боллоо. Энэ төрөлд Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино тэнцжээ.

Баримтат кино төрлийн шалгаруулалтад нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг шигшиж оруулахаар болсон байна. Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24¬-нд зарлах юм байна. Ингэснээр хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд оролцох эрхтэй болох юм.

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлсэн нь дэлхийн сая сая хүнд хүрсэн юм. Энэ нь Холлвуудын найруулагчийн анхааралд өртсөнөөр “Бүргэдийн анчин” кино бүтээгдсэн билээ.

Таван хүүхдийн амийг галаас аварчээ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хүүхдийн амь аварсан байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт тус цагдаагийн хэлтэст “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Golden-park” хотхоны 105 дугаар байранд гал гарч байна” гэсэн мэдээлэл иржээ.

Уг дуудлагын дагуу уг хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Б.Ундармаа дэд ахлагч М.Билэгсайхан нар шуурхай очиж байдлыг шалгал хийж тус байрны 50 гаруй оршин суугчдыг аюулгүй газар гаргажээ. 

Түүнчлэн  тус байрны найм, ес, 10, 11 дүгээр давхраас бага насны таван хүүхдийг зөөж гарган, угаартахаас сэргийлэн амь насыг нь аварч аав, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.

Дэлхий дахинд: Тайваний ерөнхийлөгчийг АНУ-д нэвтрүүлэхгүй

Дональд Трамп тогтсон дипломат жишгийг эвдэж Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар ярьсны дараа Бээжингийн эрх баригчид Тайваний ерөнхийлөгчийг АНУ-д нэвтрүүлэхгүй байхыг Вашингтонд шаарджээ.Өнгөрсөн нэгдүгээр сард Тайваний анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Цай Ин Вэн ирэх сард АНУ-аар дамжин төв Америкийн Никарагуа, Гватемал, Сальвадор улсуудад айлчлах гэж байгаа юм.

Энэ үеэрээ тэр Нью-Йорк хотод саатаж Дональд Трамптай уулзаж магадгүй хэмээн Бээжин сэжиглэж байна. Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Хятад улс АНУ-д түүнийг дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүй, Тайваний асуудлаар ямар нэг буруу алхам хийлгүүлэхгүй байхыг шаардаж байгаа” гэжээ.

Харин энэ шаардлагын тухай тодруулгад АНУ-ын төрийн департмент хариулахдаа “Тайваний ерөнхийлөгч АНУ-аар дамжин өнгөрөх нь урьд өмнө байсан практик, албан бус харилцаанд байх үзэгдэл“ гэсэн байна.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болох ба Цай Ин Вэн түүнээс өмнө Америкт тивд айлчлахаар төлөвлөжээ.

chuhal.mn

Эх сурвалж: The Guardian

Индонезд гамшигт үзэгдэл болж 52 хүн амиа алдлаа

Индонезд лхагва гарагийн өглөө хүчтэй газар хөдлөлт болж, 52 хүн амиа алдсан талаар Индонезийн Гамшигийн менежментийн агентлагаас мэдээллээ. Индонезийн Пидьи Жаяа дүүргийн орчимд 6,5 магнитудын газар хөдлөлт болж, ойр орчмын дэлгүүр, байшин тэр чигтээ нуржээ.

2004 онд Асэ мужид болсон газар хөдлөлтийн улмаас цунами үүсч 80,000 хүн амиа алдаж байсан. Харин улсын удирдлагуудын хэлж буйгаар энэ удаагийн газар хөдлөлт цунами үүсгэхгүй хэмээн мэдээлжээ. 
Газар хөдлөлтөд хамгийн хүчтэй өртсөн Пидьи Жаяа дүүргийн орлогч дарга Саид Мулядигийн хэлснээр амь үрэгсдийн тоо өсөх хандлагатай байгаа гэнэ. Түүний AFP мэдээний агентлагт мэдэгдснээр нас барсан иргэдийн дунд хүүхдүүд байсан ба тус дүүргийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа юм байна.

Нурангин доороос хүмүүсийг гаргаж авахад хүнд машин технологи ашиглаж байгаа ч дахиад өөр машинууд хэрэгтэй байна гэж тус дүүргийн дарга Айюб Аббас Associated Press агентлагт ярьсан байна.

chuhal.mn

Эх сурвалж:BBC 

Байгалийн онцгой үзэгдэл болж тэнгэрт солир дэлбэрчээ

Өчигдөр буюу Мягмар гарагийн үдэш баруун өмнөд Сибирь, Хакасын БНУ-д байгалийн сонирхолтой үзэгдэл болсон байна. Тэнгэрт солир дэлбэрч, шөнийн тэнгэрийг өдөр мэт гэрэлтүүлсэн нь Хакасын Саяногорск хотоос хамгийн тод харагджээ.

Гэрчүүдийн өгүүлж байгаагаар солир 3-4 секундын хугацаанд тэнгэрт үзэгдсэний дараа хагас минут орчим болоод хүчтэй дэлбэрэх чимээ гарсан байна. Үүний нөлөөгөөр их гэрэл гарч, автомашинуудын дохиолол дуугарсан тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Дэлбэрэлт өндөрт болсон тул ямар нэг хохирол учруулаагүй байна. Дэлбэрэлтээс ямар нэг хэлтэрхий газарт унасан эсэхийг судлахаар Бабикийн хөндий рүү судлаачид гарчээ. Оросын Сансар Судлалын Хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаарэнэ солир нь 10-15 метрээс хэтрэхгүй диаметртай, төмөрлөг биш чулуурхаг бүтэцтэй байх магадлалтай гэсэн байна.

Ийм төрлийн солир нь ихэнхдээ аюул багатай, агаар мандалд шатаж дуусдаг гэнэ.

"Монголын нэг өдөр" тоймоо хүлээн авсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Өнөөдрөөс илүү сайхан маргааш биднийг угтах болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл