8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Цогцэцэг: Шинээр эмнэлэг барих боломжгүй болсон

2016-12-08 08:35:00

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хамгийн эхэнд ямар ажлыг хийх шаардлагатай та гэж харж байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт ямар ажил хийвэл бид иргэддээ хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, шинэчлэлийг явуулж чадах вэ гэдэг нь их чухал асуудал юм. Энэ хүрээнд найман чиглэлд тулгуурлан ажиллана. Өнөөдөр эрүүл мэндийн салбар санхүүжилтынхээ 60 орчим хувийг улсын төсвөөс авч байгаа. Мөн даатгалаас 30 орчим хувь, эмнэлгийн үйл ажиллагаанаас буюу өөрсдөө олох орлого 10 орчим хувьтай байна. Санхүүжилтын тогтолцоо нь иргэндээ бодитоор хүрч чадаж байна уу гэдэг нь өөрөө том асуудал болоод байгаа. Өнөөдрийн хувьд манай салбарын тогтолцоо доошоо харсан гурвалжин шиг л байна. Энэ гурвалжинг дээш нь харуулж зөв болгохын тулд санхүүгийнхээ тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Тиймээс иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлыг хөндөхөөс өөр аргагүй.

- Эрүүл мэндийн даатгалын мөнгө эрүүл мэндийн салбарт бус арилжааны банкинд хадгалагдаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар та яриад байна уу?

- Нэг иргэнд ногдох эрүүл мэндийн даатгалын мөнгийг эмнэлэг дээр нь бус аль нэг арилжааны банкинд хүүтэй хадгалагдаад явж байгаа нь чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэхэд саад болж байна. Үүнийг бид өөрчлөх тал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байгаа. Даатгуулагчдын эрх ашиг яаж хөндөгдөөд байгаатай газар дээр нь очиж танилцсан. Эрүүл мэндийн даатгал иргэндээ хүрч байна уу, үгүй юу хүртээмж нь ямар байдаг юм гэх мэт. Иргэдийн зүгээс “Би насаараа эрүүл мэндийн даатгалд мөнгө төлсөн юм чинь чанартай тусламж үйлчилгээ авах ёстой” гэдэг. Гэтэл бидний санхүүжилт тусламж үйлчилгээ үзүүлдэг мөнгө эмнэлгийн байгууллагадаа хадгалагдахгүй байна. Үүнийг бид өөрчлөх ёстой.

- Яаж өөрчлөх ёстой юм бэ?

- Даатгалын мөнгө арилжааны банкинд хадгалагдаж байгаа. Тэр мөнгөний хүү эрүүл мэндийн салбартаа ирээгүй юм чинь хаа нэгтээ зарцуулагдаж байгаа даа. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаад дүн нь гарах байх.

- Танай намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй олгоно гэж тусгасан байгаа. Энэ амлалтаа хэрэгжүүлэхийн тулд яаж ажиллаж байгаа вэ?

- Эрүүл мэндийн технологи санхүүгийн өндөр эрсдлийг шаардаж байдаг. Үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр маш сайн анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, гемодиализийн эмчилгээг үнэ төлбөргүй болгочихлоо. Цусны хорт хавдартай иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон. Мөн С вирусын эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувь хөнгөлсөн. Цаашид ч энэ асуудлаар үе шаттайгаар ажиллана.

- Ирэх оны төсвийг баталсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын төсөв яаж батлагдсан бэ?

- Манай эрүүл мэндийн салбарт нийт 645 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Хөрөнгө оруулалт багассан. Мөн эдийн засгийн хямралтай холбоотойгоор шинээр эмнэлэг барих боломжгүй болсон. Тэгэхээр бид энэ дутуу зардлаа нөхөхийн тулд олон улсын байгууллагууд руу хандсан. Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод хоёр том жишиг эмнэлэг барихаар болсон. СХД-т шинэ эмнэлэг барих тендер явагдаж байгаа. Дараагийн ээлжинд Чингэлтэй дүүрэгт эмнэлэг баригдана. Дөрвөн өрхийн эмнэлэг болон зургаан суманд эмнэлэг баригдана. Мөн Ховд аймагт бүсийн оношилгоо эмчилгээний төв баригдана. Энэ бүхэн бүгд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэнэ. Эрүүл мэндийн нийт барилга байгууламжуудын насжилт 75-80 хувьтай байгаа. 1960 оны үед барьсан байгууламжууд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулаад л байж байна.

- Одоо эд ханиад томууны үе эхэлж эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Энэ жилийн хувьд хүндрэлийг хэрхэн даван туулах вэ?

 - Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил ханиад томууны тархалт 5 хувь бага байна. Гэхдээ бид аажуурч болохгүй юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Вакцинжуулалтаа хийгээд дууссан. НҮБ-ын Хүн амын сангаас 35 мянган тун вакцин авчирч хийсэн. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санамжуудыг гаргасан. Засгийн газрын хуралдаанаар 0-1 насны хүүхэдтэй ээжид нь эрүүл мэндийн даатгалын сангаас тэтгэмж олгодог болох шийдвэрийг гаргасан. Тэгэхээр ээж гэртээ хүүхдээ хараад суухдаа тэтгэмж авдаг болж байна. Ханиад томууны оргил үе ирээгүй байна. Оргил үед урьдчилан сэргийлэх тал дээрээ илүү анхаарч ажиллан 0-5 насны хүүхдийн эмийг үнэ төлбөргүй олгох шийдвэрийг гаргасан. Эмийн эхний татан авалтаа хийх гэж байна. Эмүүдийг хүүхдүүдэд өгвөл өвчин нь хүндрэхгүй ирнэ.

-Эрүүл мэндийн салбарыг олон улсын жишгээр ажиллуулахад яг хэдэн төгрөг шаардлагатай юм бэ?

- Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын төсөв ДНБ-ийн 2.3 хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ДНБ-ийн 5 хувийг эзлэхийг зөвлөдөг. Тэгэхээр энэ хэмжээний төсөв хэрэгтэй гэсэн үг.

 Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ авгайг эмч хийгээд явж байсаныг хараачгүй юм байна насаараа л хотод амьдарсан энэ хулихны эмч нэр зүүсэн маны энхболдийн худ гэсэн ичиж амьдар бор зүрхээрээ төрд ороогүй нь ойлгомжтой
2016/12/08 103.10.22.54
Zochin chamaig meddeg
Bat-undrala turuunii emch saiduydiig bodwol olon asuudal shuudeed bnshdee.Uheheer tsaanaasaa mungugyi bhad yaaltai bile.Zalyy hun soeotoi baildaa.Chi ugni mundagshuu,
2016/12/08 122.201.22.228
Зочин
Энэ хүн дандаа л боломжгүй бүтэхгүй хөөцөлдөөд бүтэмж муутай байна гэх юм яацан сайд вэ?
2016/12/08 77.218.248.203
Dorjsuren Bar-Undrah
Chadvargui avgaig zailuulaachee. Huviin emneleg, emiin san, biznesee l bodohoos ene bid 2iin salbar saijruulna gej yu baisiin.
2016/12/08 139.5.217.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment