8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нарантунгалаг: Осгосон тохиолдолд зүрх зогсож үхэх аюултай

2016-12-08 09:25:00

Өвлийн дунд сар гарч хүйтний эрч улам л чангарч байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын сүүлийн арав хоногоос нийт нутгаар хүйтний эрч улам чангарна гэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг малчид, ард иргэдэд мэдээлсээр байгаа билээ. Тэгвэл бид энэхүү сурвалжлагыг иргэн танд сэрэмжлүүлэг болоосой гэдэг үүднээс бэлтгэсэн юм. 

Монголдоо ганц байдаг ГССҮТ-ийг зорилоо. Учир нь өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн  хөлдсөн, осгосон иргэд тус төвд нэлээн ачаалал үүсгэдэг аж. Бидний очиход өдрийн 12:50 минут болж байв. Угтагч сувилагч “Жил бүрийн энэ үед хөлдөж, осгосон хүн нэлээд ирдэг. Арваннэгдүгээр сарын сүүлчээр огцом хүйтэрсний улмаас манай ачаалал нэмэгдсэн. Зарим хоёр, гурван удаа ирдэг. Удахгүй шинэ жил болно, мөн  баяр ёслолын үеэр осгож, хөлдсөн байдалтай ирэх хүний тоо харьцангуй нэмэгддэг” гэсээр биднийг Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг руу хүргэсэн юм.

Ц.Нарантунгалаг: Хөлдөлтийг нөхөн сэргээнэ гэж байдаггүй

Тус тасгийн Эрчимт эмчилгээний эмч Ц.Нарантунгалагтай цөөн хором ярилцлаа.

-Хүмүүс хэддүгээр зэргийн хөлдөлттэй ирж байна вэ?

-Одоогоор манай тасагт гүн хөлдөлттэй иргэд нэлээд хэвтэж, эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүс голдуу согтуу, ухаангүй болтлоо архи уусан үедээ осгож, хөлдсөн байдалтай ирдэг. Манай тасаг ерөнхийдөө гүн хөлдөлттэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ явуулдаг. Хөлдөлтийн 4 зэрэг байдаг. Чихний үзүүр, хамрын үзүүр час хийх нь нэгдүгээр зэрэг буюу өнгөцхөн хөлдөлт. Гар даараад хурууны үзүүр цайгаад ирвэл хоёрдугаар зэргийнх. 3-4 зэрэг нь яг хөлдүү мах шиг болчихдог.  Нэг үгээр хэлбэл, цохиход тог тог гээд дугардаг. Ингэж хөлдсөн тохиолдолд дулаацуулахад  банбагаад, хавагнаад цэврүүтээт ирдэг. Энэ нь гүн хөлдсөний шинж. Хөлдөлтийг нөхөн сэргээнэ гэж байдаггүй. Тиймээс нэг насаараа гар, хөлгүй л болно гэсэн үг.  

-Ирж буй хүмүүсийн ихэнхий нь хэддүгээр зэргийн хөлдөлттэй  байна вэ? 

Хөлдөлтийн 4 зэрэг байдаг. Чихний үзүүр, хамрын үзүүр час хийх нь нэгдүгээр зэрэг буюу өнгөцхөн хөлдөлт. Гар даараад хурууны үзүүр цайгаад ирвэл хоёрдугаар зэргийнх. 3-4 зэрэг нь яг хөлдүү мах шиг болчихдог.

-Голдуу гар, хөл нь хөлддөг. Хэрэв тухайн хүн хэвтсэн бол биеийн хэвтсэн хэсэг буюу газартай илүү ойр байсан тал нь хөлдөнө. Жишээ нь, баруун талаараа харж хэвтсэн байвал тэр талын гуя, биеийн хэсэг илүү хөлддөг.

-Осголт, хөлдөлтөөс иргэдэд сэрэмжлүүлсэн мэдээлэл өгнө үү?

-Арванхоёрдугаар сар албан байгууллагуудын шинэ жилийн баяр үргэлжилсээр дуусдаг. Тиймээс баяр, ёслолд орсон хүмүүс архи, согтууруулах ундааг зохистой, тохируулж хэрэглэх хэрэгтэй. Мөн иргэн та өөрийнхөө амь насыг хамгаалж ухамсартай байх нь чухал. Түүнчлэн арга хэмжээг зохион байгуулж байгаа байгууллага оролцсон хүмүүсээ анхаарч байх ёстой. Бусдад өөрийгөө даатгах гэхээс илүү хувь хүн өөрөө анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

-Осгосон  тохиолдолд амь насанд аюултай гэж та сая ярилаа. Хөлдөлтөөс өөр үү?

-Осголт хамгийн аюултай. Хүн даараад ирэхээр халууцаж байгаа юм шиг мэдрэмж төрж өөрийн эрхгүй хувцсаа тайлж эхэлдэг. Ингэж яваад осгосон тохиолдол их байна. Осгосон тохиолдолд зүрх зогсож үхэх аюултай. Тийм учраас осголт болон хөлдөлтөөс өөрийн гэсэн ухаантай байж биеэ зөв авч явах хэрэгтэй. Энэ нь тухай хүний ухамсартай шууд холбоотой асуудал.   

Осгосон байдалтай ирж байгаа хүмүүсийн дийлэнх траншейныхан байдаг

Ийнхүү ярилцах зуур 35 орчим насны залуус согтуу хөлдсөн байдалтай ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан юм. Эмчийн хэлсэн үгийг ойлгох ухаангүй болтлоо согтссон энэ хүнд архи нь гарахаар эмчилгээ хийж хоёр гарын хуруунуудыг тайрахаас өөр арга байхгүй гэдгийг тус тасгийн сувилагч хэлж байлаа. Сувилагч н.Борхүүхэний хэлснээр “Энэ хүн хоёр дахь удаагаа манайд ирж байна. Өмнө осгосон байдалтай ирж байсан. Тухайн үед мөн л согтуу байсан ч эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд явуулсан. Гэр оронгүй хүмүүс ийм байдалтай нэлээд ирдэг” хэмээн ярьсан юм.

Тус эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг нийт 13 өрөө, 50 гаруй ортойгоор бөгөөд түлэгдсэн, хөлдсөн хүмүүсийг эмчилдэг аж. Хөлдсөн, осгосон байдалтай ирж байгаа хүмүүсийн дийлэнх буюу 80-90 хувь нь орон гэргүй, траншейныхан байдаг. Одоогоор 14, 15 хүн хөл, гар нь хөлдсөн байдалтай ирсний 7-8 нь орон гэргүй. Эдгээрээс тал нь хэвтэн эмчлгээ, үйлчилгээ авч байгаа гэдгийг эндэхийн сувилагч нар онцолсон юм. Мөн шинэ жилийн үеэр арга хэмжээнд оролцож байхдаа архи, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ унаж бэртэх, гэмтэх, осгох, хөлдөх, гар хөлөө хайруулсан байдалтай ирэх хүний тоо эрс нэмэгддэг гэдгийг эмч нар ярьж байсан юм.  Мөн зарим хэвтэн эмчлүүлж  байгаа иргэд эмч, сувилагч, бусад эмчлүүлэгчдийн гар утас, эд зүйлсийг хулгайлах тохиолдол их гардаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг эвдэх,  “миний мууг үзэж байна гэж эмч, сувилагчийг цохих” зэрэг зан авир гаргадаг гэдгийг ярих хүн олон байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
осгосон ч , өөр юм болсон ч, хүн үхвэл зүрх нь зогсож үхдэг биш үү?
2016/12/08 203.91.112.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5