8o
Улаанбаатар хот
mobile menu

Мах, ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна

2015-12-18 09:26:00

Монгол руу орж ирэх ам.доллар багассанаар төгрөгийн ханш суларч, үүнийг дагаад инфляци ч өсөх болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн амьдрал доройтож, орлого буурсан уу,  гэх асуулт гарч ирж буй. Уг асуултын хариуг хайж үзсэн юм. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй буурсан ч худалдан авалт муу байна гэдгийг борлуулагч нар хэлж байна. Тухайлбал энэ жил хатуу өвөл болох төлөвтөй зуд болж магадгүй гэсэн малчдын болгоомжлол их байгаа учраас хөдөө орон нутгаас махны нийлүүлэлт нэмэгджээ. Тиймээс иргэд махыг кг-аар нь биш гулуузаар нь авч байна. Мах хямдхан байгаа болоод ч тэрүү хүнсний ногооны худалдан авалт буурчээ. Баяр болох гээд л хүнсний ногооны эрэлт хэрэгцээ бага зэрэг нэмэгдсэн, тэрнээс биш 11 дүгээр сард үнэхээр муу байлаа хэмээн толгойгоо сэгсэрсэн худалдагчидтай цөөнгүй таарлаа.  

Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” хүнсний зах дээр мах, гурил, будаа, ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.

“Хүчит шонхор” хүнсний захын борлуулагч Н.Нямсүрэн

-Махны нийлүүлэлт  хэр байна вэ?

- Хөдөө орон нутгаас орж ирж буй махны нийлүүлэлт урьд урьдын жилүүдийг бодвол их байна. Энэ жил махны үнэ хамаагүй хямд байгаа учраас иргэд жижиглэнгээр гэхээс илүүтэйгээр гулуузаар нь авч байна.

-Махны жижиглэнгийн үнэ ямар байгаа вэ?  

- Ер нь махны үнэ өмнөх жилээс 50 хувиар буурсан  ч худалдан авах чадвар муу байна. Хонины мах жижиглэнгээр 3800-4000  төгрөгөөр худалдаалагдаж байна. Гадуур худалдаалагдаж байгаа ястай мах 2800-3000 төгрөгийн үнэтэй байгаа болохоор иргэд гаднаас аваад жижиглэнгийн лангуун дээр зогсож байгаа бидэнд хүндрэлтэй байна.

- Махны үнэ буурсан худалдан авалт муу байна гэсэн юу нөлөөлж байгаа бол?

- Нөгөө хямрал нь нөлөөлж байгаа юм байлгүй дээ. Мөн байгууллагууд цалингаа хугацаандаа тавьж чадахгүй байгаа, мах элбэгшиж нийлүүлэлт сайжирсантай холбоотой болов уу.

“Хүчит шонхор” хүнсний захын махны чинж Б.Баттогтох

- Үхрийн махны хувьд бөөний үнэ хэдтэй байна вэ?

- Үхрийн мах 3500-3800 төгрөгийн үнэтэй байна.

- Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийг бодвол хэр байна вэ?

- Өнгөрсөн жил махны үнэ өндөр үнэтэй байсан ч худалдан авалт гайгүй байсан. Харин энэ жил махны үнэ буурсан ч иргэдийн худалдан авах чадвар муу байна.

- Бусад адуу, хонь, тэмээ, ямааны махны үнийн хувьд хэдтэй байна.  

Адуу 2500-2800 төгрөг,

Хонь 2500-3000 төгрөг,

Тэмээ 1500-1700 төгрөг,

Ямаа 1400-2000 төгрөгний үнэтэй байна.

- Борлуулалт ямар байна даа?

- Мах үнэ хямд байгаа ч борлуулалт үнэхээр муу байна. Ямар сайндаа 120 кг үхрийн махтай 2 хонож байхав дээ.

Хүчит шонхор” хүнсний захын махны чинж н.Түмэнбаяр

- Өнгөрсөн жилийн өдийд махны үнэ хэдтэй байсан бэ?

- Өнгөрсөн жилийн өдийд 4300 төгрөгний үнэтэй байсан. Харин энэ жил хамгийн сайн мах нь 3100 төгрөг тэгээд л 2000 төгрөг рүү орсон байна.

- Махны нийлүүлэлт хэр орж ирж байна.

- Их хэмжээгээр орж байгаа ч хүмүүсийн худалдан авах чанар муу байна. Жижиглэнгээр авч байгаа хүмүүс байгаа байх. Гэхдээ иргэд өөрсдийнхөө боломжоороо л авч байна.

“Хүчит шонхор” хүнсний захын дээр гурил, будааны үнэ ханшийг тодрууллаа.

“Хүчит шонхор” хүнсний захын гурил будаа худалдаалдаг худалдагч н.Цэцэгээ

- Гурил будааны үнэ ханшийн хувьд ямар үнэтэй байна вэ. Үнэ нэмэгдсэн үү?

- Үнийн хувьд нэмэгдсэн зүйл байхгүй өнгөрсөн жилийн үнэтэй ижил байна. 1-р гурил 25кг 23000-24000 төгрөг, дээд гурил 25кг 25000-28000 төгрөг. Харин будааны хувьд 25кг 46000-48000 төгрөгийн ханштай байна.  Орос будаа харьцангуй хямд байгаа.

- Иргэд гурил будаагаа хэр авч байна. Ихэвчлэн жижиглэнгээр авч байна гэсэн.

- Өдийд бол шинэ жил, цагаан сар гээд иргэд  гурилаа 25кг -50кг-аар нь авдаг үе. Харин энэ жил худалдан авалт муу байна.  Шуудайгаар нь гурил авах нь ховордож 3кг, 5кг, 10кг их авч байна.

- Гурилны үнэ нэмэгдээгүй байхад иргэдийн худалдан авах чадвар муу байна гэж ойлгож болох уу?

- Тэгж ойлгож болно. Яагаад гэвэл өнгөрсөн жил орос гурил гэхэд 50 мянган төгрөг байсан.  Иргэд авдаг л байсан. Харин энэ жил 40 мянган төгрөг рүү орсон байхад ч хүмүүсийн худалдан авалт маш муу байна. Хямралтай байна гэдэг нь энэ юм байлгүй дээ. Иргэдийн цалин, тэтвэр нь буух үед л борлуулалт жаахан нэмэгдэж байна даа.

“Хүчит шонхор” хүнсний зах дээр хүнсний ногооны үнийн хувьд тодруулахад

Хүнсний ногооны худалдагч н.Алтанцэцэг

Хүнсний ногооны үнэ ханш хэдтэй байна вэ?

- Шуудайгаар авбал төмс 500 төгрөг.  Кг-аар нь авбал 700 төгрөгийн үнэтэй байна.

- Энэ жил ургац ямар байсан бэ? Өмнөх жилээс үнэ хямд байгаа юм уу?

- Тийм ээ. Энэ жил ургац муу байсан ч ногоо хямд зарж байна. Төмс бөөний үнэ 700 төгрөг, сонгино 1000 төгрөг, лууван 1000 төгрөг, байцаа 1000 төгрөгний үнэтэй байна.

- Иргэдийн худалдан авалт хэр байна?

Махны үнэ буурсан учраас иргэд ихэвчлэн махаа түлхүү аваад хүнсний ногоо авах нь багаслаа. Гэхдээ шинэ жил болох гэж байгаа учраас 11 сарыг бодвол худалдан авалт арай л дээрдэж байна.

- Иргэд хүнсний ногоогоо хэр хэмжээгээр авч байна.

- Шуудайгаар нь авах нь хоров байна. Уг нь барилгын ажил явагдаж байгаа үед ажилчдын хоол хүнсэнд хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг учраас тэр үед л борлуулалт сайн байдаг. Одоо бол иргэд 3кг 5кг авч байна. Ер нь махны үнэ нэмэгдэхээр л хүмүүс ногоогоо их авдаг.

“Хүчит шонхор” хүнсний захаас худалдан авалт хийсэн иргэн н.Туяа

- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хямдарсан байна. Таны хувьд ямар худалдан авалт хийсэн бэ?

- Үнийн хувьд боломжийн хямд үнэтэй байна. Өнгөрсөн жил мах 7000-8000 төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ намраас хойш махны үнэ бүр хямд болсон нь сайхан байна. Би адуу үхрийн мах, ногоо авлаа.

- Та махаа  жижиглэнээр авч байна уу? бөөндөж авч байна уу?

- Шинэ жилийн баяраар бууз хийх 5 кг адууны мах, 5 кг үхрийн мах авлаа. Бас ногоо авсан.

- Таны санхүүгийн хувьд худалдан авалт хийхэд хэр бэрхшээлтэй байна? 

- Миний хувьд яахав дээ л байна. Нөхрийнхөө группын мөнгөөр л хоол ундаа залгуулж байна. Би одоо 40 настай эрхэлсэн ажил олдохгүй байна. Ер нь ажилгүй хүмүүс ч их байна шүү. 

                                                                                                                                               Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
YANAAA
yaj ingej uvliin huitend gadna zogsoj chadaj bnaa.Amidrahiin tuld hetsuu ch umdaa.Gehdee bie saitai boldog bhda terendee zohitsood.Burhan mini nuhtsul bdlaa saijruulah hereggui bdg um bolov uu?!oilgohgui um.Ali deer ued l iim bsn teruugeeree l bhiin.
2015/12/19 103.17.108.42
zochin
Ard tumen mini hetsuudej bna adguusnaas dor avilgalchidaa erh medliin tuluu temtseldej baih hoorond chine eh oron chine elgeeree mulhluu ene tsagiin baatar gej bna u hurdan uls ornoo avraachee duugui baij unendee tevchihgui ni ee
2015/12/18 103.17.108.42
ZOV ZOV MONGOLCHUUD HET IH MAH IDDEG ODOO HORSON DEERE BUUTSGAA MAXAA BAGA IDEJ SUR
2015/12/18 103.17.108.42