8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг Ц.Элбэгдорж оо, З.Энхболд МАН-аа муулсаар байгаад Их хурлаа өндөрлүүлэв 

2016-12-08 13:14:00
Дүрмээ ч гүйцэд баталж чадсангүй 

Арван жилийн дараа хуралдсан Их хурлаараа АН-ынхан шинэ дүрмээ батлах зорилготой байв. Мөн намын шинэтгэлийн хөтөлбөр, намын үндсэн дүрэм болон журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын бүх шатны хурлын байгууллагын даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, хяналтын ерөнхий хороо байгуулах, дотоод сонгуулийн хороо байгуулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтоод байлаа. Гэвч бүхэл бүтэн хоёр өдөр хуралдсан хурлаар дүрмийн төслөө нийтэд нь ч баталж амжсангүй тарцгаалаа. Тухайлбал Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4  бүлгээ хагас дутуу батлав. Харин дүрмийн төслийн шинэчлэлийн үргэлжлэлийг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох АН-ын Долдугаар их хурлаараа үргэлжлүүлж батлахаар болж, энэ удаагийн их хурлаасаа долдугаар их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулаад тарцгаав. Өөр бусдаар өнгөтэй, өөдтэй шийдэл тус намаас гарсангүй. Хоёр сарын дараа болох Их хуралд 1210-аас илүү төлөөлөгчийг оролцуулах гэнэ. 

Н.Алтанхуяг Ц.Элбэгдорж оо, З.Энхболд МАН-аа муулсаар байгаад хурлаа өндөрлүүлэв 


Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч болон намын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав нар оролцсон юм. Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьснаар албан ёсоор хуралдаан эхэлсэн. Гэтэл экс дарга З.Энхболд өнгөрсөн сонгуульд ялагдсан шалтгаанаа өөрсдөөсөө биш өрөөлөөс хайж илтгэлээ эхлүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татав. Сонгуулийн шөнө Ардчилсан намын ялагдлын хариуцлагыг хүлээж, намын даргаасаа огцорно хэмээн мэдэгдэж байсан тэрбээр Их хурлын индэр дээрээс тэс өөр зүйл ярьж өөрийгөө өмөөрсөөр байгаад таарав. Өнгөрсөн хугацаанд хэн дураараа авирлан Засгийн газраа унагаж, намаа хагалсаныг иргэд олон нийт сайн санаж байгаа. Эрх барих дөрвөн жилийн хугацаандаа фракц, бүлэглэлийнхээ зөрчилд идэгдэж, эрх мэдлээ булаацалдан тэмцэлдсэн тус намынхан унах нүхээ уралдаж ухсан нь маргашгүй үнэн.

 Гэтэл хариуцлага ярьж, асуудлаа шийдвэрлэхээр хуран цуглаж буй Ардчилсан намын VI их хуралд тавьсан түүний илтгэл алдаагаа ярихаас илүү Ардын намыг муулахад чиглэсэн байв. Ардын нам ажлаа муу хийж байгаа нь үнэн ч тэр тухай Ардчилсан намын шинэчлэлийг ярьж, шинэ үзэл бодол, шинэ дүрмээ хэлэлцэх хурал дээр ярих нь хэр зохимжтой байсан юм бол доо. Энэ үеэр З.Энхболд Ардын намынхан худал гүтгэлэг явуулсаар байгаад Ардчилсан намыг ялагдуулсан гэх утга бүхий зүйлийг хэлсээр байсан. Үүнээс үзвэл Ардчилсан намынхан ялагдлын гол шалтгаанаа өөрсдөөсөө болсон гэдгээ ухаараагүй бололтой. Уг нь энэ Их хурлаар алдаагаа эрүүлээр ярилцаад, ирээдүйгээ шинээр тодорхойлох болов уу гэсэн хүлээлт байлаа. 

Их хурлын хоёр дахь өдөр Ардчилсан намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг илтгэл тавьсан. АН-ыг түүхэн ялалтад хүргэж чадсан түүний илтгэл эхнээсээ авахуулаад дуустлаа олны анхаарлыг татаж байсан гэж хэлж болно. Түүний хувьд Ерөнхий сайдаар ажиллахдаа бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлсэн. Одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэх мэт түүнд анхаарал татах асуудал олон бий. 

Тэрбээр илтгэлдээ “Ардчилсан намд өгсөн монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн. 2012 онд манай намыг олонх болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртлэх тэр хонгилыг хэлж байгаа юм. Үгэнд нь орохгүй бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж, Ардын намтай хамтарч хийж байгаа юм. Би та нарт үнэнээ хэлчихье. Бид хүн шиг амьдарч улс шиг хөгжье гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачааллыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан.....” гэж байв. 

Тэрбээр мөн л намын шинэчлэл ярих ёстой хурал дээрээ хүн муулсаар байгаад таарав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийг нь улс төрөөс шахахын тулд хэлсээр гүтгэн орон шоронд оруулах гэж байна хэмээн тэрбээр хэд, хэдэн удаа мэдэгдэж байсан удаатай. Энэ удаа ч мөн түүнийгээ л ярив. Угтаа бол намын дүрмийг сайжруулах, алдаа оноогоо эрүүлээр ярилцах, зөв гарцыг олох нь энэ удаагийн хурлын гол зорилтуудын нэг. Гэтэл намын лидерүүд нь А гэхээр Б гэдэг шиг асуудал биш хов жив, өшөө хонзогнол, гомдол цөхрөл ярьсаар байгаад хурлаа өндөрлүүлсэн нь Их хурлыг муухай харагдуулсан нэг хүчин зүйл болов. Н.Алтанхуяг Ардчилсан Ерөнхийлөгч гэх Ц.Элбэгдоржийгоо муулж, З.Энхболд сонгуульд ялагдсан шалтгаанаа МАН-руу чихэхийн оронд ажил хэрэгч санал гаргаж, асуудлаа ярьсан бол гоё харагдах байлаа.  Дарга нар нь чихрээ голсон хүүхэд шиг гомдоллосоор байгаад хурал өндөрлүүлсэн нь яг үнэндээ Ардчилсан нам асуудлаа ярьж, шинэчлэгдэж чаддаггүй гэдэг мессежийг олон нийтэд төрүүллээ. 

Даргын асуудлыг хэрхэхээр болов


Дээрх шиг шүүмжлэлтэй асуудлууд олон байсан ч Ардчилсан нам VI Их хурлаасаа намын даргыг бүх гишүүдийн саналаар тодруулахаар болж, шийдвэрлэсэн нь бусад намуудад ч зөв үлгэр дууриалал болов. Учир нь намууд удирдлагаа сонгохдоо ихэвчлэн Их хурлын гишүүдийнхээ хүрээнд л саналыг нь авч шийдэж ирсэн жишигтэй. Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг арванхоёрдугаар 10-нд, нэр дэвшигчийн сурталчилгаагаа эхлүүлэх өдрийг арванхоёрдугаар сарын 19-нд тус, тус болголоо. Харин намын даргыг сонгох сонгуульт өдрийг ирэх оны нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг хийхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ өдөр 200 мянга орчим гишүүнээсээ хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь Ардчилсан намын шинэ дарга болно гэсэн үг юм. Намын даргын сонгуульд нэр дэвшигч нь 10-аас доошгүй жил намын сонгуульд гишүүнээр ажилласан байх гэсэн шаардлага тавигджээ. Энэ нь шинэ хүнд боломж олгоогүй шийдвэр гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа юм. Шинээр тодорсон намын даргыг 2017 оны хоёрдугаар сарын 12-нд товлосон VII Их хурлаар батламжлах юм. Намын даргад өрсөлдөхөөр амбицаа илэрхийлэгчид энэ удаагийн хуралдаанаар гишүүдэд мөнгө тараасан, архидуулсан гэх албан бус мэдээлэл бий. Гэхдээ хоёр сарын дараа сонголт хаашаа эргэхийг харах үлдээд байна. 

Танилц: Шинэчлэгдсэн дүрэм


Ардчилсан намынхан Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4  бүлгээ баталсан. 1-4 дүгээр бүлэгт гишүүнчлэл, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг тусгажээ. Харин нэг, хоёрдугаар бүлгийн нийтлэг үндэслэл, намын бэлгэдэл, далбаа, албан хуудас, тамга зэргийг өөрчлөөгүй байна. Гишүүнчлэлийн хувьд намын гишүүдийг цахимаар бүртгэхээр болсон.

Тухайлбал,

3.3.1 Гишүүнчлэлийн бүртгэлийн үйл ажиллагаа нь намын нэгдсэн цахим системд суурилна. Дунд шатны намын байгууллагад бүртгэлийн үүрэг бүхий ажилтан байна.

3.2.1 Намаас гишүүний батлах нь /цаашид “цахим үнэмлэх” гэх/ намын гишүүнчлэлийг тодорхойлох баримт мөн.

3.2.2 Цахим үнэмлэх дээр гишүүний овог, нэр харьялагдах анхан шатны үүрийн нэр, гишүүнчлэлийн дугаар, фото зураг, гишүүнчлэлийн огноо, регистерийн дугаар, намын бэлэг тэмдэг байна. Цахим үнэмлэхний загварыг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр батална.

3.2.3 Намын гишүүний цахим үнэмлэхийг төв намаас орон нутгийн намын байгууллагуудын захиалгын дагуу цахим мэдээллийн системээс үүсгэсэн дугаартайгаар ЕНБД-ын зөвшөөрлөөр төв намын байгууллагаас олгоно.
Шилжилт хөдөлгөөний хувьд,

3.6.1 Намын гишүүн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаа өөрчилсөн тохиолдолд анхан болон дунд шатны намын байгууллага дээрээ гурван сарын дотор биечлэн ирж бүртгэлээс хасуулсан байвал зохино.

3.6.2 Намын гишүүн нь шилжин очсон нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тухайн намын байгууллагадаа нэг сарын хугацаанд бүртгүүлснээр шилжилт хийгдсэнд тооцогдоно.

3.6.3 Шинээр бүртгэж авсан намын байгууллагын бүртгэгч нь бүртгүүлсэн гишүүний хуучин бүртгэлтэй байсан намын байгууллагад намын цахим мэдээллийн системээр дамжуулан мэдэгдэх үүрэг хүлээнэ.

Харин гишүүнд шийтгэл ногдуулах, шагнал урамшуулал олгох заалтууд нэлээд өөрчлөлт орсон аж. Түүнчлэн дөрөвдүгээр бүлэгт сонгууль зохион байгуулах, санал хураах,  тоолох, намын даргын сонгуулийг зохион байгуулах, нэр дэвшүүлэх зэрэгт өөрчлөлтүүд оруулсан байна. Мөн Зургадугаар Их хурлаас гаргасан дараагийн шийдвэр нь Эрх баригч МАН, түүний Засгийн газарт төлөөлөгчдийн саналыг үндэслэн зургаан зүйл бүхий шаардлага гаргаж, хүргүүлж байна.

Т.Энхэлээ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
haruulj baina.Tod jishee Uhaangui noend urgashgui zarts.Su.Batbold oird yu hiij baina gevel argaa ydan amidarch bui ard tumnii amin zuulga TUTs .diig shunuur hulgai hiij achdag ajil hiij baina.
2016/12/15 202.9.41.223
zochin
MAN g ter gurav baitugaa ard tumen muulj baina.Zasgiin erhend garaad hagas jil bolj baihad yu hiisiin urdah hiisen ymiig l uhaj tunhuj erguulj toiruulj suuhaas uur ym hiih chadvargui gedgee udur bur
2016/12/15 202.9.41.223
Зочин
Алтанхуяг,энхболд нар буруугүй шүү гэж намынхныхаа тархийг зад угаагаад, нөгөөдүүлнэ алгаа хорстол ташиж,хоолойгоо сөөтөл ура хашгирсаар их хурал нь өндөрлөх шиг боллоо. Ийм их хурал байдаг юм уу.
2016/12/08 202.21.106.155
ganba
Shinechlel jogo
2016/12/08 59.153.114.74
АНХААР МОНГОЛЧУУД АА
зөв шд муулаад байх юм байхгүй үнэн л байдал иймэл байна дэмжиж байна алтанхуяг ийг
2016/12/08 103.10.22.54
зочин
АН-хан өөрийн толгой дээрхи тэмээг мэдэхгүй байж хүний толгой дээрхи өвс харав гэгч болж байна.Монгол улсын эдийн засаг,санхүүг гүн гүнзгий хямралд оруулж элгээр нь хэвтүүлсэн үйлийн үрээ эдэлцгээ
2016/12/08 66.181.187.14
Zochin
Ursdu bas tseverxen xumus bish shu
2016/12/08 103.229.122.98
Bold
Er ni bolood ongorson bodit zuiliig unen zoviig ni heleh ni zuitei eronhiilogchiin MAN tai niileed namiihaniigaa namnaad bgaag ard tumen gadarlaad l bga shu de Altan huyg guai Z.Enh bold 2 uneniig l y
2016/12/08 103.57.93.58
M7nk
Hurliin haa zorilgod hursengui dee. Gol n ur dun. AN sshinehlegdej amjaagui!
2016/12/08 75.156.144.143
зочин
Тэднийг заавал магтаж байх ёстойй юу.
2016/12/08 103.9.90.194
зочин
АЛтэанхуяг. Энхболд нарын хэлсэн үг юун буруу байгаа юм. Элбэгдорж болон МАН-ын үнэн дүр төрхийг хэлэхэд юу нь буруу байгаа юм. Тэдний муу муухайг хэлж болдоггүй юм уу
2016/12/08 103.9.90.194