8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Дэд сайд твиттерт жиргээд суухын оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм

2016-12-08 16:20:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглож байгаа юм.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

Тухайлбал, Ц.Нямдорж: Бие даасан цомхон хууль гаргах шаардлагатай. Нийтийн албаны хуулиар 30-аад мянган хүн хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хуульзүйн байнгын хорооны хурлаар оффшор бүс гэдгээ тодорхойлох, энэ асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтай хамаагүй, гэр бүлийн гишүүд оффшорт мөнгө хадгалсан бол мэдүүлэг гаргуулах гэсэн ерөнхий рамыг нь гаргасан. Одоо оффшорт мөнгө нуухыг хамгаалдаг хүмүүсээс болоод Хуульзүйн яам ялагдчихлаа гээд хэрүүл үүсгээд байх юм. Дэд сайд нар твиттерээр элдэв зүйл жиргэхийн оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм бэ. Нэг хуудас хуулийн төслийг дөрвөн хуудас болгож УИХ батална гэж юу байх вэ? Асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө дутуу ажилласан Засгийн хүмүүс ялын дүгнэлт бичиж болохгүй. Хуулийг тархиндаа бясалгал хийж байж бичдэг юм. Санал гаргасных нь төлөө шүүмжлээд байх хэрэггүй. Үндсэн хуулийн гэм буруу гэдэг чинь эрүүгийн хэрэг гэсэн үг. Энд гэм буруу, эрүүгийн хэргийн асуудал яриагүй. Амьдрал дээр өөрийнхөө нэр дээр биш үр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлсэн зүйл яваад л байна. Дутуу зүйлийг Их хурлаа гарга гэж шахахын оронд би яагаад дутуу зүйл хийчих вэ гэж бодох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна. Тиймээс би энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Сү.Батболд дарга оффшор данстай нь гэдэг нь илэрсэн. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: -Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг бий. Аливаа этгээдийн буруутай гэдэг нь тогтоогдсон бол хуулийн байгууллага тогтооно. Тэрнээс байнгын хороо, чуулганы микрафоныг ашиглаж нэг нэг рүүгээ дайрмааргүй байна. Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа мэт ойлгодог болсон. Тиймээс төрийн болон улс төрийн албан тушаалтан оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулсан. Төрийн болон улс төрийн албан тушаалтнаас өөр хүнд оффшор данс нээх эрх бий. Оффшор данс нээсэн төрийн болон улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал оруулж ирээд байхад яагаад буцаах гээд байгаа юм бол. Хэрэв гэр бүлийн хүн нь оффшор данс нээж ашигласан бол өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж заалт нь бий.   

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Гэр бүлийн гишүүдийн асуудлыг их ярьж байгаа. Ял зэмийг үр хүүхэд, гэр бүлд халдаан хэрэглэж болохгүй. Энэ хуульд хэн нэгнийг гэмт буруутайг тогтоох тухай асуудал ерөөсөө яриагүй. Гэм буруутай болохоос сэргийлэхийн тулд хуулийг санаачилсан юм. Ер нь бол оффшортой холбоотой асуудал дээр зөв ойлголттой байх ёстой. Оффшор данс, оффшор үйлчилгээ хоёр чинь өөр зүйл шүү. Гэтэл хамаг юмыг нь холиод яриад байх юм. Энэ хуульд төрд ажиллаж байгаа хүн оффшор данс хэрэглэхийг хориглоод хувийн хэвшилд ажиллаж байгаа хүнд зөвшөөрнө. Хувийн хэвшилд байхдаа оффшор данс нээгээд төр ороод ирсэн бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулж, оффшор дансаа царцаах тухай асуудлыг багтаасан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай.

Ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцсэний эцэст хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.

Үүний дараа Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслөөр асуулт асуух гишүү байсангүй. Тиймээс Төсвийн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад хуулийн төслийг дэмжив. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.   

Үүгээр өнөөдрийн УИХ-ын чуулган өндөрлөв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нямдорж гишүүн тун зөв ярьжээ. Төрийн албан тушаалтгнуудтай холбооттой ийм чухал бодлогын асуудлыг ХЗБХ ярих нь зөвүү, ТББХ нь яагаад таг байгаан?
2016/12/08 202.179.29.123
Новшнууд
Оффшорыг янз бурийн нэршлээр нэрлэж асуудлыг бурхэгдуулэхийг оролдоод байх юм.оффшорыг дэлхий нийтээрээ хууль бус бнаа гээд хориглоод хариуцлага хулээлгээд байхад улс терд орж ирхээсээ емне байж болно
2016/12/08 87.67.196.219