8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Мөнхбаяр: Сангийн яамны гэрээ хэлэлцээрүүд амжилттай хийгдвэл ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ

2016-12-09 08:32:00

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн орон сууцны ипотекийн зээл  үндсэндээ зогсонги байдалд шилжсэн. 2013 оноос хойш 88800 иргэн ипотекийн зээлээр орон сууцтай болсон бол сүүлийн дөрөвхөн сарын хугацаанд тус зээл зогсонги байдалд шилжиж 600 хүрэх үү, үгүй иргэнд л зээл олгосон гэж албаныхан мэдээлээд байгаа юм. Хэдийгээр албаныхан ийм тоо хэлж буй ч банкууд ийм төрлийн нэг ч зээл гаргахгүй байгаа гэж мэдэгдэж буй.

Хамгийн гол нь энэхүү байдал нь эргээд үл хөдлөх хөрөнгийн зах зээл царцаахад хүргээд байгаа юм. Ипотекийн зээл зогссон гол шалтгаан нь санхүүжилтээс үүдэлтэй.

Тус зээлийг санхүүжүүлэх хөрөнгөгүй учраас түр зогсоож буйгаа Засгийн газраас мэдэгдсэн. Мөн удахгүй журмыг нь шинээр батлаад зээлийг хэвийн үргэлжлүүлнэ гэж иргэдийг хүлээлгэсээр байгаа.

Тэгвэл Ипотекийн цаашид хэзээнээс хэвийн үргэлжлэх эсэх талаар Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас тодруулахад “ Бидэнд хугацаа хэрэгтэй. Он гартал сард 20-30 тэрбумээр нь энэ асуудал үргэлжлээд явагдана. Сарын хэрэглээг судлахаар 60-70 тэрбумын судалгаа тооцоо гараад байгаа. Одоохондоо он гартал 30 тэрбумаар зээл өгөөд явж байна. Сангийн яамны гэрээ хэлэлцээрүүд амжилттай болбол уг зээл хэвийн үргэлжилнэ. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн асуудлаар гадаадынхантай гэрээ хийж байгаа. Тэгэхээр он гартал сард 20-30 тэрбумаараа зээлээ гаргана” гэлээ.

Барилгын сайдын ярианаас дүгнэвэл сард бага ч болов тоогоог уг зээлийг гаргаж буй бололтой. Гэтэл иргэд болон арилжааны банкны зүгээс уг зээлийг огт олгохгүй байгаа гэсэн тайлбарыг хийж байгаа билээ.

Уг нь бол тус зээлийг Монголын ипотекийн компани хоёр дахь зах зээлд бонд гаргах замаар санхүүжүүлнэ гэж байсан. Гэтэл одоо цаашид тус зээлийг хэрхэх шийдвэрийг Засгийн газар ч тэр, Монгол банк ч тэр гаргаагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл