"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах арваннэгдүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж, бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ хугацаанд С.Амараагийн талаар олон мэдээлэл гарсан. Тэгвэл энэ удаа дуучин С.Амармандах өөрийн хэвтэж буй эмнэлэгт зарим хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. С.Амармандах хэлэхдээ “Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би эмнэлэгт хэвтээд 20 гаруй хонож байна. Алтан гартай эмч нарын буянаар өдий зэрэгтээ босож, та нартайгаа мэндчилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацаж байна. Гэнэт ийм үйл явдал боллоо. Энэ үйл явдал нь “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр болсон. “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг цэнгүүнд урихаар нь “Аз жаргал хүсье” гэж дуугаа дуулсан. Энэ үеэр гэнэтийн эмгэнэлтэй үйл явдал болсон. Хотын удирдлагууд мөн урилгаар ирсэн. Тэднийг буруутгахгүй байхыг хүсье.
Намайг янз бүрээр ёсолсон гэж гүтгэсэн. Тухайн цэнгүүн дээр гадаад хүн байна гэж мэдээгүй. Тэр хүнийг танихгүй, мэдэхгүй. Би алтан тайзан дээр дуулчихаад гарч явахад гэнэт дайрлага болсон. Би 5 хоног ухаагүй байсан. Дараа нь 10 гаруй хоног ухаан санаа сайнгүй байлаа. Энэ хугацаанд миний төлөө цацлаа өргөсөн түмэн олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
Надад халдсан залууд ар гэр бий, үр хүүхэд, хань ижил нь байгаа байх. Тийм болохоор би тэр залууг эр хүн шиг надтай ирж уулзаад, ойлголцоосой гэж хүсч байна. Эр хүн алдаж, онож л байдаг. Би ч гэсэн уучлалт гуйж ярилцвал эр хүн шиг хандана.
Түүнээс гадна ард түмэндээ хандаж нэг зүйл хэлэхийг хүслээ. Олон нийтийн сүлжээгээр миний гэр бүл, бусад олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн, худал мэдээлэл цацагдах болжээ. Ялангуяа миний оролцсон “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээтэй холбоотойгоор маш олон мэдээ сошиалд явж байна. Хотын дарга, НИТХ-ын дарга нарыг буруутгасан байсан. Тэр хүмүүс миний адил болсон арга хэмжээнд уригдаж очсон зочид. Гэм буруугүй хүмүүсийг хоёр хүний хооронд болсон үйл явдалд хамаатуулж, гүтгэн доромжлохгүй байхыг та бүхнээс хүсч байна. Надад энэ бүхэн эмзгээр тусч, би өөрөө энэ бүхнийг зохион байгуулж байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо. Мөн олон нийтийн сүлджээнд Орос, Монголын харилцааг сөхөж нилээд маргалдаж байна. Түүнд их эмзэглэж байгаа. Миний хувьд орос 23-р дунд сургууль төгссөн. Орост элэгтэй, орост хайртай хүн. Олон жилийн түүхтэй Орос, Монголын харилцаанд битгий сэв суулгах зүйл өдөөгөөсэй гэж хэлмээр байна. Ухаан алдаад сэрэхэд тэнд байсан бүх хүмүүс надад бүгд санаа зовсон байсан. Энэ бүхний дараагаар ташаа мэдээлэл их гарлаа. Намайг Орос нөхрөөс 300 сая төгрөг нэхсэн гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ бүхэн ташаа мэдээлэл гэдгийн хэлэмээр байна. Мөн намайг харанхуй өрөө рүү чирч оруулсан л гэнэ. Тийм юм байхгүй. Намайг сэрэхэд урлаг соёлын хүн гэдэг утгаар нь уруул ам нь сэтэрсэн, тархи толгойноос нь цус гоожсон байсан тул тусгаарласан байсан. Тэр өрөө нь гэрэлтэй байсан. Тэгээд түргэн тусламж дуудахаар сандарцгааж байсан.