Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь автомашиндаа ачиж явсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг эргүүлийн цагдаагийнхан нийтлэг ажиллагааныхаа үеэр илрүүлж, сэжигтэн этгээдийг саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг шуурхай илрүүлж, ажилласан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авч, баяр хүргэжээ. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт дэслэгч Г.Батсайхан, ахлах ахлагч Н.Доржгочоо нар үүрэг гүйцэтгэж байжээ. Эргүүл хийж байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Г.Батсайхан энэ талаар “Тухайн үед сэжигтэй тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Тэгэхэд хүний цогцос олдсон. Хамгаалалтыг сайн хийсэн болохоор сэжигтэн этгээдэд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж олгоогүй” гэв. Одоогоор эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн оршин суугч 30 настай Э гэх залуу үйлдсэн бөгөөд хамтран амьдрагч талийгаач А-г хоёр удаа хутгалж, амийг хөнөөсөн байна. Тэрээр хэргийг үйлдсэнийхээ дараа цогцсыг нь хээр аваачиж, хаяхаар яваад ийнхүү баригдсан аж.
Эхнэрээ хоёр удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байжээ
2015-12-18 08:48:00