8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Бага хурал: М.Энхболдын хүмүүсийг жийх үү?

2016-12-12 09:27:17

МАН VII Бага хурлаа өнөөдөр хуралдуулах гэж байна. Ардчилсан намын Их хурлаас долоо хоногийн зөрүүтэй болж  буй Бага хурлаараа МАН-ынхан чухам ямар асуудлыг хэлэлцэх гэж буй нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

Тэгвэл тус намынханБага хурлын гишүүнээсээ төрийн өндөр албан тушаалд томилогдсон гишүүдээ хасч, оронд нь шинэ хүмүүсийг томилох сурагтай байна. МАН-ын Бага хурал 300 гаруй гишүүнтэй. Эдний дийлэнх нь М.Энхболдын буюу одоогийн намын даргын “хүмүүс” гэх яриа байдаг. Тэгвэл энэ удаад М.Энхболдын хүмүүсийг төрийн албанд дэвшсэн нэрээр Бага хурлын гишүүдээс шахахаар бусад фракциуд нь тохирсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар өөрийн хүмүүсийг Бага хурлын гишүүнд түлхүү оруулахаар төлөвлөж буй сураг байна

М.Энхболдын хүмүүсийг төрийн албанд дэвшсэн нэрээр Бага хурлын гишүүдээс шахахаар бусад фракциуд нь тохирсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар өөрийн хүмүүсийг Бага хурлын гишүүнд түлхүү оруулахаар төлөвлөж буй сураг байна

Гэхдээ намдаа хүчтэй нөлөөлөлтэй М.Энхболд өөрийн фракцийнханыг тийм амархан явуулчихгүй л болов уу. Учир нь хэн Бага хуралд өөрийн хүмүүсийг олноор оруулна тэр дэмжлэгийг гартаа оруулж чаддаг. Бас аливаа шийдвэрийг өөрийн талд гаргуулах боломжтой болох юм. Тэгэхээр Бага хуралд хэний хүн олон байна тэр өөрийгөө дэмжүүлж чадна гэсэн үг. Тэгэхээр МАН-ын томчууд Бага хурлын гишүүний төлөө үзэж, тарах нь ойлгомжтой юм. 2012 оны сонгуулийн дараа Сү.Батболдын хүмүүсийг Бага хурлын гишүүдээс хиараар нь хассан. Тэр цагаас хойш М.Энхболд намын шат, шатны байгууллагад нөлөөллөө бий болгож Бага хурлын гишүүдийн дийлэнхид өөрсдийнхөө хүмүүсийг тавьсан гэдэг.

Харин энэ удаа байдал эсрэгээрээ эргэж мэдэхээр байна. МАН-ынхан өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр Тусгаар тогтнолын ордонд хуралдуулсан. Намын бүлэг болон Гүйцэтгэх зөвлөлийн хамтарсан энэхүү хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн эсэх нь одоо ч оньсого мэт байгаа юм. МАН-ын гишүүдийн мэдээлснээр хариуцлагын асуудлыг ярилцсан гэж буй. Нууцын өндөр түвшинд хаалттай хуралдсан уг хуралдаанаар чухам юу хэлэлцсэн талаар тус намын гишүүдээс тодруулахад бүгд “Дотоод асуудал. Шат, шатандаа хариуцлагатай ажиллах талаар л ярилцсан. Өөр бусдаар мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөрөөр тайлбар хийгээгүй. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хуралдаанаар намын удирдлагуудын ах, дүү нараас хэн нь төрийн өндөр албан тушаалд томилогдсон тэр хүмүүсийг эхнээс нь нэрээр нь дуудан асуудлыг дэлгэрэнгүй авч хэлэлцсэн гэж буй. Албан тушаалд очсон намын удирдлагуудын ах, дүү, хамаатан садан, найз нөхдийг хэрхэн ажиллаж буй талаар ярилцаж цаашид муу ажиллан намын нэр хүндийг унагавал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэсэн гэж буй. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд МАН-ын дарга М.Энхболдын найз нөхөд, хамаатан садан л албан тушаалд томилогдсон нь олон билээ. Тэгэхээр М.Энхболдын нэрээр албан тушаалд очсон хүмүүст л хариуцлага ярьсан болж таараад байгаа юм. Цаашилбал, энэхүү ярины үргэлжлэл Бага хурлын үеэр яригдах нь тодорхой байна. Ямартай ч МАН-ын фракциуд М.Энхболдынхоо эсрэг хөдөлж эхэлж буй нь энэ бололтой. Мөн уг хуралдаанаар Хилийн хуулиас болж нэг сайдыгаа огцруулах зарим нэгний гомдлыг хэлэлцсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гэх мэтийн нөхдүүд нийлэн нэг сайдыгаа огцруулах асуудлыг хөндсөн гэх сураг бий.

Мөн уг хуралдаанаар МАН-ынхан шинэ генсекээ тодруулж магадгүй байна. Мэдээж өрсөлдөгчгүй ганц нэр дэвшигч нь ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан байна. Уг нь УИХ-ын сонгуулийн дараа сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг түр биш, бүр генсекээр томилох гэж байсан ч орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээзнэх яриа МАН-ын зарим улс төрчөөс гарсан гэх. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн үр дүнг харж байгаад түүнийг томилох эсэхийг шийдэхээр хүлээж байсан гэсэн үг. Харин орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан учраас энэ удаа Д.Амарбаясгалангаа асуудалгүй томилох гэнэ. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Японы Засгийн газрын “Мандах нар” одонгоор
М.Энхболдын хүмүүс байдаг гэдэг нь үнэн шүү
2016/12/12 103.9.90.53