8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Жинхлэх эсвэл өрсөлдөөн гаргаад явах нь Бага хурлын гишүүдийн эрх мэдлийн асуудал юм

2016-12-12 13:56:00

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж байна. Яг одоогийн байдлаар хуралдаан хаалттай үргэлжилж байгаа юм. Уг хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхэлж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар Д.Амарбаясгалан "Өнөөдөр бол намын Бага хурлын гишүүдийг томилох, чөлөөлөх, Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, орон тооны нарийн бичгийн даргыг томилох асуудал яригдана. Одоогоор хэдэн хүн өрсөлдөх, хэн хэний нэр яригдаж байгааг хэлэхэд эрт байна. Намын даргын илтгэлд шат шатандаа хариуцлагатай ажиллаж, хүнд суртал, авлигаас ангид байх талаар дурдсан. Тэгэхээр цаашид улс төрийн албан тушаалтан Засгийн газрын сайд, дэд сайд, аймаг нийслэлийн Засаг дарга, засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, улсын үйлдвэрийн газрын дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж ажиллах чиглэл гарна. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлнэ. Үндсэндээ бол 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш сүүлийн зургаан сарын хугацаанд би энэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. МАН-ын орон тооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Төмөрхүү ажиллаж байгаа. Тэгэхээр өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсээ жинхлэх эсвэл өрсөлдөөн гаргаад явах нь Бага хурлын гишүүдийн эрх мэдлийн асуудал юм. Хэрвээ Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдвол, цаашид ажиллах ажил тодорхой байгаа. МАН-ын өрсөлдөх чадвар, ирээдүйн бодлого дээр суурилсан улс төрийн үйл ажиллагааг явуулдаг.  Улс төрийн намууд улс төр хийхээс гадна бодлогын судалгаан дээр суурилж улс орны эдийн засаг, нийгмийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн, хэрэгжиж болохуйц мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, өрсөлдөх чадвартай байх ёстой гэж үздэг. Энэ чиглэлээр ажиллана. Түүнчлэн 21 аймаг, 330 гаруй суманд байгаа намын байгууллагын үйл ажиллагааг сэргээх чиглэлд илүү анхаарал хандуулна. Учир нь, нийслэл, аймаг, сумдын түвшинд намын үйл ажиллагаа сулрах хандлага байдаг. Үүнийг өөрчилж илүү идэвхтэй, хүчтэй улс төрийн хүчин байх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна" гэв. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл