8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:С.Зориг агсны шүүх хурлын тов гарч, АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхэлсэн өдөр

2016-12-12 19:32:00


 “Агуу хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг”  Эрхэм уншигч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.  

Танилц: Шинээр гэрлэн тохио хамаарахгүй баруун гар тийш эргэх 11 уулзвар

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэхээр болсон билээ. Дахин 11 уулзварыг нэмж гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргүүлж байхаар шийдвэр гаргасан байна. Энэ хүү шийдвэр  энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжих аж.   

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр самар түүж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үзэгдэх орчин хязгаарлагдсан гэх шалтгаанаар түр зогссон байсныг үргэлжилүүлэн хайж эхэлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт харьяалагдах Баянцагаан багийн, Баруун моностой гэдэг газар самар түүж байсан иргэн Г өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 2-нд ар гэрийнхнээс нь ирсэн байна6 Энэ өдрөөс хойш тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, ар гэрийн хоёр  иргэн, нийт 13 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Тогоот уулын орчимд зохион байгуулж энэ сарын 9-ний өдөр явганаар 11 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа аж.

 
“Miss world-2016” тэмцээний санал асуулга үргэлжилж байна

АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээний финалын шатны шалгаруулалт болно. Нийт 120 орны оролцогч өрсөлдөж буй уг тэмцээнд Монголыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож буй. Тэрээр авьяасын үзүүлбэрээрээ шилдэг 10-т шалгарсан төдийгүй, финалын шалгаруулалтын өдөр эхний эгнээнд бүжиглэхээр болж, амжилттай оролцож байна. Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад зургаан хоног үлдсэн бөгөөд хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "шилдэг 10-т" автоматаар орох юм.
Эцсийн ялагчийг MobStar aрр-р тодруулах бөгөөд санал асуулга эхэлсэн.
1. Доорх линкээр апп-ыг суулгаад, share.mobstar.com/info.php?id=94697
2. Mobstar-caa "MISS WORLD OFFICIAL" гэж бичээд хайна,
3. Miss World-ын profile гарч ирэх бөгөөд түүн дээрээс Монголынхоо авъяасын үзүүлбэрийг олох,
4. Бөрийн оролцогчийнхоо "зүүнээс (тоо байгаа одоогоор 1000 давсан) баруун тийш гулсуулан YES" хэмээн саналаа өгнө.  
АН: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед олон хулгай, луйвар хийгджээ
Ардчилсан намын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ болон дэд дарга  Ж.Батзандан, бүлгийн хуулийн зөвлөх Д.Оросоо нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн болон АН-ын зургадугаар Их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн дотоод асуудлын хүрээнд Японы Засгийн газрын “Мандах нар” одонгоор шагнагдсан УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягт баяр хүргэжээ.

С.Эрдэнэ: Хөгжлийн банкаар зөрүүтэй дүгнэлтүүдийг гаргасан 

Бүлгийн дарга С.Эрдэнэ энэ талаар “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд, Нэгдүгээрт мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахалж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн байна. 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй” гэлээ.
Д.Оросоо: Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан 580 сая евробондын өрийг 2017 оноос төлж эхэлнэ
Харин УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг гаргахдаа Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хяналт, шалгалтын ажлыг хийсэн гэх боловч өнөөдрийн байдлаар АН-ын бүлэгт хяналт шалгалтын дүнг албан ёсоор ирүүлээгүй байна. Бид удаа дараа шаардаж байгаа. Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэйгээр, ямар шалгалт хийсэн бэ гэдэг албан ёсны шалгалтын тайлангаа ирүүл гэдэг албан бичгийг явуулсан. УИХ-ын гишүүд болон бүлэгт ирүүлсэн илтгэл, танилцуулгыг үндэслэж энэ байр суурийг илэрхийлж байна. Ажлын хэсэг 2008-2012 онд МАН олонхи байх үед баталсан УИХ-ын тогтоолыг буруутгаж эхэлсэн байгаа. Бид юу гэж харж байгаа вэ гэхээр Ажлын хэсгийн дүгнэлтээр УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг Ажлын хэсэг хийсэн байгаа. Энэ дүгнэлтээр Ажлын хэсэг УИХ-ыг буруутгаж эхэлж байна гэсэн үг. Энэ УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталсан. 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг. Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөгөө талаасаа Хөгжлийн банкыг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн хүмүүстээ асуудлаа ярих ёстой. Нэгдүгээрт Дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсэг дүгнэлтдээ Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батласан Захиргааны хэм, хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Хүчингүй болчихсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкыг буруутгах үндэслэл байхгүй. Гуравдугаарт, Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан гэсэн үг. 2013 оны 5 сарын 6-наас 2014 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банк мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм. Тэр үеийн УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна. Манай бүлэг энэ байр суурийг илэрхийлж байгаа. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа. 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь Монгол Ардын намын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евро бондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө. Мөн Чингис бондын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан Ажлын хэсэг тайлбарлаж байгаа. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн байдаг. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Мөн Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна" гэлээ.  


Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг  явж, явж Ардын намынхан хувьчилсан болж таарлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхарыг худалдаж авсан хулгай, луйвар гарлаа гэж Ардын намынхан бахиралдаад гүйгээд байгаа.Үүнийг шалгаж үзлээ. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг гаргасан этгээд нь хоёр жилийн өмнөх Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байна. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ хулгай, луйвар хийгдсэн байна. Оюутолгой холбоотой бүлгийн зөвлөхүүдийн асуудлаар хоёр тэрбум долларыг илүү бичсэн хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л Ж.Эрдэнэбат болж таарч байна. Хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын бонд гаргах эрхийг олгосон хүн нь мөн Ж.Эрдэнэбат байна. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг  явж, явж Ардын намынхан хувьчилсан болж таарлаа. Үүнийг АН шалгах болно" гэв.


АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ

Ардчилсан нам 2016 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд болж 180 мянган гишүүдийн төлөөлөл болсон 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа амжилттай зохион байгуулсан билээ. Их хурлаар нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэрүүдийн нэг нь намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох болсон явдал юм. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаагаа эхэллээ.
Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын намын даргын  сонгуулийн хорооноос баталлаа.  Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргалаа. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөнгишүүд санал өгөх эрхтэй.
Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ.


Улсын начин Д.Сугаржаргалын амь насанд халдахыг завджээ

Улсын начин Д.Сугаржаргал халдлагад өртөж, хүнд бэртэж байна. Тодруулбал,  2016 оны 11 дүгээр сарын  28-ний шөнийн хоёр цагийн орчим  УИД-ын хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин Д.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь  гаднаас үл таних 4 залуу орж ирэн  архины шилээр толгойн тус газар луу нь цохин  ухаан алдуулж гэмтээсэн байна. Үүний дараа дээрх залуус хагарсан архины шилээр Д.Сугаржаргалын  нүүрийг сийчин зэрэмдэглэсэн нь баарны хяналтын камерт үлдсэн байна. Д.Сугаржаргал одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Метилийн спиртэд хордсон Дорнод аймгийн 15 иргэн эмнэлгээс гарчээ

"Петро чайна дачин тамсаг" компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид өнгөрсөн сарын 25 буюу бүх нийтийн амралтын өдөр үл мэдэгдэх шингэн зүйл ууснаас болж дөрвөн хүн амиа алдсан билээ. Учир битүүлэг шингэнийг Улаанбаатар хот дахь Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлээд метинол хэмээх бодис байсныг тогтоосон.Тухайн үед уг шингэнийг хамт уусан 15 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлэгээс гарсан байна. 

С.Зориг агсны шүүх хурал энэ лхагва гаригт болно

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирэх гуравдахь өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүх юм байна. Мөн үүнээс гадна хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэх бөгөөд хаалттай явагдана. 

Дэлхий дахинд: Пак Гын Хэгийн эрин үе дуусах болоогүй

Өмнөд Солонгосын Үндэсний парламентийн зөвлөл ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрох асуудлыг хэлэлцэж, санал асуулгын дүнгээр нийт гишүүд хүлээн зөвшөөрсөн билээ. Пак Гын Хэг огцорсон нь дэлхий дахин шуугиан дэгдээж, улс төрийн бодлогод томоохон “гацаа” үүсгэсэн.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийн сайн найз, орон тооны бус зөвлөх Чой Сүн Силтэй түүний аавынхаа улс төрийн аллагын дараа ойртож, нөхөрлөсөн гэж үздэг. Ерөнхийлөгчийг өөрийн сайн найз Чой Сүн Силд төрийн нууцат хамаарах бичиг баримтыг үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Түүнийг татан буулгахад нийт 234 хүн санал өгсөнөөс 200 хүн нь огцруулах саналыг дэмжиж, татан буулгажээ.Санал хураалтын үр дүнд Пак Гын Хэг огцруулсан ч түүний ажлын албыг татан буулгаагүй юм. Түүнийг түр орлон гүйцэтгэгчээр ерөнхий сайд Хван Кио Анг томилж, ажилуулж магадгүй.  

Түүний эрин үе дуусах болоогүй 

Хэрэв эл асуудлаар Өмнөд Солонгосын шүүхийн зөвлөлийн 9 гишүүнээс 7 гишүүн зөвшөөрөхөд түүнийг бүр мөсөн татан буулгаж, эрх мэдлийг буцаан авах юм. Өнгөрөгч долоо хоногт болсон санал асуулга нь түүний амьдралыг бүхэлд нь шийдэж, дэнсэлж чадсангүй. Хэрэв шүүхийн зөвлөлийн гишүүд түүнийг татан буулгаж, огцруулахаас татгалзвал эрх мэдлээ өөртөө авч ажлаа үргэлжлүүлэх юм.  
Chuhal.mn
Эх сурвалж: CNN 
 
Al Jazeera: Их замын түгжрэл Монгол улсыг чиглэж, "хоосрох" цаг ойрхон байна

"Al Jazeera" агентлагийн сурвалжлагч Эдриэн Браун энэ талаар, “Шашны эрх чөлөөгөө эдийн засгийн хэрэгцээнээсээ урьтаж тавьснаараа Монгол улс маш өндөр эдийн засгийн хохирол амсаж байна” хэмээн бичсэн байна.
Монголын талд хилээр гарахаа хүлээн ар араасаа дараалан зогссон ачааны машинуудыг харуулсан дүр зураг байна.Эдриэн Браун, “Эдгээр жолоочид олон цагийг, зарим нь бүр хэдэн өдрийг хүйтэнд өнгөрүүлж байгаа талаар Монголоос мэдээлж байна. Шөнөдөө агаарын хэм -20 хүртэл  бууж байгаа” хэмээн Бээжингээс мэдээлжээ.
Зэс болон алтны уурхай ажиллуулдаг Рио Тинто компани одоогийн байдлаар Хятад руу зэсийн баяжмалаа гаргахаа түр зогсоогоод байна. Буддын шашин давамгайлсан Монгол улсад Далай Ламыг шашны тэргүүн гэж хүндлэгддэг. Гэтэл Хятад улс Далай Ламыг Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг хүсдэг, тэрслүү үзэлтэн гэж үздэг.1959 онд Далай Лам Энэтхэг рүү зугтсан цагаас хойш Бээжин Далай Ламын хувьд дипломат хориг тавих ажлаа эхлүүлсэн. Далай Лам 2011 онд улс төрийн амьдралаасаа хөндийрсөн юм.
Өнгөрсөн сард Бээжин хилийн хураамжийн шинэ үнэ тогтоосон. Гэхдээ боомтын хураамж өөрчлөгдсөн нь Далай Ламын айлчлалтай холбоотой эсэхийн талаар Хятадын гадаад хэргийн сайд Гэн Шуан тодорхой зүйл хэлээгүй юм. Тэрээр, “Далай Ламын Монголд айлчилсны тухайд бол Хятад улс өөрсдийн байр сууриа олон дахин илэрхийлж байсан” хэмээн хэвлэлийн бага хурал дээр зарласан. Энэ нь Монголын эдийн засагт хүчтэй цохилт өгч болзошгүй юм. Хямралын засгийн газар нь урд зүгийн хүчирхэг хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа сайжруулах бүх аргаа хэрэглэн, Хятадын хөрөнгө оруулалтаар уул уурхайн болон дэд бүтцийн гол төслүүдээ эхлүүлэх санаатай байсан юм.
“Al Jazeera” агентлагийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Монгол улс эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Хятадаас зээл авах талаар ярилцаж байсан гэнэ. “Монголын засгийн газар үнэхээр хоосорсон. Гэтэл Хятад улс Монголд хамгийн их хэрэгтэй байгаа зээлийнх нь талаарх хэлэлцээрээ зогсоогоод байна” гэж мэдээлжээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл