8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: Хууль бусаар пиротехникийн хэрэгсэл худалдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2016-12-13 09:21:00

Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран шинэ жилийн баяртай холбогдуулан ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийж эхэлсэн байна. Уг шалгалтын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Шалгалтад хэчнээн аж ахуйн нэгж байгууллага хамрагдаад байна вэ. Илэрсэн зөрчил юу байна вэ? 

-Шинэ жилийн баяртай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэд ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг худалдаж авдаг. Ёслолын буудлага хийх арга хэмжээнд оролцдог. Тиймээс НМЕГ, ЦЕГ хамтраад аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийгээд явж байна. Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн бодис худалдаалдаг байгууллагад хуваарийн дагуу шалгалт хийж байгаа. Одоогоор шалгалтаар  илэрсэн ноцтой зөрчил гараагүй байна.

Шалгалтын явцад пиротехникийн хэрэгслийг стандартын дагуу хэрэглэх, тусгай оператороор хийлгүүлэх, зөвшөөрлийн дагуу хилээр оруулж ирэх тал дээр илүү анхаарч хяналт тавьж ажиллаж байна. Харин зарим нэг байгууллагад энэ төрлийн бодистой зөв харьцах, стандартын дагуу оруулж ирэх, ёслолын буудлага хийхдээ заавал тусгай зөвшөөрөлтэй компанийг сонгон үйлчлүүлэх, оператороор буудлага хийлгэх шаардлага тавьсан. 

-Хууль бусаар энэ төрлийн бодисийг худалдаалсан аж ахуйн нэгж байгууллагад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

 -Хууль бусаар энэ төрлийн бодис, хэрэгсэл худалдан борлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага байвал шуурхай утсанд мэдээлэл өгөх боломжтой. Түүнчлэн хамтарсан шалгалтын баг хууль бусаар пиротехникийн хэрэгсэл оруулж ирдэг иргэн, аж ахуйн байгууллагад тогтмол хяналт шалгалт хийж байна. Хэрвээ шалгалтын явцад хууль бусаар оруулж ирж, худалдан борлуулж байгаа тохиолдол илэрвэл тухайн үед нь хуулийн хариуцлага  хүлээлгэнэ.  

-Пиротехникийн хэрэгслийг худалдах, орлуулж ирэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байдаг гэсэн. Ямар ямар компани байдаг юм бэ?

-Нийслэлийн хэмжээнд ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг худалдан борлуулах, албан байгууллагатай гэрээ байгуулан ёслолын буудлага хийж үйлчлэх  тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байдаг.  

-Тусгай зөвшөөрлийг нь хаанаас олгодог бэ? 

-Хууль зүйн яамнаас олгодог. 

-Иргэдэд хандаж юу гэж анхааруулмаар байна вэ? 

-Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирсон хамрамсалтай тохиолдол гарч байсан. Тиймээс иргэд, байгууллага шинэ жилийн баярын ёслолын буудлагыг заавал зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулмаар байна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл