8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Далай ламд виз олгосон ажилтныг нууцалж, Ж.Батзандан намдаа 250 сая төгрөг өгөх боломжгүйгээ зарласан өдөр

2016-12-13 18:40:00

Нүд гялбасан цав цагаахан нэгэн өдрийн мэнд хүргэе.  Хүн бүхний дуртай, хүсэн хүлээдэг "Шинэ жил" болдог учир бид өвлийн улирлыг тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл та бүхэнд өвлийн улирлын тухай сонирхолтой, урьд өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой ишлэлүүдийг хүргэж байна.

  1. Дундаж хэмжээтэй цасан ширхэг үүлнээс цагт 3 км-ийн хурдтай унадаг байна.
  2.  Нэг цасан ширхэг маш олон мөсөн талстуудаас бүтдэг учраас цагаан өнгөтэй байдаг ажээ.
  3. АНУ-ын Колорадо мужид 1927 онд 24 цаг тасралтгүй цас орсон бөгөөд 2 метр цас тогтжээ.
  4. Хамгийн анхны өвлийн олимп 1924 онд Франц улсад зохиогдож байжээ.
  5. “Хаан эрвээхэй” нь өвөл болохоор дулаан орон луу нүүдэллэдэг цорын ганц шавжны төрөл юм.
  6. Антарктидид 1983 онд цельсийн -123 градус хүрч байжээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн хүйтэн тохиолдол юм.
  7. Орос улсад 1974 онд цельсийн -36 градус хүрсэнээс хамгийн хүйтэн улс гэгдэх болсон байна. Түүний дараа Канад, Монгол, Финлянд, Исланд зэрэг улс ордог ажээ.
  8. Өвлийн улиралд ихэнх хүний хоолны дуршил илүү нэмэгддэг.
  9.  “Frozen” хүүхэлдэйн кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой анимэйшн болсон бөгөөд 1 тэрбум 97  сая долларын орлоготой байсан байна.

 

Харин одоо та бүхэндээ өнөөдрийн онцлох мэдээллүүдийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Times of India: Энэтхэг улс манай оронд ямар төрлийн тусламж өгөх эсэхээ шийдээгүй

Хятад улс Монгол улсад тависан эдийн засгийн хориг арга хэмжээнээс шалтгаалан хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа билээ. Энэтхэг улс Монголд тулгарсан хүндрэлтэй асуудлыг даван туулахын тулд нэг тэрбум ам долларын үнэ бүхий тусламж, зээлийг олгоно гэсэн мэдээлэл Энэтхэгийн "Times of India" вебсайтад гарчээ. 

Энэтхэгийн гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Бид Монголчуудтай хамтран ажиллахад бэлэн байна. 2015 оны тавдугаар сард манай улсын ерөнхий сайд айлчилж байсан бөгөөд хэд хэдэн салбарт хамтран ажиллах талаар зөвшилцсөн. Айлчлалын үеэр Монголын засгийн газарт нэг тэрбум ам долларын үнэ бүхий тусламжийг олгохоор тохиролцсон гэв

Гэвч Энэтхэг улс Монгол Хятадын маргаанд тун анхааралтай хандаж байгаа бөгөөд Монголын санхүүгийн хямралын гол шалтгаан нь өрөөс болсон хэмээн үзэж байгаа юм.

  • Хятад Монгол улсад Далай ламын айлчлалын дараа эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн
  • Энэтхэгийн засгийн газар 2015 онд Монгол улсад нэг тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж амлажээ. 
Ж.Батзандан: Надад 250 сая төгрөг өгөх боломж байхгүй

Ардчилсан нам энэ сарын 6-нд болсон Их хурлаараа даргаа сонгох байсан ч хойшлуулсан. Тус нам хоёрдугаар сард намын шинэ даргаа сонгох юм. Харин тэр хүртэл намын даргын сунгааг явуулах бөгөөд нийт гишүүдээс даргыг сонгохоор тохирсон. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс намын даргад өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн твиттер хуудастаа "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" гэж бичсэн байсан. 

Тэгвэл Ж.Батзандан гишүүн уг асуудлыг дэлгэрүүлэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар АН-ын даргад нэр дэвшихэд 250 саяыг төлөх бөгөөд сонгуулийн нийт зардал нь хоёр тэрбум 500 сая төгрөг болох гэнэ. 

Мэдээллийн үеэр тэрбээр “12 сарын 6-нд болсон намын Их хурлын дараа Дотоод сонгуулийн хороог 30 хүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Энэ хороо намын даргыг нийт гишүүдээс сонгох үүрэгтэй. Ардчилсан намын даргад ямар хүмүүсийг өрсөлдөлдүүлж болох вэ гэдэг асуудал нилээн маргаантай байгаа. Дотоод сонгуулийн хороо болон намын хуучинсаг хэсэг олигархи бүлэглэлийн зүгээс хавчин гадуурхах, намын шинэ гишүүдийн намын даргад өрсөлдөх үүд хаалгыг нь хаах гэсэн оролдлогууд явсан. Тухайлбал, удирдах албан тушаалд 10 жил ажилласан хүн намын даргад өрсөлдөнө гэсэн заалтыг нэмж өгсөн. Гэхдээ намын гишүүд энэ заалтыг хасч чадсан. Сонгууль зохион байгуулах хорооноос Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн шалгуур үзүүлэлтүүдийг шинээр гаргаж ирсэн. Энэ шалгуур үзүүлэлтээр мөн л гишүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тухайлбал, Ардчилсан намд ороод 5 жил болсон хүн хамгийн багадаа 250 сая төгрөгийг өгвөл намын даргад өрсөлдөх боломжтой гэж заасан байна" гэлээ. 

Төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан С.Хавал Гаалийн газрын даргаар очно гэв үү

ТГ-аар шалгагдаж, шүүхийн байгууллагаар ял сонсож явсанБаян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавал аймгийнхаа Гаалийн газрын даргаар томилогдох гэж буй талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг уг албан тушаалд томилж болохгүй хэд, хэдэн шалтгаан бий гэх. С.Хавалын хувьд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Гаалийн газрын дарга гэх мэт албан тушаалыг хашиж ирсэн. Гэхдээ төрийн өндөр албан тушаалыг нэр төртэйгээр бус нилээн будлиантайгаар хашсан байдаг. Тухайлбал, тэрбээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нэгэн барилгын компанитай хуйвалдан барьсан байшингийх нь тоог нэмж бичиг,баримт бүрдүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөн нь хожмоо Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрч, баларч байсан юм. Үүнээсээ болж тэрбээр төрийн албанд ажиллах эрхээ тодорхой хугацаагаар хасуулж дээрээс нь 3 жилийн хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон байдаг. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилгын төсөл хэрэгжүүлсэн “Нийслэл Өргөө” компаниас хахууль авсан хэрэгт унасан гэх. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

"Далай ламд виз олгосон асуудал төрийн нууцад хамаарна"

Далай лам Монголд айлчилсан ул мөр өнөөдрийг хүртэл арилаагүй, дуулиан шуугиан ч тасраагүй байна. Энэ бүхний эцэст Далай ламд виз олгосон Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамны консулын ажилтанг ажлаас нь халсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар ГХЯ-аас тодруулахад “Далай ламд виз олгосон ажилтныг ажлаас нь халсан асуудлын хувьд "Энэ нь өөрөө Төрийн нууцын зохих зэрэглэлтэй холбоотой учраас ямар нэгэн хариу, тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна " гэсэн хариултыг өглөө. 

Г.Байгалмаа: Хятадын талтай удаа дараа уулзаж таагүй байдлаа арилгахаар ажиллаж байна

ГХЯ-наас өнөөдөр сар бүр зохион байгуулдаг  “Мэдээллийн цаг” уулзалтыг зохион байгууллаа.Энэ үеэр Хятад Монголын харилцааны талаар тодруулахад ГХЯ-ны Хөрш орнуудын  газрын дэд захирал Г.Байгалмаа "Хятадын талтай удаа дараа уулзаж таагүй байдлаа арилгахаар ажиллаж байна. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг.Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн. Энэ байр сууриа өндөр дээд түвшинд болон хоёр талаас хамтран гаргасан улс төрийн бүх баримт бичгүүдэд тусгасан байдаг. Үүнийгээ ч цаашид баримталсаар байх болно.
Далай ламын айлчлалаас үүдээд зарим асуудал зогсонги байдалд орсон талаар Гадаад харилцааны сайд та бүхэнд өмнө нь мэдээлэл хийсэн.
БНХАУ-тай цаашид урт хугацаанд, тогтвортой харилцаагаа хөгжүүлэхийн төлөө үүсээд буй таагүй байдлыг сэргээхээр ажиллаж байна. Хятадын талтай албан болон албан бусаар удаа дараа уулзаж, таагүй байдлыг арилгахын төлөө ажиллаж байна" гэлээ. 

БНСУ-ын визний өршөөлийн аян 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна

БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын алба тус улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж явуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Энэхүү аянд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд мөн хамрагдах бөгөөд энэ тохиолдолд эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих шаардлагатай юм байна.

Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зуут
хятадад 5 толгоиг өгөх нь
2016/12/13 59.153.87.33