БСШУЯ-наас энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг гаргасан. Ингэснээр жил бүр сургуулиуд баталсан хуваарийн дагуу амарч байхаар болж буй.
Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баяртай холбогдуулан сурагчдыг амралтыг жил бүр зохицуулах биш тогтсон амралттай болж байгаа юм. Харин хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төллөлтийн үеэр амраах зохицуулалт хийх эрхийг аймгийн Засаг дарга нарт олгожээ.
Нийслэлийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амрана.
Мөн бага ангийн сурагчдын энэ жилээс эхлэн зуны амралтыг эрт эхлүүлэхээр болсон. Тодруулбал, 1-2 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас, 3-5 ангийн сурагчид зургаадугаар сарын 1-ээс тус тус амрана.