8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг: МАН “Чингис” бондыг үгүйсгэж, их бүтээн байгуулалтыг зогсоох ажиллагааг явуулж байна

2016-12-14 16:29:00

Яг одоо УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан  Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн  шалгалтын дүнг хэлэлцэж байна. Харин АН-ын бүлгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтэд “Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг даван туулахын тулд  “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон. Энэ бондоор эдийн засгийн уналтыг тогтоон барьж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг хадгалж өргөтгөх, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлж  хэрэгжүүлсэн.

Гэвч МАН “Чингис” бондыг үгүйсгэх, улмаар их бүтээн байгуулалтыг зогсоох, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч тэднийг  төөрөгдүүлэн "тархи угаах" үйл ажиллагааг тасралтгүй явуулж улмаар төрийн эрх мэдлийг авмагцаа Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийжээ. Харамсалтай нь энэ ажлын хэсэг эдийн засгийн дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргахын оронд өнөөдөр үүсээд буй эдийн засаг санхүүгийн хүндрэлийг эргэн төлөлт нь хийгдэх болоогүй, 2022 болон 2023 онд үндсэн хэсэг нь төлөгдөх хуваарьтай “Чингис”, “Самурай” бондтой холбох гэж оролдсон нь илт байна.

Нөгөө талаар Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж иржээ. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэгт сэрэмжлүүлэн сануулж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын материалтай танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа  учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага  ажлын хэсгийн дүгнэлт гэж  хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар  хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Албажаагүй, эцсийн байдлаар Улсын Их Хурал, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын “дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ажлын хэсгийнхэн энэ үйлдэлдээ баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна гэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hovsgol taig
Lalaruudaa togoo toirson heruulees oor hiih ajil alga uu, esvel end irj mal malla!
2016/12/14 202.179.23.19
  • Recent
  • Most Read
  • Most Comment