8o
Улаанбаатар хот
mobile menu

Байнгын хороо: 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банк руу шилжүүлсэнээс 694 тэрбум төгрөг дутаад байна

2016-12-14 17:45:00

Нийт 370 зээлээс 93 зээлийн хугацаа төлөгдсөн байна

Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтран хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ажлын хэсэг танилцууллаа. Тус банк УИХ болон Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр хөрөнгөө захиран зарцуулах үүрэгтэй. Гэтэл 2012 оноос тус банк УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна гэж Ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ.  Уг дүгнэлтэд “Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсантай холбоотой хяналтын удирдлага алдагдсан. Бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан” гэжээ. Дүгнэлтийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Хөгжлийн банкны эх үүсвэрийг 4 төрлийн валютаар төвлөрүүлсэн байна. Одоогийн байдлаар нийт 370 зээлээс 93 зээл хугацаандаа төлөгджээ. Монгол төгрөгөөр 2.2 их наяд төгрөг, 1.7 тэрбум ам.доллар, 32.1 сая евро, 34 тэрбум иенээр байршуулсан. Ингээд нийт 5.6 их наяд төгрөг төвлөрсөн байна. Эх үүсвэрүүдийн эргэн төлөлт 2017 оноос хийгдэх юм байна. Тодруулбал, ирэх онд 1.8 их наяд, 2018 онд 1.5 их наяд төгрөгийн зээлийг төлнө. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн 34.7 их наяд төгрөг буюу нэг их наяд төгрөгийн зээлийн хугацааг сунгасан. Хөгжлийн банк валютын ханшийн зөрүүнээс 155.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2.5 тэрбум төгрөгийг олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуулсан. 2011-2016 оны хооронд томилолтын зардалд 3.8 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Энэ онд тус банк алдагдалтай ажиллажээ. Энэ нь валютын ханшаас шалтгаалсан эрсдэл үүссэн байна. Цаашид Засгийн газраас дэмжиж хөрөнгийг нь дэмжих шаардлагатай. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа учраас алагдалд орж болзошгүй аж.

 Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат гурван жилийн дотор 3.8 тэрбум төгрөгөөр гадаадад айлчилжээ 

Хөгжлийн банкны стратеги, бодлогын хүрээнд зөрчил гарсан байна. Гүйцэтгэх удирдлагын  баг нь мэргэжлийн бус, салбарын хэмжээнд ажиллаж байгаагүйгээс доголдолд гарсан гэж үзжээ. Урсгал зардал, төсөвт өртөг нэмэгдсэн зөрчил Хөгжлийн банкнаас илэрчээ. Үүнд “Блүүмберг” телевизтэй 1.8 сая ам.доллараар гэрээ хийж, Санкпетрбургт айлчлахад хоногийн 1.2 сая төгрөгөөр төлөвлөсөн байжээ. Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат гурван жилийн дотор 3.8 тэрбум төгрөгөөр гадаадад айлчилжээ. 

Ийнхүү ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулсны дараа байнгын хорооны гишүүдийн асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Бид 4.3 их наяд төгрөгийн өр авлагатай хүлээж авсан. Улс төрийн зорилготой шалгалт хийсэн нөхөд өөрсдийгөө хамгаална. Үүрэг хариуцлага хүлээж байсан хүмүүсээс оролцуулж болоогүй юм уу. Баталгаажаагүй байхад олон нийтэд цацдаг асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: -Ажлын хэсгийн дүгнэлт Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Евро бонд 2012 оны 12 сард 520 сая ам.доллар орж ирсэн байна. Засгийн газар  2012 оны наймдугаар сард томилогдсон. Евробондын хувьд төслийн 56 нэгж зарцуулсан байна. 2000 гаруй аж ахуй нэгжтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дурдаагүй. Гэмт хэргийн шинжтэй, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа асуудлыг ил болгохыг Засгийн газар шаардсан. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Хөгжлийн банкны 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан асуудлыг тухайн үеийн Сангийн сайд одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шийджээ гэж Ж.Батзандан гишүүн мэдээлжээ. Тухайн үеийн хуралдааны тэмдэглэл надад холбоотой байна вэ? Тухайн үед Хөгжлийн банк ямар чиг үүргийн сайдад холбогддог байсан бэ?

-Ажлын хэсэг: Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга н.Шинэбаатар гаргасан байдаг. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Хөгжлийн банкинд төвлөрүүлэхээр нийтдээ 6 их наядын бонд босгосон. Үүнээс үр дүнгээ өгч, бүтээн байгуулалт өгсөн төсөл бий. Харин зарим төсөл тодорхойгүй явагдсан.  6 дахь удаагийн шалгалтын дүн гарч байна. ҮАБЗ-өөс эхлээд шалгасан дүгнэлтэд зөрчилдсөн зүйл алга. МАН цөөнхийн бүлэг байхдаа Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, шалгалт хийлгэсэн.  6 их наяд мөнгөний зарцуулалтыг гаргачихмаар байгаа юм. Зээл нь хууль ёсны дагуу зарцуулагдсан уу, эрсдэлтэй юу гэдгийг л хууль ёсны дагуу шалган тогтоох хэрэгтэй. “Гудамж” төслөөр хийгдсэн ажил төсөвт өртгөөсөө хэд дахин нэмэгдсэн гэсэн. Гэтэл бүхэлд нь 2000 аж ахуй нэгжийг зээл авсан, буруутайд хамааруулаад байна. Хууль ёсны дагуу зээл авсны хүний нэг би. Харин хууль бусаар зээл авсныг хууль ёсны зээл авагчтай хольж хутгаад байх юм. Үүнийг ажлын хэсэг ялгаж, салгаж болоогүй юу?

- Ажлын хэсэг: Хөгжлийн банкны веб сайтад мэдээлэл байрлуулсан. Хөгжлийн банк арилжааны банкнуудад зээл олгосон. Арилжааны банкнуудын олгосон зээлийн мэдээллийг ил болгоогүй. Арилжааны банк өөрсдийн журмын дагуу зээлээ олгосон байдаг. Аж ахуй нэгжүүдийн бизнесийн нууцлалтай холбоотойгоор зарлаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчид орж, мэргэжлийн дагуу ажилласан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Хөгжлийн банкинд жил бүр аудит хийж байсан. Тэр аудитын дүгнэлт зөв байсан уу?  Энд яригдаад байгаа Шинэбаатар Эрдэнэтийн 49 хувьд холбогдсон хүн мөн үү?

- Ажлын хэсэг: Шинэбаатар тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хүн. Ажлын хэсэг Хөгжлийн банкин зөрчил дутагдал байна, үргэлжлүүлж шалгуулъя гэсэн дүгнэлт гаргасан. АТГ-т шалгалтын дүгнэлтийн материал хүргэгдсэн. Албан тушаалаа урвуулан ашигласан зүйл анги АТГ-ын харъяанд байдаг. 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Монголбанкнаас төгрөгөөр болон ам.доллараар Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Үүнээс 694 тэрбум төгрөг дутаад байгаа юм. 

Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкинд хийсэн 6 удаагийн шалгалтын дүнд дурдагдсан зөрчлүүд давхцаж байна. ҮАБЗ, Аудитын 2 удаагийн шалгалт, Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг гэх мэт. 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment