8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зориг агсны шүүх хурал хойшилж, АН-ын бүлгээс Хөгжлийн банкны асуудалд дүгнэлт гаргасан өдөр

2016-12-14 18:57:00

Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 18 жилийн өмнө буюу 1998 оны арван сарын 2-ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Эл хэрэг өнөөдөр анх удаа шүүхийн хаалгаар орсон ч өмгөөлөгч нарын хүсэлтээр энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлууллаа. Энэхүү үйл явдал нь өнөөдрийн гол сэдэв байв. Ингээд өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Timeline: С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн дуулиант хэргийн эргэн тойронд

С.Зориг агсны хэргийн шүүх хурал 7 хоног хойшиллоо

2016-12-14 13:05:00

Өглөө эхэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр долоо хоногийн хугацаанд хойшлууллаа. Өглөө шүүх хурал 10.28 минутад эхэлж, 13.10 минут хүртэл үргэлжиллээ. Дараагийн шүүх хурал  арванхоёрдугаар сарын 21-нд 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа "Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргажээ. Өнөөдрийн хуралд хохирогчдын талаас УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох мэдээлэл байсан ч тэрбээр Шүүх танхимд ирсэнгүй. Шүүх хурал болж буй газар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсан ч одоогийэн байдлаар цагдаагийн хамгаалалт суларч, явж байгаа аж. 

Л.Жавзмаа: Миний бие хүнд байгаа тул шүүх хурлын талаар мэдээлэх боломжгүй

2016-12-14 13:29:00

Сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "Миний даралт ихэсч, толгой өвдөж, бие муу байна. Иймээс шүүх хурлын талаар мэдээлэх боломжгүй" гэв.  Мөн сэжигтний ар гэрийнхэн шүүх хуралдаанд Б.Булган, С.Оюун, Э.Бат-Үүл нарыг гэрчээр байлцаагүйд шүүмжлэлтэй хандаж байна. 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ

2016-12-14 11:35:31

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө гарсан билээ. 18 жил хүлээгдсэн тус хэргийн шүүх хурал дөнгөж сая  хорих 461 дүгээр ангид эхэллээ. Шүүх хурал хаалттай горимд шилжсэн байна.Шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцож байна. 

Шуурхай: С.Зориг агсны хэргийн шүүх хурал эхлэх гэж байна

2016-12-14 10:20:00

С.Зориг агсны хэргийн шүүх хурал яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид эхлэх гэж байна. Одоогийн байдлаар шүүх бүрэлдэхүүн болон хэвлэлийнхэнийг шүүх танхимд оруулсан бөгөөд эхлэхэд бэлэн болоод байна. Харин одоогоор шүүгдэгч нар орж ирээгүй байгаа юм.Шүүх хурлын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Хорих 461: Сэтгүүлчдийн ажлын үнэмлэх, машиныг шалгаж байна

2016-12-14 09:54:00

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал тун удахгүй буюу 10.00 цагт хорих 461-р ангид эхлэх гэж байна. Одоогийн байдлаар хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарсан. Мөн үүнээс гадна шүүх хурлыг сурвалжилхаар очсон 30 гаруй хэвлэл мэдээллийн  байгууллагын 55 сэтгүүлчийн ажлын үнэмлэхийг шалгах мөн тэнд очсон машины бичиг баримтыг шалгаж байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ. Мөн 461-р ангид утасны сүлжээ унагаагч байршуулаад байна.

Хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарлаа

2016-12-14 09:16:00

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал тун удахгүй буюу 10.00 цагт хорих 461-р ангид эхлэх гэж байна. Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар, Улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар томилогдсон. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм. Харин хэргийн хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцоно гэсэн мэдээлэл байна. Яг одоо хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарсан талаар манай сэтгүүлч мэдээллээ. Мөн үүнээс гадна хорих 461-р ангид утасны сүлжээ унагаагч байршуулсан байна. 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг 55 сэтгүүлч сурвалжилна

2016-12-14 08:40:00

Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн эдгээр хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.2-т зааснаар хангана. Шүүх хуралдааны явцын талаарх шаардлагатай мэдээллийг албаны эх сурвалж тухай бүр мэдээлнэ.

chuhal.mn

С.Бямбацогт: Хууль зөрчсөн, зөрчөөгүй болохыг нь ялгаж салгаад ил зарлах хэрэгтэй

Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтран хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна.Энэ үеэр Хууль зүйн сайд С.Бямбацогт "Хөгжлийн банк гэхээр л улстөржиж, бие биенээ гүтгэж доромжилдог боллоо. Нийт 6 их наяд төгрөг босгосноос орон нутгийн аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Гудамж төсөл, томоохон үйлдвэр аж ахуй нэгж байгуулсан, иргэдийн олноор ажлын байртай болгосон гээд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй байгаа. Өнгөрсөн парламентийн үед Хөгжлийн банкны санхүүжилтэд цөөнгүй хууль зөрчсөн, хуудуутай зүйл байж магад тул шалгах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс тавиад эхлэх үеэс л энэ асуудлыг улстөржүүлж, бие биеэ доромжлох, гутаах, ажлууд эхэлсэн. Тухайн үед МАН-ын бүлэг 26 гишүүнтэй байхдаа шалгая гэж  Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 2015 онд байгуулсан. Шалгаад эхэлмэгц л асуудлыг улстөржүүлж Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд болон миний биеийг зээл авсан гэж гүтгээд асуудлыг улстөржүүлсэн. Гэтэл өнөөдөр АН-ынхан  “биднийг гүтгэж байна” гээд сууж байна. Одоо ч УИХ дахь АН-ын бүлгээс ард иргэдийн тархийг угаах төөрөгдүүлэх зорилгоор шалгалт хийж, шалгалтын дүнг танилцуулж байна гэж байна. Ажлын хэсгээс нийт 6 удаагийн шалгалтын дүнг танилцуулж байна шүү. Асуудлын гол нь 6 их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг харыг нь хараар, цагааныг цагаанаар ил гаргаад зарламаар байна. 1.3 их наядын зөрчил илэрлээ гэж байна. Төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, хууль бусаар санхүүжилт авсан, зарцуулсан нь энэ хуулийн дагуу зээл аваад бүтээн байгуулалт хийж, улсад татвараа төлж, иргэдийг ажлын байраар хангасан нь энэ гээд ялгаж салгаад өгч болдоггүй юм уу. Зээл авсныг нь авснаар нь, хууль зөрчсөнийг нь зөрчсөнөөр нь, зөрчөөгүйг нь зөрчөөгүй гээд, хуудуутайг нь хуудуутай гээд ил зарлах хэрэгтэй" гэв. 

Энэ сарын 29-өөс хойш дөрөв хоног дараалан амарна

Засгийн газрын хуралдаанаар ажлын өдрийг шилжүүлэх асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал, Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

АН-ын бүлгээс Хөгжлийн банкны асуудлаар дүгнэлт гаргалаа

Яг одоо УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан  Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн  шалгалтын дүнг хэлэлцэж байна. Харин АН-ын бүлгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтэд “Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг даван туулахын тулд  “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон. Энэ бондоор эдийн засгийн уналтыг тогтоон барьж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг хадгалж өргөтгөх, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлж  хэрэгжүүлсэн.

Гэвч МАН “Чингис” бондыг үгүйсгэх, улмаар их бүтээн байгуулалтыг зогсоох, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч тэднийг  төөрөгдүүлэн "тархи угаах" үйл ажиллагааг тасралтгүй явуулж улмаар төрийн эрх мэдлийг авмагцаа Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийжээ. Харамсалтай нь энэ ажлын хэсэг эдийн засгийн дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргахын оронд өнөөдөр үүсээд буй эдийн засаг санхүүгийн хүндрэлийг эргэн төлөлт нь хийгдэх болоогүй, 2022 болон 2023 онд үндсэн хэсэг нь төлөгдөх хуваарьтай “Чингис”, “Самурай” бондтой холбох гэж оролдсон нь илт байна.

Нөгөө талаар Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж иржээ. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэгт сэрэмжлүүлэн сануулж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын материалтай танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа  учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага  ажлын хэсгийн дүгнэлт гэж  хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар  хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Албажаагүй, эцсийн байдлаар Улсын Их Хурал, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын “дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ажлын хэсгийнхэн энэ үйлдэлдээ баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна гэсэн байна.

C.Бямбасүрэн: Д.Булган, С.Оюун, Э.Бат-Үүл нар шүүх хуралд оролцоогүй нь сонин санагдаж байна

Тэртээх 1998 оны 10 сарын 2-ны өдөр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийн учиг зангилаа тайлагдахгүй, маш нууцын зэрэглэлт шалгаж байгаа бөгөөд  өнөөдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэргийн шүүх хурал хаалттай эхэлсэн ч долоо хоногийн хугацаагаар хойшиллоо. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа билээ. Ингээд хэрэгт шүүгдэгчээр татагдаж, хорих ангид хоригдож байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа. 

-Шүүх хурал эхэлчихлээ. Шүүх хурлын талаар сэтгэгдлээ хуваалцана уу? 

-Шүүх хуралд оролцох санаатай ирсэн. Гэтэл хаалттай гээд шүүгчдэгч нарын гэр бүлийнхэнийг оруулсангүй. Юу болох бол гээд гаднаас нь харж зогсоно. Шүүх хуралд оролцуулахгүй байгаад гомдож байна. Яаж шийдэгдэх бол гэхээс зүрх зүсэгдэж байна. Гэхдээ хүн хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдлэхгүй байлгүйдээ.  

-Танай эхнэрийг хэзээ хорьсон вэ? 

-2015 оны 8 сарын 31-ны өдөр ажил дээрээс нь гэнэт баривчилсан. Манай эхнэрийг ажил дээрээс нь бариад аваад явсан жил нь хүүхэд маань дөнгөж 1 нас дөрвөн сартай байсан. Бидэнд үнэхээр хэцүү, хүнд өдрүүд болж байна. 

-Хоригдсон өдрөөс хойш хэдэн удаа уулзсан вэ? 

-Цөөхөн уулзсан. Ганц, хоёр удаа эргэлтээ очсон. Бие нь их тааруу харагдаж байна лээ.Сэтгэл санаагаар маш их унаж байгаа. 

Д.Булган, С.Оюун, ялагдагчаар татагдаж байсан Э.Бат-Үүл нарийг шүүх хуралд оролцоогүй нь сонин санагдаж байна. Эдгээр хүмүүс хэрэгт хамгийн их хамааралтай хүмүүс шүү дээХэрэв гэмгүй хүн шүүхээр ороод ял авбал надад хэлэх зүйл алга. 

-Уулзахад хэргийн талаар та бүхэнд ямар нэгэн мэдэээлэл өгсөн үү?

-Нууцын зэрэглэлтэй гээд хэргийн талаар бидэнд юу ч яриагүй. Хамгийн гол нь хийгээгүй хэргийнхээ төлөө өнөөдрийг хүртэл хоригдож байгаад харамсаж байна. Монголын шүүх байгууллага энэ хэргийн үнэн, зөвийг шударгаар шүүгээсэй л гэж бодож байна. Бас найдаж байна.  

-Хэргийн ганц эзэн холбогдогч болох Д.Булган, С.Оюун нар шүүх хуралд ирсэнгүй. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

 -Хаалттай шүүх хуралд хэвлэлийнхнийг оруулаад, биднийг оруулахгүй байгаад бид гайхаж байна. Бид ар гэрийнхэн нь. Д.Булган, С.Оюун, ялагдагчаар татагдаж байсан Э.Бат-Үүл нарийг шүүх хуралд оролцоогүй нь сонин санагдаж байна. Эдгээр хүмүүс хэрэгт хамгийн их хамааралтай хүмүүс шүү дээХэрэв гэмгүй хүн шүүхээр ороод ял авбал надад хэлэх зүйл алга. Тэмцэнэ. Шүүхийн байгууллага үнэн зөвөөр нь шүүгээсээ билээ. 

-Дөнгөж сая хохирогч болон шүүгдэгч хоёрын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурлыг 7 хоног хойшлуулсан шийдвэр гаргалаа. Үүд ямар байр суурьтай байна вэ? 

-Яагаад шүүх хурлыг хойшлуулсан талаар гадна зогсоо надад ямар ч мэдээлэл алга. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хойшиллоо гэсэн мэдээлэл гарсан талаар манай хамаатнууд надруу ярьж байна. Шүүх хурал яагаад хойшлуулсан юм бол гэж бодож л зогсоно. 

-Хэргийг ямар өмгөөлөгч өмгөөлж байгаа талаар танд мэдээлэл байна уу? 

-Хэн гэдэг өмгөөлөгч өмгөөлж байгаа мэдэхгүй байна. Хэрэг маш нууцлалын зэрэглэлтэй гэдэг үгнээс болж хэрэг нэлээд бүрхэг байна.

АН-ын даргад Л.Болд, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Ардчилсан нам  анх удаа намын даргаа гишүүдээсээ сунгаагаар зохион байгуулж байгаа бөгөөд намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 17 хүртэл бүртгэнэ. Ингэснээр намын даргын сурталчилгаа албан ёсоор эхлэх ажээ.

Өчигдрийн байдлаар АН-ын даргад нэр дэвших хүн 250 сая төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаа хүн цөөнгүй байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, Л.Гантөмөр нар эсэргүүцэж байсан ч намын даргад нэр дэвших хүсэлтэй хүмүүс мөнгөө төлж чадахгүй бол нэр дэвшихгүй байж болно гэх байр суурийг ч илэрхийлж буй хүмүүс бий.

Харин эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. АН-ын дарга ирэх сарын 29-нд намын бүх гишүүдийн сонгуулиар тодруулна.

Бичигтийн боомтод байсан 64 адуу өвс, тэжээлгүйн улмаас үхжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас адууг амьдаар нь экспортлохыг хориглосон захирамжийг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд гаргасан билээ. Эл захирамжийг БНХАУ-руу адуу экспортолдог аж ахуй нэгжүүд зөрчин, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод амьд адуу тээвэрлэн очжээ. Улмаар хилээр нэвтрүүлэхгүй хориглосноос үүдэн олон адуу үхэж, хоргодох явдал их гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд өвс тэжээлгүйн улмаас үхэж хоргодсон 64 адууны сэг зэмийг мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн сумын ЗДТГ-ын тогтоосон цэгт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж устгуулсан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах бичигтийн боомтод  олон тооны адуу гацаад байгаа билээ.

Дэлхий дахинд: Хятадаар тоглох хэрэггүй

Өмнөд Хятадын далайн хэсэгт Бээжингийн удирдлагууд Тайвань руу “Шиан H6” атомын бөмбөгдөгч онгоцыг илгээж магадгүй болоод байна. Учир нь 40 жилийн турш дагаж мөрдөж байсан “Нэг Хятад” бодлого нь бүх Хятадын ард түмний уур хилэнг төрүүлээд байна.   

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт өгсөн ярилцлагадаа “Нэг Хятад бодлого”-ыг дэмжин ажиллахгүй. Гэхдээ худалдааны салбарт хамтран ажиллах боломжтой” гэжээ. 1979 онд Тайвань Хятадын нэг муж улс болохоосоо татгалзаж коммунист биш ардчилсан дэглэмийг сонгон салан тусгаарласан аж.

Тайванчууд бие даасан засаг захиргаатай бөгөөд өөрсдийгөө Хятадын нэг муж бүс биш гэж тодорхойлдог. Гэвч нийт америкчууд хүч нөлөөгөөрөө Бээжингийн Хятадууд хэрэгтэй болохоос Тайванчууд хэрэгггүй гэж үзэж байгаа юм. Гэтэл Трампын үйлдэл нь нийт иргэдийн бодож байгаатай таарахгүй зөрчилдсөөр байгаа юм.     
Геополитикийн хувьд БНХАУ болон Хойд Солонгос цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажилладаг бөгөөд Трамп Хятадуудыг нэг их хүндлэхгүй байгаад гайхах юм байхгүй гэж үзэж байна. Дэлхийн улс төр, эдийн засгийн чиг хандлагыг зөв тогтоохын тулд БНХАУ, АНУ-ын хамтын бодлого чухал гэдгийг дэлхий нийт анхааруулж байна.

Одоогийн нөхцөл байдалд Хятад-Америкийн харилцаа тогтвортой гэж хэлэхэд тун хэцүү байна. Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятадууд нэг тэрбум ам долларын онгоц, хэрэгслийг АНУ-аас худалдан авахаар болсон.Ингэвэл АНУ-ын хувьд худалдааны салбарт хийглсэн томоохон үр дүнтэй ажил юм. Энэ жилийн тухайд 163 онгоцыг 11 тэрбум ам долларын өртөгтэй онгоцыг Хятадууд АНУ-аас худалдан авчээ.

chuhal.mn

Эх сурвалж:BBC

"Севол" хөлөг онгоцны ослын үеэр Пак Гын Хэ хаана, юу хийж байсныг тогтооно

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиантай холбоотой гурав дахь байцаалт өнөөдөр тус улсын парламентын танхимд эхэлж байна.

Хууль тогтоогчид энэ удаа 2014 оны дөрөвдүгээр сард Севол хөлөг онгоц осолдож 300 гаруй сурагч амиа алдах үед Пак Гын Хэ хаана юу хийж байсныг гэрчүүдээс байцаах юм. Ерөнхийлөгчийн үүргээ мартсан Пак хатагтай энэ үед гоо сайхны хагалгаанд орж байсан тул долоон цагийн турш хаана байгаа нь мэдэгдэхүй, олдохгүй байсан гэсэн яриа гараад байгаа.

Парламентын байцаалт дээр нийт 17 хүнийг гэрчээр дуудсаны дотор Хөх ордны эмч асан хүмүүс, ерөнхийлөгчийн арын албаныхан зэрэг багтаж байна. Зарим нэг гэрчүүд мэдүүлэг өгөхөөс татгалзаж чуулганы танхимд ирээгүй бөгөөд парламент тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Korea Times

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл