8o
Улаанбаатар хот
mobile menu

Гялгар цаасаар Хөгжлийн банкийг яллахыг оролдож байна гэв

2016-12-15 09:00:00

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн мэдээллийг сонсож, гишүүд асууж санал хэллээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Хувьд барьсан байшингаа төрд 28 тэрбум төгрөгөөр шахаж, энэ шийдвэрийг гаргасан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргынх нь мэдээллийг олон нийтэд зарлаач ээ. Хөгжлийн банкнаас тараагдсан материалд Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкинд 420 тэрбум төгрөг байршуулсан байгаа. Зам тавих, үйлдвэр барихад зарцуулагдах ёстой зээл нэг эзэнтэй хоёр банкинд байршуулсан байна. Бас л ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарын нэр явж байна. Ямар ч тэнэг хүн харсан Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлчихсан юм биш үү. Бондын мөнгөөр гараа угаасан нь харагдаж байна, 28 тэрбум төгрөг бага мөнгө биш.

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат: ТУЗ шийдвэр гаргаад дээрх байрыг худалдаж авсан. Тухайн үед Хөгжлийн банк түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, ашиглалтын зардалд сард 40 сая төгрөг зарцуулдаг байсан юм билээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Ажлын хэсгийнхэн асуусан асуултад тодорхой хариулна шүү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: Шүүх хуралд суугаад байгаа ч юм шиг их сонин байна. Хөгжлийн банкийг Д.Дэмбэрэл даргатай УИХ байгуулсан нь их зөв байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж чадахгүй ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр хийхээр болж, анх байгуулсан. Ингэснээр олон жил төсвийн хараат байсан Монгол орон 10 жилтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд босгосон байдаг. Харамсалтай нь, Ардын нам Засгийн эрхийг авангуутаа Хөгжлийн банк, төсвөөс тусдаа явсныг буруу гээд төсөв рүү нэгтгэж, буруу зам руу оруулсан. Одоо энэ банкийг шалгаж үзээд дампуурч байна гэдгийг зарлах юм байна.  Гуравт нь, юу болох вэ, Хөгжлийн банкны хөрөнгийг идэж уугаад дууссан учраас одоо хувьчил гэдэг юм оруулж ирнэ.  Энэ банкны хөрөнгийг төсөвт нэгтгэснээр юу болов, төсвийн алдагдлыг 10 хувь руу оруулаад олон улсын зах зээл дэх Монголын зээлжих зэрэглэлийг бууруулснаар хэн хожив. Хөгжлийн банкнаас хэн зээл авсан бэ гээд их юм болж байна, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн гаргах 130 аж ахуйн нэгж зээл авсан. Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 210, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 710 аж ахуйн нэгж зээл авсан. Олон жил тавьж чадаагүй 2450 км замыг хоёр, гуравхан жилийн хугацаанд тавьсан, “Гудамж” төслөөр 116 км зам барьсан, 70 мянган өрх орон сууцтай болсон. Яагаад та бүхэн энэ бүхнийг ярихгүй байгаа юм бэ?. Байнгын хороо бол улс орны бодлогын өнцгөөс асуудлыг харж шийддэг байгууллага болохоос биш, шүүх биш.  Энэ ярианы цаана Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр босгох бондын хүүгийн эрсдэл нэмэгдэнэ, хариуцлагыг нь хэн хариуцах юм. Тийм учраас би энийгээ болиоч ээ гэж гуйж байна. Мэдлэггүй, мэдээлэлгүйгээсээ, бие биенээ хорих хүслээс болж ийм юм хийсэн шүү.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ гялгар цаасаар Хөгжлийн банкийг яллахыг оролдож байна. Ардчилсан нам арагшаа харж ажилладаггүй, урагшаа харж ажилладаг байсан. Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн гэлээ, 690 тэрбум төгрөг нь ханшийн алдагдал юм байна. Хэдийг нь Ардын нам гаргаж, хэдийг нь Ардчилсан нам гаргасныг та бүхэн тооцсон уу. Ардчилсан нам бонд гаргаж байхад ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1700 байсан, ажил хүлээлцэхэд 1900 байсан, өнөөдөр 2500 болсон. Тийм болохоор ханшийн эрсдлийн 30 хувийг нь Ардчилсан нам, 70 хувийг Ардын нам хүлээнэ шүү.  28 тэрбумаар 3300 км талбайтай байр авна гэдэг хулгай, гэхдээ зөрчил чинь 720 тэрбум болж зогсчихоод байна. 1.3 их наядын зөрчлөө нэгбүрчлэн хэл дээ. Ажлын хэсгийн гишүүний тайлбарласнаар 1.3 их наядын зөрчилд “Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар барйшуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс 694 тэрбум төгрөгийн, Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзсэн нь зөрчилд орж байгаа байгаа аж.  Мөн “Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан нь зөрчилд хамаарч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Өнгөрсөн дөрвөн жилийн өмнөх Засгийн газрын үеэс төсвийн сахилга бат байхгүй болж, санхүүгийн эрээ цээргүй байдал газар авсан нь Хөгжлийн банк маш хүнд байдалд орсон. УИХ нь хэдэн төгрөг гаргаж байгааг нь мэдэхгүй, ганцхан сайдын үзэгний үзүүрээр зардал тэрбум болж өсдөг. Энэ бүхэн Үндэсний аюулгүй байдлын шалгалт, Үндэсний аудитын газрын хоёр удаагийн шалгалт, Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалт, УИХ-ын Байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр энэ бүхэн батлагдаж байгаа. Тийм байтал энэ бүхнийг саармагжуулахын тулд янз бүрийн юм зохиож ярьж байна.Хөгжлийн банкны хөрөнгийг Шийдлийн Засгийн газрын үеэс зарцуулж эхэлсэн. Бүлэглэлийн зохион байгуулалтын шинжтэй хөрөнгийг үрэгдүүлсэн тул хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаар үргэлжлүүлэн шалгуулах ёстой. Ингэхгүй толгойг нь илээд өнгөрвөл Монголд хууль дээдлэх зарчим алдагдана. Гэмт хэргийн шинжтэй дүгнэлтийг нь шалгуулах ёстой. 
Хоёрт Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчинг сайжруулах ёстой. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Шалгаж тогтоох юм нэлээн байгаа байх. Жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг. Хөгжлийн банк чухал банк шүү. Хуулиа шуурхай өргөн баримаар байна гэж хэллээ.
Хамтарсан байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment