Баяр наадам болон цагаан сарын үеэр яригддаг гол асуудлуудын нэг нь морь унаач хүүхдийн асуудал байдаг. Сүүлийн хоёр жилд 593 хүүхэд мориноосоо унаж хүнд, хөнгөн бэртэл авсан гэх судалгаа гарсан байдаг ч энэ тал дээр төдийлөн сайн ажил хийгдээгүй хэмээн хэлж болно.
Монгол улсын хүний эрхийн комисс, цагдаагийн байгууллагатай хамтарсан судалгаагаар зөвхөн энэ онд 169 хүүхэд урд хөршид хурдан морь унахаар хилээр гарсныг тогтоосон байна.
Гэхдээ тэдний найм нь морь унахаар явж байгаа тухай визийн мэдүүлэгтээ дурдсан бол бусад нь ямар хэргээр явж буйгаа өөр өөрөөр дурдсан байсныг албаныхан хэлж байна. Тэдний мэдээлснээр хурдан морь унахаар явсан хүүхдүүд эргэж орж ирсэн ч урд хөршид байх хугацаандаа ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа аж.