8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслахыг уриалав

2016-12-15 18:12:00

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон донор байгууллагуудын удирдлагуудтай шадар сайд У.Хүрэлсүх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад НҮБ, “Улаан загалмай”, “Улаан хавирган сар” нийгэмлэг тэргүүтэй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож,  өвөлжилт хүндэрч буй аймаг, сумдын малчдад тусламж үзүүлэх талаарх  асуудлыг хөндөн ярилцлаа.

Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр “Зарим олон улсын болон донор байгууллагууд зудын гамшгийн эрсдэлийн үнэлгээг өөрийн үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдад өмнө нь хийсэн. Судалгааг одоо  ч үргэлжлүүлэн хийж байгаа гэж надад мэдээлсэн. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг урьдчилсан байдлаар санаачлан хэрэгжүүлж буй байгууллагуудад талархал илэрхийлье. Засгийн газрын энэ долоо хоонгийн хуралдаанаар өвөлжилтийн хүндрэлийн асуудлыг авч хэлэлцээд тухайлсан аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлээд байна.

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сум, баг, малчин өрх бүрт хүрч ажиллах нь бидний бас нэг зорилт юм.Тиймээс бүх түвшинд үйл ажиллагааг давхардалгүй зохион байгуулж, тусламж шаардлагатай хүн бүрт хүрч ажиллахын тулд та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. Ингэснээр олон улсын байгууллагуудын зүгээс үзүүлж болох, үзүүлэхээр төлөвлөж буй тусламж, дэмжлэгийн талаарх мэдээллийг ОБЕГ-т хүргүүлж, нэгдсэн мэдээллийн сантай болсноор холбогдох шийдвэрүүд гарахар чухал нөлөө нөлөө үзүүлэх юм” гэж онцоллоо.

Уулзалтын үеэр шадар сайд У.Хүрэлсүх манай улсад өвөлжилт хүндэрч, энэ сарын 12-ны өдрийн байдлаар 13 аймгийн 110 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрээд байгааг хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд танилцуулав. Харин ОБЕГ-ын ГШУГ-ын дарга Б.Ууганбаяр өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад ямар чиглэлээр хэрхэн тусламж хүргэх хэрэгтэй байгааг танилцуулсан юм. 

Орон нутагт хийсэн нөхцөл байдлын судалгаагаар онцгой байдлын анги, байгууллагад шаардлагатай туулц сайтай  автомашин, хүн эмнэлгийн болон цагдаагийн тасагт  автомашин, өвс, тэжээл хямдруулж олгох, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, зам давааг цаснаас чөлөөлөхөд шатах, тослох материалын дэмжлэг үзүүлэх, мөн “Шуурхай ажлын хэсэг” томилох, гарсан зардлыг шийдвэрлэх, малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, био бэлдмэлийн нөөц нэмэгдүүлэх, халаалт, шатахуун, засвар үйлчилгээний зардал шийдвэрлэх,зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийг компьютер томографын аппаратаар хангах зэрэг хүсэлтүүдийг танилцуулсан юм.

НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх та энэхүү уулзалтыг эрт хийж байгаад талархаж байна. Би аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зөв хэрэг. Тиймээс бид таны саналыг хүлээн авч ирэх долоо хоногт уулзалт зохион байгуулж, зудын гамшигт нэрвэгдэх аюултай байгаа хөдөөгийн малчдад хэрхэн туслах талаараа ярилцах болно” гэлээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар эрсдэлийн нарийвчилсан үнэлгээнд суурилан, малын хорогдлын тоон үзүүлэлтэд биш, эртнээс угтаж тусламж үзүүлж, үр дүнд тулгуурлах юм.

 

 

 

Шадар сайдын дэргэдэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн даргын үүргийг гүйцэтгэдэг билээ. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд яамдуудын дэд сайд нар, Улаанбаатар хот болон бусад газрын орлогч дарга багтдаг юм. Зөвлөл улиралд нэг удаа хуралддаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаа Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа. Байнгын ажиллагаатай зөвлөлийн гуравдугаар хурлаар өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлэх хүрээнд зөвлөлийн гишүүд болон ажлын алба  богино хугацаанд тодорхой ажлуудыг зохион байгуулсан байна.

Тухайлбал, “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага”  сэдэвт үндэсний  семинар, “Япон Улсын гамшгийн менежментийн туршлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Мөн Байнгын ажиллагаатай зөвлөлийн ажиллах журамд үйл ажиллагааны зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг тусган, шинэчлэн боловсруулсны зэрэгцээ  2016 онд хийсэн ажлын тайлан, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг нэгтгэн боловсруулсан аж.

Харин “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн өнөөдрийн хуралдаанаар тус 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүн, цаашид авах арга хэмжээ, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар 21 аймгийн боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулсан теле хурлын үр дүн, цаашид авах арга хэмжээний санал зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

Мөн энэ үеэр гамшгийн аюулаас хамгаалагдсан “Аюулгүй эмнэлэг”-ийн бодлого, үйл ажиллагаа, түүнд шаардлагатай дэмжлэг, хамтын ажиллагаа, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай Зөвлөлийн ажиллах журмын төсөл, нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэр гаргалаа.

“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн дараагийн ээлжит хуралдааныг БСШУСЯ-ны байранд зохион байгуулахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment