Засгийн газрын ажлын хэсэг Хятадын “Шинхуа” группийнхэнтэй уулзаж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал солилцсон. Уулзалтын үр дүн эхний байдлаар эерэг гарсан гэх бөгөөд Хятадын талаас Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс үүдэн Тавантолгой хөдлөх нь гэсэн эерэг мессеж нийгэмд тараад байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойг цаг алдалгүй яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг салбарын яам болон бусад холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үеэс буюу 2012 оноос өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч үүнээс хойш тус ордыг олигтойхон хөдөлгөсөн удаа нэг үгүй. Учир нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар Сү.Батболдын үед гаргасан шийдвэрийг зогсоосон юм. Тэд Сү.Батболдын Засгийн газрын гаргасан шийдвэрийг Хятадын талд ашигтай монголчуудад алдагдалтай гэж үзэж байв. Энэ цагаас хойш хоёр тал ойлголцохгүй байсаар сая нэг ширээний ард суусан нь энэ.
Эдийн засгийн хүндрэлтэй тулсан энэ хүнд цаг үед Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэх хүмүүс олон. Мөн тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буйд баярлаж, хөөрсөн иргэд ч их байна. Тэгвэл иргэдийг баярлуулсан энэхүү шийдвэрийн ард ноцтой асуудал нуугдаж буй гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Тавантолгойн 49 хувийг Хятадын талд 400 сая доллараар зарах тохироог хийсэн гэх мэдээлэл байна. Тавантолгойг хятадуудтай наймаалцах энэхүү наймааны ард ямар асуудал яригдаж буй сонин.
Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж Хятадын Чалко компаниас 350 сая долларыг зээлсэн. Энэхүү мөнгийг эх орны хишиг хэмээн 20 мянган төгрөг болгон иргэдэд тарааж дуусгасан байдаг. Энэхүү 350 сая долларын зээл тун удахгүй буюу ирэх оны хоёрдугаар сард дуусах гэж байгаа юм. Тэгвэл саяын уулзалтаар Хятадын тал уг зээлийн үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг авахаар манай талтай тохирсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Чалкотой байгуулсан гэрээний дагуу үлдсэн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Энэ хэвээр нүүрсээ нийлүүлбэл ирэх оны хоёрдугаар сард Чалкогийн өрийг тэглэж дуусах юм. Гэвч эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй бололтой. Өнгөрсөн хугацаанд манай улс нүүрсээ Чалкод зах зээлийн үнээс маш хямд үнээр нийлүүлсэн. Тодруулбал, тонн тутмыг нь 70 доллараар нийлүүлсэн.
Сү.Батболдын Чалкотой байгуулсан энэхүү гэрээг Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа голж “Зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр нүүрс нийлүүлж байгааг зогсооно” гэж мэдэгдэж гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулна гэсээр удаан маргасан ч асуудал шийдэгдээгүй өдийг хүрсэн юм.
Тавантолгойн 49 хувийг 485 сая доллараар үнэлсэн энэ наймааны цаана ямар нэгэн асуудал нуугдаж буй нь тодорхой. Тавантолгойн төмөр замыг барихаар болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцохоос гадна төмөр зам тавьсаны дараа 49 хувийг мөн эзэмшинэ. Угтаа бол төмөр зам тавих ажилд олон улсын компаниай хамтрах боломжтой. Гэвч энэ Засгийн газар зөвхөн Хятадад найр тавьж буй нь ямар учиртай вэ.
Тавантолгой бол коксжих нүүрс нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдлаг. Үүнээс дөрвөн давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс чанараараа илүү. 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Хамгийн сайн нөөцийн хувьд 100 аас дээш жил үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ их баялагийн 49 хувийг маш хямд үнээр зарахаар эрх баригчид тохирсон гэнэ.
Мэдээж 49 хувийг зарах дээрээ тулбал стратегийн чухал орд гэдэг үүднээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай. Тэгвэл Тавантолгойг хятадуудад тавьж туух асуудлыг оны өмнөхөн УИХ-аар хэлэлцэж магадгүй гэнэ. Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 29-өөс эхлэн дөрөв хоног дараалан амрах шийдвэрийг гаргасан. Тэгвэл иргэдийг олон хоногоор амруулж байгаад энэ асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Иргэдийг амарч, шинэ жилийн баяр гэж хөөрөлдөх зуурт сэмхэн уг асуудлыг хэлэлцэх нь гэх мэдээлэл байна.