8o
Улаанбаатар хот
mobile menu

Японд казино байгуулахыг хуулиар зөвшөөрлөө

2016-12-16 11:14:00

Казино буюу мөрийтэй тоглоомын газар байгуулахыг зөвшөөрөх тухай удаан хүлээгдсэн хуулийг Японы парламент өнөө өглөө баталлаа. Ингэснээр зочид буудал, худалдааны төвүүд бүхий казино, амралт зугаалгын газрыг хөгжүүлэх замыг заслаа. Мөрийтэй тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын компаниуд, тухайлбал “Wynn Resorts”, “MGM Resorts” болон “Caesars” Японд бизнес эрхлэх сонирхолтой байгаагаа хэдийн илэрхийлжээ.Казиногийн үйл ажиллагаа эрхлэгчид нь шинэ зах зээл, ялангуяа Хятадтай ойр зах зээлүүдэд нэвтрэх сонирхолтой байгаа юм. Японы парламентын доод танхимын хууль тогтоогчид уг хуулийн төслийг өнөө өглөө баталсан бол парламентын дээд танхим уг төслийг өмнө нь баталсан байсан билээ.

Казино байгуулахыг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ дэмжиж байгаа юм. Казино байгуулах нь аялал жуулчлалын салбарыг хөхиүлэн дэмжиж, эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж тэрбээр үзэж байна.Гэхдээ энэ салбарт хэрхэн зохицуулалт хийх журам хэрэгтэй байгаа учир ойрын зургаан жилдээ казино нээгдэхгүй бололтой.

“Daiwa” судалгааны хүрээлэнгийн тооцоогоор, Япон улсад ердөө гурван казино байгуулахад л жилд 10 тэрбум долларын ашиг олох боломжтой.

Гэхдээ Макао, Сингапур, Филиппин болон Өмнөд Солонгосын казинонуудад очиж тоглох боломжтой Азийн мөрийтэй тоглогчдыг өөртөө татахдаа Япон улс ялгаа зааг тогтоох хэрэгтэй гэж тус хүрээлэн үзэж байна. Хүмүүс мөрийтэй тоглоомонд донтож, нийгэмд зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч болзошгүй гэж улстөрчдийн зарим нь болгоомжилж байгаа аж.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус улсын улстөрчид казино байгуулах асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment