Дорнод аймгийн Прокурорын газраас Зэвсэгт хүчин, хил хамгаалах цэргийн анги байгууллагын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил болон цэргийн ангийн сахилгын байрны үйл ажиллагаа, ахуй нөхцөл, стандартыг шалган зааварчилж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг тууштай хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд шалгалт хийжээ.
Шалгалтанд тус аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132, 0198, 0306, 0275 дугаар ангиуд хамрагдсан бөгөөд тус ангиудад цэргийн алба хаагчдын баривчлах, хорих, ял эдлүүлэх зориулалт бүхий сахилгын болон саатуулах байр байхгүй байсан зөрчил илэрсэн бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд төлөвлөгөө гарган баталж, хийсэн ажлын биелэлт 85-88 хувь буюу хангалттай дүгнэгджээ.
Шалгалтын хүрээнд прокуророос эрх бүхий алба хаагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, анхаарах асуудал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаар тушаал "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар заавар чиглэл өгсөний гадна шалгалтаар илэрсэн, зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байхад анхаарах, үр дүнг эргэн тооцож ажиллахаар албан бичиг хүргүүлсэн байна.