8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оюутны зээл олгож, Б.Булганд холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон өдөр

2016-12-16 19:00:00

Долоо хоногийн ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе. "Хичнээн хүсээд ч чи өөрийхөө амьдралыг хүн төрөлхтнөөс тусгаарлаж чадахгүй. Чи түүний дотор, түүний тулд амьдрч яваа. Нэг гар нөгөө гартаал, нэг хөл нөгөө хөлдөө, толгой эрүүндээ тус дэм болдог шиг хүн хүндээ тус болж явахын тулд төрдөг юм" гэдэг сайхан үгээр ажлын өдрийг өндөрлүүлж байна.

Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Д.Цагаан: АН ялагдлынхаа шалтгааныг оношилж чадсангүй

АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын хүмүүс албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ нэлээд эрт зарласан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан намын даргын сунгаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн аж. Үүнд “Би АН-ын гишүүн хувьд, намаа шинэчлэх чин хүслээр 7,000 км аялаж, 1,300 гаруй гишүүнтэй уулзсаны хувьд, намаа шинэчилсэн шиг шинэчилэх төсөл, санаачилга боловсруулсны хувьд АН-ын 6-р Их хурлын дараа арга буюу та бүхэндээ хандаж байна. АН ялагдлынхаа шалтгааныг оношилж чадсангүй. Оношлохгүй бол яаж эмчлэгдэхэв дээ. Ийм үр дүнгүй хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна.

Манай дарга нарт ёс зүй, зарчим гэж байна уу. Намын удирдлагаас намаа ялагдуулсан бурууг хүлээсэн хүн байна уу. Байхгүй. Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна. Жинхэнэ ёсоор АН-аа шинэчлэх итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхийг хүсч байна” гэв. Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Г.Дэнзэнгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-аас шалгаж байгаа. Түүнийг шалгах явцдаа хоёр ч удаа хорих 461-р ангид саатуулсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр батлан даалтад гаргасан.  Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл АТГ-аас уг хэргийг  шалгаж дууссан байна. Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Хөшигтийн барилгын ажилчдын хордлогыг шалгана

Хөшигтийн хөндийн онгоцны буудлын барилгын ажил ид явагдаж байна. Тус обьектын засал чимэглэлийг хариуцсан туслан гүйцэтгэгч компанийн 12 ажилтан  хордлого авчээ. Арванхоёрдугаар сарын 9-ны өдөр хордлого авсан ажилчид Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Ажилчид чухам юунаас хордсоныг хараахан тогтоогоогүй ч шалтгааныг шалга нтодруулахаар болжээ. Тэдний хордлогыг тогтоохын тулд  хоолны дээж, арчдасыг лабораторид шинжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдлээ. 

Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээдийг баривчилжээ

Төгрөгийн мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж, хэвлэдэг болохыг цагдаагийнхан илрүүлсэн байна. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээд буюу 10 гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлсэн байна. Хэрэв Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэж, үйлдвэрлэвэл Эрүүгийн хуульд зааснаар  10-15 жил хорих ял оноодог. Тодруулбал, Эрүүгийн хуулийн   176 дугаар зүйлд Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах тухай заасан байдаг билээ. 

Ухуулах хуудас наасан залуусыг баривчилжээ

 “Ардын их хурал” нэртэй хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудсыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд хотын гудамжинд хаа сайгүй наасан билээ. Уг хуудсыг наасан залуусыг тагнуулынхан эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Заримынх нь бичиг баримтыг хураан авсан аж. Тэд ямар зорилготойгоор энэхүү ухуулах хуудас наасан тухайгаа одоогоор хэлээгүй байна. 

Энэхүү ухуулах хуудаст “Чингис бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” гэсэн үгсийг бичсэн байсан юм. 

Чуулган: Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулна. Ахмадууд тэтгэвэр авах банкаа сонгодог болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар ХНХЯ-с өргөн барьсан Ахмад настны тухай хуулийн төслийг 83.7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс тэтгэвэрт гарах нас, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх чигтэй байгааг тодруулахад тэтгэвэрт гарах нас, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөхөд салбарын сайд Н.Номтойбаяр хэлэхдээ  "Өнөөдөр эмэгтэй 50, эрэгтэй 60 насанд хүрсэн бол тэтгэвэрт гардаг. Зарим ахмадуудын хувьд ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байдаг тул тэтгэвэрт гарах насыг 60-65 хооронд хэлбэлзэлтэйгээр буюу энэхүү хязгаар дотор дуртай насандаа тэтгэвэрт гардаг байх асуудлыг судалж байна" гэв. Мөн гишүүд салбарын сайдаас асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахмадууд хоёр холбоонд харьяалагдаж байгааг хэрхэн зохицуулах гэж байна вэ?.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Монголын ахмадын холбоо нь нийт ахмадуудыг төлөөлнө. Монголын чөлөөт холбооны удирдлагуудтай хуулийн боловсруулах явцад уулзаж, хоёр холбоог нэгдэж ажиллахыг хүссэн. Ингэхдээ улстөргүйгээр нэгдэж ажиллах зарчим баримтлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн” хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Ахмадууд тэтгэврээ 2-3 жилээр зээлээд авчихдаг. Хожим нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэх мөнгө болчихоод байна. Иймээс тэтгэврийн зээлийн олголтод хэмжээ тогтоох хэрэгтэй. Нийтийн тээврийн унааны хөнгөлөлтийг хөдөө орон нутгийн ахмадууд хэрэглэж чадахгүй байна. Мөн нийслэлд ирэээд эмнэлэгт үзүүлэхэд оочер дугаар нь хүчрэгдэхгүй байна. Хиймэл шүдний хөнгөлөлт 5 жил байгаа нь оновчгүй” гэсэн асуудлыг тодруулахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр хуралдаж, нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулна гэсэн шийдвэр гаргасан.

Одоогийн байдлаар тус сангийн 557 тэрбум төгрөг 9 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр банкинд байршиж байна. Мөн харилцах дээр байгаа 640 тэрбум төгрөгийг хадгаламж руу байршуулж, 15 хүүтэй байршуулах гэхчлэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж тэтгэврийн зээлэнд 1-6 сарын хугацаа тогтоох, дараа 6 сард нь тэтгэвэр өгөхгүй байх эсвэл 50 хувьд нь зээл олгох, нэг дор зээлийн хүүг авдаг асуудал дээр уян хатан болгох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулсан. Ахмадууд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зориулж 8 сард зээл ихээр авдаг юм билээ. Энэ асуудлыг шийдэхэд Боловсролын зээлийн сан ихээхэн нөлөө үзүүлэх юм. Хуулийн төсөлд орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг тусгасан” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, "Тэтгэврийн зөрүүтэй ахмад улсын хэмжээнд хэд байна. Яаж зөрүүг нь арилгах гэж байна вэ. Ахмадуудтай уулзахад хөдөлмөрийн чадвартай гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Ажил эрхлэвэл хөдөлмөрийн хөлсийг яаж тооцох вэ. Ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээг хүсдэг. Группын мөнгийг нь багасгаж өгч байна гэх юм үүнд хариулт өгөөч?. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Х.Тэмүүжин: Ж.Батзандан намын дарга болвол сайд болох гээд намаа зарчих байлгүй

АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын хүмүүс албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Намынханаа даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын нөхөр Х.Тэмүүжин нь шүүмжлээд авсан байна. Тэрбээр Ж.Батзандангийн талаар твиттерт, "Ахыгаа төрийн нарийн болгох гээд АН-ын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг хүн намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй" хэмээн жиргэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь 2014 оны 11 дүгээр сард МАН-ын гишүүдтэй хамтран Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж чуулганаар хэлэлцүүлсэн АН-ын цорын ганц гишүүн учир экс Хууль зүйн сайд ийнхүү жиргэсэн байна. 

Банкууд оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэллээ

Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг энэ сарын 5-наас арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлнэ гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн ч арилжааны банкууд зээлийн эх үүсвэр орж иргээгүй учир тус зээлийг олгоогүй аж. Харин өнөөдрөөс эхлэн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Цаашдаа Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм. Мөн “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй хэмээв. 

Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм.
 
Зээлд хамрагдах оюутнуудын анхааралд: 

-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.

Б.Булганд холбогдох зүйл заалтыг прокурор хэрэгсэхгүй болгожээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С С.Зориг бусдын гарт амиа алдаад 18 жил боллоо. 18 жил чимээгүй байсан тус хэргийн шүүх хурал /2016.12.14/ анх удаа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон ч ард түмний анхаарлыг татсан олон асуудал асуултын  тэмдэг хэвээр үлдээд байна. Тус хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнийг сэжигтэнээр татан шүүж байгаа билээ. Эдгээр сэжигтэнүүд бүгд хөдөөний иргэд бөгөөд уг иргэдийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ гэх хардлага олон нийтийн дунд байгаа юм. 
Шүүх хурлын үеэр олны анхаарлыг татсан бас нэг зүйл нь хэргийн цорын  ганц амьд гэрч, сэжигтэн гэгдэж байсан  Б.Булган ирээгүй. Б.Булган тус хэргийн сэжигтэнээр татагдан 11 сар цагдан хоригдсон талаар та бүхэн санаж байгаа биз ээ. Б.Булганыг хоригдон шалгагдаж байхад Прокурорын байгууллагаас хийсэн тайлбараар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Харин бидэнд олдсон мэдээллээр Б.Булганд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ. 

Тус хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болно. Тэгвэл нэр бүхий гэрчүүдийг энэ сарын 21-ний өдрийн шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна. Ямартай ч хэргийн цорын ганц гэрч болох Д.Булган шүүх хуралд оролцож, шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5