Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа. Хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэргийн талаар асууж болох уу. Энэ хүнийг буруутгахын тулд хуулийн байгууллага мөрдөн байцаалтаа хавтгайруулан, ах дүүсийг нь хүртэл холбогдуулж байна гэх яриа байгаа шүү дээ?
-Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь "Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг "нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд "Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан "MGL SB”, "MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.
Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.
-НПГ-ын хяналтын прокурор Г.Бясманг зарим хэвлэлд өгсөн ярилцлагатай нь холбоотойгоор өмгөөлөгч О.Чулуунчимэг сөрөг зүйл ярьсан нь үндэслэлгүй гэсэн үг үү?
Өмгөөлөгч О.Чулуунчимэг үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүйн хэрэг. Хяналтын прокурор Г.Бясмангийн ярилцлагатай холбоотойгоор тэрээр Улсын Ерөнхий прокурорын газарт мөн гомдол гаргасан. Гомдлын дагуу хянаж үзэхэд "хууль бусаар явагдсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерийн ажлын санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг нарыг сэжигтнээр тооцсон тухай” хяналтын прокурор ярилцлага өгсөн байсан. Шалгагдаж буй асуудлын талаар би дээр хэлсэн. Тэгэхээр хяналтын прокурорын хэлсэн зүйл бодит үнэнээс холдоогүй, хууль журам зөрчөөгүй мэдээлэл байсан.
ЭХ СУРВАЛЖ: УЕПГ-ЫН ВЭБ САЙТ