8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Өөлж, гоочлоод байвал Тавантолгой шиг томоохон төслүүд урагшлахгүй

2016-12-20 08:00:00

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.


-  Тавантолгойн ордын 49 хувийг Хятадын Шиньхуа группт өгөх гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар танай бүлэгт ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-   Тавантолгойн 49 хувийн талаар бүлэгт ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын явуулж буй төслийн хүрээнд ойлгож байгаа. Тодруулбал, 49 хувьд нь Хятадын Шиньхуа, үлдсэн 51 хувьд нь Монголын компани оролцоно гэсэн ойлголттой байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Тавантолгойтой холбоотой улс төржсөн нилээдгүй зүйлүүд явагдаж байна. Зарчмын хувьд байр, сууриа илэрхийлэхэд бид өнгөрсөн дөрвөн жилд ингэж ярьж байгаад л томоохон төслүүдээ хөдөлгөж чадаагүй. Одоо бид яг энэ маягаар явж байна. “49 хувийг нь хэдхэн төгрөгөөр Хятадуудад зарах юм байна. Монголчууд оролцохгүй юм байна” гэх мэтээр өөлж, гоочлоод байвал томоохон төслүүд урагшлахгүй. Засгийн газрын оруулсан саналыг нилээн анхааралтай ажиглаж байгаа. Засгийн газраас оруулсан санал нь холбогдох бүх газруудтайгаа хэлцэлээ хийгээд үр ашигтай гэж үзээд УИХ-д оруулж ирвэл батлаад цааш нь явуулах ёстой.

-  Тавантолгойн төсөл дээр ганцхан Шиньхуа групп байгаа юм уу. Өмнө нь оролцож байсан консерциум яахаар болсон юм бэ?

-   Засгийн газраас авсан мэдээллээр Шиньхуа, Сүмитомо, Энержи Ресурс байгаа. Гэхдээ 51 хувь дээрээ 100 хувь үндэслээд 66-д Энержи Ресурс саналаараа, 34 хувьд нь Засгийн газар орсон. Засгийн газар Монголын бусад компанийн оролцох эрхийг хангаж байгаа юм байна лээ. Борлуулалтын хувьд Шиньхуа, Сүмитомо хариуцаад явна. Ийм л ойлголт бидэнд байна. Засгийн газраас уг асуудлыг тодруулж асуух ёстой. Тавантолгойгоос гадна Хөгжлийн банктай холбогдсон асуудлыг нууц биш бол олон нийтэд зарлах ёстой. Хэлэлцээрийн явцад байгаа асуудлыг олон түмэнд ил гаргахаар улс төржилт болчихдог. Ингээд улс төржилт болчихоороо том төслүүд цаашид хэрэгжих магадлал багасдаг. Ийм гашуун сургамжийг мартаж болохгүй ажиллах ёстой. Тавантолгойн гэрээнд ухамсартай ажиллах байхаа гэж итгэж байна.

-   Оффшорын хуулийн төслийг батлах боломж байна уу?

-   Оффшорын хууль нийгэмд нилээн халуун галыг дагуулаад байна. Ямар ч хууль гарсан бодит талаас нь харах зүйтэй. Бүлэг уг хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийг гаргах нь зүйтэй юу эсвэл засч залруулах ёстой юу гэдэг асуудалд тодорхой нэгдсэн ойлголтод хүрэх байх аа.

Т.Энхэлээ   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл