“Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн зар цахим ертөнцөд тарааж, нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид баривчилсан байна. Гэмт этгээдүүд нь өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, тус яаманд ажилладаг хэмээн хохирогчдыг итгүүлдэг байсан нь тогтоогджээ.
Мөн хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шууданг илгээж, 30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцлагдана хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө нэхэн залилж авдаг байжээ.
Хэргийг 1967 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат А толгойлж, 1987 онд төрсөн У нь хамтран гэмт хэрэг үйлддэг байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна.