Энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын сугалааны хамгийн сүүлийн тохирол өнгөрсөн ням гаригт явагдсан билээ. Тиймээс иргэдэд НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд энэ сарын 25-ны дотор багтаж өөрийн мэдээллээ баталгаажуулахыг ebarimt.mn буюу цахим төлбөрийн системээс анхааруулсан билээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагч Э.Будтай ярилцлаа.
-НӨАТ-ын буцаан олголт авах бол бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, мөрдөгдөж эхэлсэн. Энэ шинэчилсэн хуулийн 15 дугаар зүйлд албан татвар төлөгчтд хоёр төрлийн урамшуулал олгохоор тусгагдсан. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүргүүлсэн борлуулагчаас албан татвартай бараа, ажил үйлчилгээний худалдан авсан, худалдан авалт нь татварын албаны системд бүртгэгдсэн бол албан татвар төлөгч нь борлуулагчаас олгосон төлбөрийн баримтыг үндэслэн төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан авах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон юм.
Буцаан олголтоо авахын тулд иргэн та хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм. Одоогийн байдлаар нийт 883962 иргэн ebarimt.mn сайтад бүртгэлүүлсэн байна. Үүний 467719 нь бүртгэлээ баталгаажуулжээ. Үлдсэн иргэдийн мэдээлэл зөрүүтэй байна гэсэн үг. Мэдээллээ баталгаажуулахын тулд иргэд энэ сарын 25-ны дотор ebarimt.mn буюу цахим төлбөрийн системийн хэрэглэгчийн хэсэгт хувийн мэдээллээ үнэн зөв оруулж баталгаажуулах хэрэгтэй.
Ингээд ирэх нэгдүгээр сарын 24 гэхэд Сангийн яам руу буцаан олголтын санхүүжилтийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг албан бичгээр хүргүүлнэ. Харин Сангийн яам ажлын 45 хоногийн дотор санхүүжилтийн асуудлыг шийднэ. Ингэсний дараа буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орно.
-Мэдээллээ баталгаажсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
-Мэдээлэл нь баталгаажаагүй иргэдийн гар утсанд тухайн хүний аль мэдээлэл нь зөрүүтэй байгааг дурдсан мессеж явуулсан. Иргэдийн банк дансны дугаар, мэдээлэл зөрүүтэй гарч байна. Тиймээс иргэд ямар банкны данс бүртгүүлсэн тэр банкинд очиж дансны дугаар, дансны мэдээллээ шүүлгэх хэрэгтэй. Иргэд дансны дугаараа буруу эсвэл дутуу буюу дансныхаа дугаарын оронг солиж бичих зэрэг алдаа нэлээд ажиглагдаж байна. Тиймээс дансны дугаараа сайтар шалгалж, нягталж үзэх нь чухал.
-Мессеж хүлээж аваагүй иргэдийн мэдээлэл үнэн зөв, баталгаажсан гэсэн үг үү?
-Тийм. Мэдээлэл нь зөрүүтэй байгаа иргэдэд мессеж очсон. Танд хэрвээ мессеж ирээгүй бол таны мэдээлэл үнэн зөв гэсэн үг. Гэхдээ ebarimt.mn буюу цахим төлбөрийн системийн хэрэглэгчийн хэсэгт хувийн мэдээллээ дахин нягталж, тулгаж харах боломжтой.
-Буцаан олголтын мөнгийг хэзээ өгч эхлэх вэ?
-Журмын дагуу бол манайх ирэх нэгдүгээр сарын 15-ний дотор баталгаажуулалт хийж жагсаалт гаргана. Үүний дараа 9 хоног Татварын ерөнхий газарт хянагдана. Энэ нь тухайн хүний мэдээлэл зөрүүтэй байгаа эсэхийг дахин нягталж үзнэ гэсэн үг. Ингээд ирэх нэгдүгээр сарын 24 гэхэд Сангийн яам руу буцаан олголтын санхүүжилтийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг албан бичгээр хүргүүлнэ. Харин Сангийн яам ажлын 45 хоногийн дотор санхүүжилтийн асуудлыг шийднэ. Ингэсний дараа буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орно.
-Зарим нэг иргэд өөрийнхөө биш эхнэр, нөхөр аль нэгнийхээ цахим хаягийг өөрийнхөө мэдээлэлд оруулж бүртгүүлсэн тохиолдол бий. Энэ тохиолдолд тухайн иргэний мэдээлэл зөрөх үү?
-Зөвхөн тухайн иргэн өөрийнхөө мэдээллийг үнэн зөв бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Яагаад гэвэл зөвхөн танатай холбоотой мэдээлэл зөрүүтэй байвал таны гар утсанд мессеж явуулна. Таны утас ямар нэгэн байдлаар мэдээлэл хүлээн авах боломжгүй байвал өөрийн тань цахим хаяг руу мэдээлэл очно. Тиймээс заавал өөрийнхөө цахим хаягаар бүртгүүлсэн байх нь чухал. Зарим эхнэр, нөхөр аль нэгнийхээ цахим хаягийг өөрийн мэдээлэлдээ оруулж хамт байгаа тохиолдолд мэдэж болно. Ямар нэгэн шалтгаантай гадагшаа, дотогшоо явсан, гэр бүлээсээ хол байгаа тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв эсэх, эсвэл зөрүүтэй байгааг та яаж мэдэх вэ гэдэг асуудалд гарч ирнэ. Мөн буцаан олголт авахад асуудал үүснэ. Түүгээр ч зогсохгүй таны үнэн зөв мэдээлэлтэй зөрчилдөнө. Тиймээс тухайн иргэн заавал өөрийнхөө мэдээллүүдийг үнэн зөв бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэхдээ заавал нягталж шалгаж үзэх нь чухал.
-Дөнгөж сая нэг иргэн дансны дугаар зөрүүтэй байна гэсэн мэдээлэл утсанд ирсэн гээд шалгуулж байгаа харагдсан. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байвал хэрхэн яаж засварлах боломжтой вэ?
-Таны дансны мэдээлэл зөрүүтэй байвал тухайн банкинд очиж мэдээллээ шалгуулах хэрэгтэй. Мөн ebarimt.mn буюу цахим төлбөрийн системийн хэрэглэгчийн мэдээлэл гэсэн хэсэгт хандаж мэдээлэл шалгах, дансны дугаараа тулгаж үзэж зөрүүтэй байвал засварлах боломжтой. Хэрвээ зөрүүтэй мэдээллээ засварласан ч мэдээлэл бүртгэгдэхгүй бол Татварын ерөнхий газрын нэг давхарт ирж мэдээллийн ажилтантай холбогдох, эсвэл 1800-1288 гэсэн утсанд хандах боломжтой.
-НӨАТ-ын урамшууллын дүнгийн хэдэн хувь нь буцаан олголтод ирэх вэ?
-Энэ талаарх мэдээллийг Сангийн яамнаас өгөх байх. Бид мэдэхгүй. Манай ирсэн мэдээллээр бол урамшууллын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан олгоно гэж заасан. НӨАТ-ын урамшууллын дүнг бүтнээр нь олгохгүй.
Д.Нэргүй