8o
Улаанбаатар хот
mobile menu

"Үдийн цайн"-ы тендерийн эрхийг сургуулиудад өгөх нь зөв

2016-12-20 16:14:42

“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж, бизнес болгож буйг зогсоох, сурагчдад үдийн цайнд эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүйтэн ус, ундаа өгдөг зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг хүссэн өргөдлийг иргэн Д.Пүрэв-Очир, Б.Алтанцэцэг нар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлжээ.

Энэ дагуу Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах танилцуулга зохион байгуулсан юм. Танилцуулгад Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Н.Цэрэнбат, М.Оюунчимэг, М.Билэгт, А.Сүхбат, Ё.Баатарбилэг нар  оролцсон.

Өргөдлийн байнгын хорооноос өмнө нь “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцах шаардлагагүй, харин тухайн сургуульд нь аж ахуйн нэгжтэй гэрээ хийх эрхийг өгөх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан юм.

Уг дүгнэлттэй өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл санал нэг байгаагаа илэрхийлээд Нийслэлийн өмчийн харилцааны газар бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, сургууль түрээслэгч, Өмчийн харилцааны газар гэсэн гурван талт гэрээ байгуулсан ч эдгээр байгууллагуудын уялдаа холбоо сул, захиалагч болох Өмчийн харилцааны газрын хяналт бодит байдалд хүрэхгүй, бүтээгдэхүүний чанарт явцад нь анхаардаггүй, сургуулиуд дан бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчээс авдаг нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг сөрөг талтай гэдгийг онцолж байв. Тиймээс сургуулиудад тендерийн эрхийг буцаан өгч, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шууд хийдэг болох саналыг Өргөдлийн байнгын хорооноос гаргах болов. Уг саналыг Засгийн газарт хүргүүлэх юм байна.

Мөн аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гал тогоог зориулалтын болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, тогоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орон тоог шийдвэрлэх, ЕБС-иудын зориулалтын гал тогоо, тоног төхөөрөмжтэй цайны газрыг сургуулийн өмчлөлд шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, саналаа нэгтгэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл