8o
Улаанбаатар хот
mobile menu

2016 оны онцлох хүмүүс

2016-12-21 09:00:00

 Тоостой, баяртай алаг хорвоогийн нэгэн оныг та бид хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2016 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг урагшуулж байна. Мэдээ мэдээллийн Чухал.мн веб сайт улс орондоо болон дэлхий дахинд болж өрнөсөн үйл явдлуудыг уншигч танд цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Тэгвэл 2016 оны онцлох үйл явдлуудыг цувралаар тоймлон танд дахин хүргэж байгаадаа баяртай байна. Цувралын энэ удаагийн дугаарт 2016 оны онцлох монгол хүнийг танд танилцуулья. Ямар нэгэн шилдэгүүд гэхээсээ илүүтэй, үг үйл хэргээрээ олны анхаарлыг татсан, эх орныхоо сайн нэрийг гаргасан зарим нь нийгмийг шуугиулж маргаан дэгдээсэн зэрэг 2016 онд мартахгүйгээр ул мөрөө үлдээсэн эрхмүүдийг бид онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Ши Жиньпин дарга аа! Бид монголчуудад туслах ёстой шүү. Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайн туслаарай”... В.Путин хэр барагтаа бидэнд ингэж хандаж байгаагүй. Гэвч зуун жилийн дараа уулзсан гурван улсын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр тэр ингэж хэлсэн юм. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг гэртээ урьж, нэгэн зэрэг хоёулантай нь уулзаж бүс нутгийн эдийн засгийн том харилцааны суурь бусад асуудлаар нүүр, нүүрээ харалцаад ярих боломж Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх найман жилийн хугацаанд бидэнд иржээ. Айлын найм дахь хүү найман жил төрийн тэргүүний албыг хашихдаа Ази-Европын хамтын ажиллагааны байгууллагуудын АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийж чадсан нь түүнийг карьерийнхээ хамгийн оргил амжилтуудыг гаргахад хүргэв. 2016 он түүнд ээлтэй байлаа. 

Н.Айшолпан: “Монголд төдийгүй дэлхийд ганцхан бүргэдчин охин” хэмээн онцлогдож буй Н.Айшолпаны нэр Монголын алдар цуу, өв уламжлал, өвөрмөц соёлтой хамт Оскарын тайзнаа гэрэлтэнэ. Талын Монголын охин, бүргэд шувууныхаа хамтаар үгүй ээ мөн их яригдлаа даа. 

Н.Наранбаатар:  Төрийн ордны Их танхимд УИХ, Намын даргынхаа нүүр үү оймс шидсэн нь  түүнийг гартаа гавтай, цагдаагийн газар руу ачигдахад хүргэсэн юм. АН-ын залуу гишүүн тэрбээр хийсэн үйлдэлдээ огт харамсаагүй нь "оймсны хэргийг" нь зөвтгөхөд хүргэсэн талтай. УИХ-ын дарга руу оймс шидсэн анхны монгол хүн болсон нь түүнийг 2016 онд илүү тодотгож өгөв. 

М.Энхболд:  “Насаар залуу ч асар их хүлээцтэй, тэвчээртэй зан чанараас нь суралцах зүйл их бий” гэж Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг тодорхойлж байв. Намаа сөрөг хүчний байр, сууринаас олонхийн суудалд суулгаж чадсан  МАН-ын дарга М.Энхболдын чимээгүй ялалт түүнийг улстөрийн их зиндаанд бат суулгана. 

О.Баасанхүү:  Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж улс төрд орсон гэж шүүмжлүүлж байсан түүнийг 2016 оны онцлох хүнээр нэрлэхээс аргагүй. Учир нь одоо Н.Энхбаяр түүний оймсонд хавчуулагдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм. Цаг эргэнэ ээ гэж...

С.Ганбаатар:  ХҮН-ын дарга С.Ганбаатар саяхан л "ХҮН Ерөнхийлөгчийн нам байх болно. Бид 2016 онд үнэмлэхүй ялалт, 2017 онд их ялалтад хүрнэ. Үүний дараа бид эх орноо аварна" гэж "том" дуугарч байлаа. Харин С.Ганбаатар том ялалт биш том ялагдалд хүрсэн нь ам асуухад хүргэсэн биз. "Босоо Ганбаа" хэдэн жил хэвтэхийг таашгүй. 

Л.Эрдэнэчимэг: УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг тамхийг үзэн ядагчдын нэг л дээ. Гэхдээ нэгэн нартай өдөр  архи, тамхи, секс гурав бол түүний амьдралд байх ёстой бүх юм нь болж хувирсан юм.  

Ч.Сайханбилэг: Тэр улстөрд шинэ хүн биш. Цээжнээс 180 кг шахах чадалтай хүдэр залуу эр Ерөнхий сайдааё ч улс төрөөс ч тэр дөрвөн жил завсарлага авлаа. Эрдэнэтийн асуудлаар цагаа ололгүй мэдэгдэл хийж намаа ялагдахад хүргэсэн хэргийн эзнийг бид энэ оны онцлох хүнээр нэрлэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Харин энэ залуу улс төрд шинэ хүн. 28 хан настай энэ залуу ирэх жилүүдэд хэр тод гялалзахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. 

С.Жавхлан: Зохиолын дууны ханхүү төр түшилцсэндээ бус өөр бусад үйлдлээрээ гарцаа байхгүй энэ жилийн парадокс байлаа.

С.Төгс: Дэлхийд анх удаа үхрийн шөрмөсөөр мэс заслын утас хийсэн ШУТИС-ийн профессор С.Төгс эрүүл мэндийн салбарын онц онцлох хүн юм. Түүний “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” бүтээлийг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Түүнчлэн дэлхийн бусад оронд үхрийн шөрмөсийг мэс заслын утас болгож ашиглаагүй юм.

Д.Сумъяа:  Энэ он олимпийн жил байв. Жүдо бөхийн тамирчин Д. Сумъяа “Рио 2016”-аас мөнгөн медаль хүртэж, Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан нь монголчуудын итгэлийг дахин бадраасан үйл явдал байв. Увсын улаахан хацартай хүчирхэг охин 2016 оныг том мялаасан билээ. 

Г.Мандахнаран: “Рио 2016” олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болж, медальгүй хоцорсон нь одоо ч дуулиан хэвээр байна. Тухайн үед Г.Мандахнарангийн барилдааныг будлиантсан, медалиа луйвардуулсан гэж өмөөрөх хүн олон байсан юм. Мөн нэг хэсэг нь сэтгэлзүйн бэлтгэлгүйгээсээ болж медалиа алдлаа хэмээн шүүмжилж байв.  

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Монголын эдийн засаг дефольт болох гэж буйг зарласан анхны Сангийн сайд. 2016, 2017 он бол монголчуудын хувьд их сорилтын жил байх болно. Харин их сорилтыг амжилттай даваж чадах эсэх нь энэ хүнээс ихээхэн хамааралтай юм. 

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Баяраа: Тэднийг "Зулын гол" болоогүйд баярлах хүн олон байна. 

М.Анхцэцэг: Дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон М.Анхцэцэг энэ оны онцлох хүн яахын аргагүй мөн билээ. Тэрбээр долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадсан юм.  Түүнд АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан улсаас иргэнээ болгох санал ирсүүлсэн ч “Би Монгол Улсынхаа төлөө штанг өргөнө. Иргэншлээ солихгүй” гэдгээ мэдэгдэж олныг омогшууллаа.  

Б.Мөнгөнтуяа: Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгсөн юм. Иргэн нь төр засагаа шүүхэд өгсөн үйлдэл Монголын түүхэнд анх удаа гарсан нь энэ.  

Г.Ариунбаатар: Монголыг төлөөлөх алтан гургалдайгаа бид Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнасан он жил улирч байна. Түүний амжилтыг дурдаад барахгүй. 

Далай лам: Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагааийн айлчлал хийсэн нь энэ оны онцлох үйл явдал байв. Тэрбээр айлчлалын үеэр X Богдыг тодруулаад буцав.  

С.Зориг агсан: 18 жил турш учир битүүлэг байж, асуулт дагуулж ирсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн шүүх хурал энэ сарын 14-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид анх удаа болсон юм. Уг шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар шүүсэн. Гэвч өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурал долоо хоног хойшилсон юм. 18 жилийн дараа анх удаа шүүх хурал болсон энэ оны онцлох хүний нэг болгов. /eagle.mn 2016. 12.14/

А.Баярцэцэг: Газар газраас ирсэн 126 орны миссүүдийн дундаас үзэсгэлэн төгөлдөр төрх, бие галбир, авъяас, ухаанаараа торойж  11 дүгээр байр эзэлсэн хацар гоо монгол бүсгүй . Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцсон үндэсний оролцогч А.Баярцэцэг урьд өмнөхөөс илүү дэмжлэг итгэл авсан. Бас тэрбээр дараа, дараагийн миссүүдэд шинэ жишиг тогтоож өглөө.  

З.Мөнх-Эрдэнэ: Таван настай З.Мөнх-Эрдэнэ хүү энэ оны хамгийн бяцхан онцлох эрхэм билээ. Тэрбээр таван настай хэрнээ ерөнхий боловсролын сургуульд хоёрдугаар ангид суралцдаг. Англиар чөлөөтэй уншиж, бичиж чаддаг. Үеийнхнээсээ давамгай, гоц авьяастай нэгэн билээ. Мөн З.Мөнх-Эрдэнэ хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан аж. 

Н.Алтанхуяг:  “Үр хүүхдүүд минь өр төлчихнө” гэсээр суудлаа тавьж өгсөн экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол гарцаа байхгүй энэ жилийн парадокс байлаа. Гэсэн ч тэрээр унахдаа үхэр буугаа тавьж өрсөлдөгч талынхандаа биш өөрийн хунтайждаа титмээ гардуулсан мятрашгүй улстөр билээ. 2016 онд тэрбээр сонгуульд ялагдаж өөрийн хамаатнуудын хамтаар АТГ-т шалгагдаж өнжив. Энэ бүх азгүйтэлдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруутгаж бяцхан дайныг эхлүүлсэн тэрбээр АН-ын даргад ялж өс хорслоо тайлж магадгүй байна. 

Г.Түвшинжаргал: Баянзүрх дүүргийн иргэн Г.Түвшинжаргал бол галаас таван хүүхдийн амийг аварч нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдээж чадсан баатарлаг эмэгтэй юм. 

Гурван ихэр: Монголчуудын өсч, үржихийг бэлэгдсэн гурван ихэр. Кесерова хагалгаагаар төрсөн ихрүүдийн  хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхийнхээ гурав дахь удаагийн төрөлт. 

Б.Сумъяа: Энэ жил Сумъяа нэртнүүд аз, одтой байсан нь тохиол юм болов уу. Залуучуудын өвлийн олимпод  тэшүүрийн төрөлд оролцсон Б.Сумъяа гэх дугираг бор охиныг 2016 оны онцлох хүнээр нэрлэж байна. 

Жүжигчин Г.Ундармаа: 2012 оноос хойш “Өргөө” амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг, төрөх өрөө, хүлээлгийн танхим зэргийг өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулан өгсөн их БУЯНТАН. Харин энэ жилийн хувьд тэрбээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг, хүлээлгийн өрөөний засварын ажлыг эхлүүлсэн. Түүний энэ хөдөлмөрийн үнэлж Эрүүл мэндийн яамаас Г.Ундармааг “Монгол бахархал”-ын өдөр буюу талархлын өдрөөр  хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. /Chuhal.mn 2016.10.31/ 

   


М.Даваажаргал: Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч түүхэн амжилтын эзэн боллоо. Сүмогийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт бичигдэв.  /chuhal.mn 2016.12.20/


Г.Угалзцэцэг: Бодибилдинг, фитнессийн ДАШТ алтан медаль хүртэж,Тайландын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр ийнхүү дэлхийн хошой аварга, Монголын анхны эмэгтэй тамирчин болсон юм. Төгс биеийн гоо сайхны гайхуулсан  Г.Угалзцэцэг ба нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо. /unuudur.mn 2016.12.05/

Ч.Санжаадамба: Энэ жилийн үндэсний их баяр наамдаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба уран мэхийг уралдуулан хийж, эд хавийг гайхуулан арав даван түрүүлэн, АВАРГА цол хүртсэн юм. Бөхөд хайртай монгол түмний дунд олон жил улсын наадамд түрүүлнэ гэсэн таамаг төрүүлж ирсэн тэрбээр ийнхүү АВАРГА болж баярлуулсан юм. /gogo.mn/

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монголчууд
Сахал Эрдэнэбилэг хаачив?
2016/12/21 27.123.214.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment