8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өндөр суманд зудын нөхцөл үүсээд байна

2016-12-21 10:07:00

Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Тэд энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн байдал болон хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус комиссыг аймгийн Засаг дарга Д.Батлут ахалдаг бөгөөд 27 хүний бүрэлдэхүүнтэй.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн цэсийн мал тооллогоор 120.2 орчим мянган толгой мал тоологдсон. Мөн 42.3 мянган төл хүлээн авсан. Энэ оны жилийн эцсийн тооллогоор аймгийн хэмжээнд дээрх үзүүлэлт 485 толгой малаар өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн сарын 15-аас эхлэн их хэмжээний хур тунадас орж, цочир хүйтэрсэн. Үүний улмаас хоёр сумын 23.5 толгой мал нэмэгдэл тэжээлд, 1.4 мянган толгой мал байран маллагаанд орсон байна.

Холбогдох байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгээс хийсэн дүгнэлтээр бэлчээрийн цасны дундаж зузаан 16.5 см, нягт нь 0.15 см.куб байжээ. Цасны зузаан хамгийн их хэсэг нь 23.2 см, хөр цасны зузаан 1-1.5 см байгааг тогтоосон талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярьлаа. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад манай аймгийн Баян-Өндөр суманд зудын байдал, Жаргалант суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.

Өвлийг өнтэй давахын тулд малчид өөрсдийн нөөц бололцоогоор 8500 гаруй тонн хадлан бэлтгэсэн бөгөөд одоогоор үүнийхээ 30-40 хувийг хэрэглээд байна. Аймгийн Аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 17 тонн тэжээл бэлтгэсэн бол Жаргалант сум 100 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн аж. Тэгвэл Баян-Өндөр сум Аюулгүйн нөөцдөө 120 тонн өвс, 28 тонн тэжээл бэлтгэжээ. Уг ажилд нийтдээ 76 сая гаруй төгрөгийг зарцуулсан юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас өгсөн мэдээллээр 12, 1-р сард хур тунадас ахуй орж, олон жилийн дунджаас илүү хүйтрэх гэнэ. Тиймээс Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр буюу бэлтгэсэн үнээр нь борлуулах чиглэлийг өглөө. Энэ нь өвсийг 4000, тэжээлийг 7500-14000 төгрөгөөр малчдад олгоно гэсэн үг юм. Мөн цасанд боогдсон зам давааг нээхэд ашигладаг “далпуу” төхөөрөмжийг бэлтгэхийг үүрэгдлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-иас “ажилласан масло” авч нөөцлөх хэрэгтэйг хэллээ. Үүнийг малын туурайг хамгаалахад ашиглах юм. Түүнээс гадна малчдад туслах хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл