8o
Улаанбаатар хот
mobile menu

2016 оны олныг цочроосон дуулиант хэргүүд

2016-12-22 08:50:00

Найм хоногийн дараа бид амжилт бүтээлээр дүүрэн 2016  оныг үдэж, , шинэ хүсэл мөрөөдөл, шинэ бүхнээр дүүрэн 2017 оныг угтах гэж байна. 2016 он бидний хувьд бахархах их түүхтэй, омогшсон огшоосон өдрүүдтэй сайны хажуугаар саар гэгчээр харамсаж халагламаар гэмт хэргүүд цуварсан он жил байлаа. Алдаа оноогоо цэгнэсэн энэ өдрүүдэд Чухал.мн вэб сайт  2016 оны онцлох хүн, онцлох ишлэлийг хүргэсэн бол одоо та бүхэн дуулиан шуугиан дагуулсан гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. 2016 он амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч байгаа ч гэсэн олны анхаарлыг татсан харамсмаар дуулиант гэмт хэргүүд цөөн гарлаа. Дуулиант гэмт хэргүүд улс төрчид, урлаг соёлынхон, нялх балчир үрсийг ч  тойрсонгүй. Ингээд бидний бэлдсэн мэдээллүүдийг хүлээн авна уу.

С.ЗОРИГИЙН ХЭРЭГ: 18 жилийн өмнө гарсан аймшигт аллагын дуулиан өнгөрсөн өвлөөс ахин босч ирсэн билээ. Тодруулбал, Тэртээ 18 жилийн өмнө ард түмний хайртай хүү төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. С.Зоригийн амиа алдсан хэрэгт 18 жилийн хугацаанд нийтдээ 450 гаруй хүнийг сэжиглэн шалгаж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байсан гэхэд болно. Энэ хугацаанд түүний эхнэр Б.Булган мөн Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг хүртэл сэжигтнээр татан шалгалаа. 2016 оны сүүл хэсэгт дуулиант гэмт хэргийн шүүх хурал хоёр ч удаа болж нэлээд дуулиан шуугиан дагууллаа. 

Н.АЛТАНХУЯГ: 2016 он Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт амаргүй жил байлаа. Сонгуульд ялагдаж өөрийн хамаатнуудын хамтаар АТГ-т шалгагдаж, ахлах зөвлөх хамтрагчаа хүртэл шоронд алдав. Гэхдээ тэр бууж өгөхийг хүссэнгүй. Түүний  төрсөн дүү Н.Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж эхнэр Г.Сэлэнгийг нь хилээр гарахыг хориглож өөрөө АТГ-т анх удаагаа очиж мэдүүлэг өгсөн. Өөрийг нь болон хамаатан саданг нь шалгаж байгаа тус хэргийн талаар  Н.Алтанхуяг "Гэр бүлийн маань олон хүнийг ар араас нь баривчилсаны дараа дүү нартайгаа уулзах гээд очсон. Би тэднийхээ өмнө хэрэг хийсэн юм шиг гэмэрхэн орсон юм. Тэгсэн гэрийнхэн маань "Ах аа, биднийг баривчлах яах вэ, энэ байтугайг бид даваад гарна. Харин та луйварчдад хэрхэвч бууж өгч болохгүй шүү" хэмээн хэлсэн.  Тиймээс ч би нам дамнасан бүлэглэлтэй үхэн үхэтлээ тэмцэнэ" гэдгээ мэдэгдсэн. Н.Алтанхуяг болон түүний хамаатнуудыг хууль бус тендер авсан хэргээр шалгаж байна. Тус хэргийн улмаас түүний гурван дүү, хүргэн, эхнэрийг нь хүртэл шалгасан хатуухан он жил байлаа.

Э.БАТ-ҮҮЛ: Энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан хэрэг орно. Түүнийг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан хоёр дахь удаагаа яллагдагчаар татсан нь энэ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Э.Бат-Үүлээс анх удаа  хурууны хээ, цусны шинжилгээг авсан талаар хэсэгтээ шуугиан тарьсан. Тун удалгүй түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд С.Зоригийн хэргийн шүүгдэгчээр Эрдэнэтийн гаралтай гурван хүнийг сэжигтнээр татаад байгаа билээ. Э.Бат-Үүлийн хувьд 2016 он хатуухан болж өнгөрлөө. Учир нь сонгуулийн өмнө түүний хүү Б.Чулуудай оффшор данстай гэсэн мэдээлэл гарч олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авсан. Түүний дараа 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар өвдөг шороодож, оны төгсгөлд С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдлаа. Ийнхүү тэрбээр 2016 оны дуулиан шуугиантай, барцадтай даван тууллаа.

Н.МӨНХБАТ: Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай Тэмцэх Газраас өнгөрсөн есдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн.  Түүнийг “Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 153, 265.2 дугаар зүйл ангид зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр шалгаж байна. Түүний хувьд өсөх ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан ч харамсалтай нь сайн ах нарын буянаар аавын хаалга татах дээрээ тулсан хэмээн учир мэдэх улс төрчид ярьдаг юм билээ.  Түүнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Батбаярын баруун гарын хүн гэж хэлж болно. Н.Мөнхбатын хувьд Хөгжлийн банкны  захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогдсон ч тэрбээр “доз” оо хэтрүүлэн мөнгө идсэн эсэхийг хуулийн байгууллага тогтооно.

Г.ШИЙЛЭГДАМБА:  2015 оноос хойш хөвөрсөн Г.Шийлэгдамбын хэрэг 2016 онд үргэлжиллээ.  Г.Шийлэгдамбыг хуулийн байгууллагынхан 2015 оны 11 сарын 04-ны өдөр ажлын байранд байхад саатуулж байсан. Тухайн үед Г.Шийлэгдамба ажлынхаа өрөөнд хүнээс 500 сая төгрөг авч байгаад газар дээрээ баригдаж байсан. Үүний дараахан Г.Шийлэгдамба хорихоос захидал бичиж байсан бөгөөд  МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж  өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм.  Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно. Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан хэмээн захидал бичсэн. Нэлээдгүй хугацаанд хоригдон шалгагдаж байсан ч одоогийн байдлаар энэ хэрэг нам жим байна.

 Б.МӨНГӨНТУЯА: Энэ оны дуулиант гэмт хэргүүдийн дунд Б.Мөнгөнтуяа, А.Гансүх нарын нүүрс хөтөлбөрийн хэрэг ч мөн багтана.  Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Түүний дараагаар Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгсөн юм. Иргэн нь төр засагаа шүүхэд өгсөн үйлдэл Монголын түүхэнд анх удаа гарсан нь энэ.  Түүний хувьд нээлттэй шүүх хурлын үеэр бүх үнэнийг илчилж, олон прокуроруудыг нүүр хийх газаргүй болгосон. Түүгээр ч барахгүй зургаан сар хилсээр хоригдсон түүнийг өрөвдөн олон хүн нулимс унагасан.

ЖЕНКО Х.БАТТУЛГА: 2016 оны 04 сарын 11-ны өдөр Х.Баттулгын компаниудад шалгалт хийсэн. "Баянгол" зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр санхүүгийн шалгалт хийж, багагүй шуугиан тарьсан. Хуулийн байгууллага шалгалт хийхдээ 100 гаруй цагдаагийн албан хаагч бэлэн байдалд ажилласан нь олны анхаарлыг маш ихээр татсан. Магадгүй баривчлах зорилготой байсан ч байж болох юм. Түүнийг сонссон Х.Баттулгын охин Б.Намуун, хүү Б.Жавхлангаас гадна бөхчүүд, спортынхон, улс төрчид, ард түмэн ирж хамгаалалтанд гарч нэлээдгүй маргаан дэгдээсэн. Сүр дуулиантай санхүүгийн шалгалт хийсний ач буянаар Х.Баттулга ард түмний хайртай хүү гэдгээ мэдэрсэн биз ээ.

ХЕРО БААТАР: Дуулиант гэмт хэргүүд "HERO" энтертайнментийн найруулагч Б.Баатарыг мөн тойрсонгүй. Өнгөрсөн сонгуулийн үеэр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment" -ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн. Тухайн үедээ Баатарыг цагдан хорьсон талаар мэдээлэл нэг хэсэгтээ шуугиан тарьж байсан ч удалгүй нам жим болсон.

 ФОРТУНА Н.БАТБАЯР: УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас мөн л шалгасан.  Н.Батбаяр “МУ-д өр байхгүй ээ. Өргүй байж өртэй мэт ярихаар өрийг дуудсан буруу үйл болоод байна. Тиймээс засал хийе” гэж хэлээд олны элгийг хөшөөсөн. Хийсэн үйлдэлээрээ биш хэлсэн үгээрээ олон нийтийн дунд яригдаж байсан Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар ийнхүү сэжигтнээр тооцжээ.Түүнийг АТГ саатуулан шалгах гэсэн боловч Н.Батбаяр эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн гадуур байцаагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. 

ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ЗАХИАЛГААР ХӨНӨӨВ: 2016 оны дуулиант гэмт хэргүүдийн нэг Дорнод аймгийн Хэрлэн суманд  гарсан. Тодруулбал, Долоон настай  хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.Талийгаач хүүг  амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон талаар мэдээлэл гарч хэсэгтээ л дуулиан шуугиан тарив. Талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн нь хэргийн мөрдөн байцаалтын явцад ил болсон.

 

С.АМАРМАНДАХ: Дуулиант гэмт хэргүүд улс төрчид төдийгүй урлаг соёлынхоныг хүртэл тойрсонгүй. Энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд дуучин С.Амармандах бусдад зодуулж хүнд бэртсэн дуулиан шуугиан байлаа. Өнгөрсөн сарын 22-ны өдөр “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах  “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Нийслэлээс зохион байгуулсан гэх эл арга хэмжээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “One event hall”-д болсон бөгөөд энэ үеэр түүнийг ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег Кашин зодсон нь багагүй шуугиан тарьсан. Тэрбээр нэлээдгүй хугацаанд ухаангүй эмнэлэгт хэвтсэн ч одоогийн байдлаар биеийн байдал тогтворжсон гэсэн мэдээлэл байна. 

НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ, ДОЛООН ХҮН НАС БАРСАН: Баян-Өлгий аймагт ноцтой осол гарч, долоон хүн нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, 50 тонн цемент ачсан ачааны машин айлын хашаа болон дэлгүүр мөргөж онхолдсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Тус ослын улмаас цэл залуухан 7 хүн амь насаа алдсан билээ.

БАРИЛГА НУРЖ, ДОЛООН ХҮН ДАРАГДСАН:  Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хороо нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурсан хэрэг гарсан. Тус нурсан барилга дээр ажиллаж байсан    долоон хүн нурангид дарагдсан. Барилгад дарагдсан  дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба бусад хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.  Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байхад барилга нурсан хэрэг гарсан.

МАЛАЙЗАД ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛСОН ОХИДУУД ЭХ ОРОНДОО ИРЭВ: Өнгөрсөн нэгдүгээр сард Малайз улс руу 12 охиныг хил давуулан бусдад худалдсан, бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэг ил болсон. Тэдгээр охидын мэдээллийг ГХЯ болон холбогдох газруудаас шуурхай олж, хуулийн байгууллага шалгаж тус охидуудыг эх оронд авчирсан хэрэг энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд багтаж байна.

СОНГУУЛИЙН ӨДӨР ХОРВООД МЭНДЛЭЭД 20 ГАРУЙ ХОНОЖ БАЙСАН БЯЦХАН НЯРАЙ АМИА АЛДАА: Дуулиант гэмт хэргүүд нялх балчир үрсийг ч мөн тойрсонгүй. Зургаан сарын өмнө монголчууд улс төрийн сонголтоо хийсэн билээ. Энэ сонгууль  нэлээд онцлогтой болсон бөгөөд, нотой ноцтой бичлэгүүд  ч нэлээд цацагдсан. Үүнээс гадна сонгуулийн өдөр нэр дэвшигчид болон түүний туслахууд мөнгө тарааснаас үүдэн нялх нярай нас барсан хэрэг гарсан. Эргэн сануулахад,  УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сонгуулийн өдөр иргэдэд мөнгө тарааснаас үүдэн нэгэн золгүй хэрэг гарсан. Тухайн өдөр Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сумын төвөөс алслагдсан иргэдийг машинаар зөөж санал өгүүлсэн. Ингэхдээ  талийгаач охины ээж С.Отгонтуяаг нөхөртэйгээ явж саналаа өг, 100 мянган төгрөг өгнө хэмээн Ч.Хүрэлбаатарын шадар туслах хэлсэн байсан нь ил болсон. Харамсалтай нь шинэ төрсөн нярайг цөөхөн хүнтэй жийп автомашинд суулгалгүй  хүн ихтэй микро автобусанд суулган 260 гаруй км замыг туулж санал өгүүлсэн. Хүн ихтэй микро автобусанд явсан нярай амьсгалын дутагдалд орж, Увс аймгийн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн ч удалгүй талийгаач болсон билээ.

СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ:  Өнгөрсөн зун Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг УМБГ-т бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт сэжигтнээр татан шалгасан. Улмаар Л.Мөнхбаясгаланд 10 жилийн хорих ял төлөвлөж, яллагдагчаар татсан хэрэг энэ оны дуулиант гэмт хэргүүдийн тоонд багтлаа. Хилээр гарахыг хориглож хэсэгтээ дуулиан тарьсан Л.Мөнхбаясгалангийн хэргийг тун удалгүй хэрэгсэхгүй болгосон.

ДОРНОД АЙМАГТ 4 ХҮН ХОРДОЖ НАС БАРАВ: Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуучууд үл мэдэгдэх шингэн зүйлд хордож дөрвөн хүн нас барсан хэрэг гарсан. Тус  компанийн 25 ажилчин шингэн бодисыг архи гэж андууран ууж хордож дөрвөн хүн нас барж, 21 хүн хордсон хэрэг гарсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment