8o
Улаанбаатар хот
mobile menu

Timeline: С.Зоригийн хэргийн шүүх хурлын эргэн тойронд

2016-12-22 08:55:00

17:50 минутад: С.Зоригийн хэргийн шүүх хурал завсарлаж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо

С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтнүүд мэдүүлэг өгсний дараа дөнгөж сая шүүх хурал завсарлалаа. Хурал маргааш Цагдан хорих 461-р ангид 10:00 цагт үргэлжлүүлэхээр болжээ.

17:30 минутад: Сэжигтнүүдээс мэдүүлэг авч эхэллээ

Цагдан хорих 461 дүгээр ангид болж буй С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан ялын дүгнэлтийг танилцуулсны дараа таван минут завсарлаад орлоо. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас яг одоо мэдүүлэг авч байна.

17:18 минутад: Яллах дүгнэлтийг уншиж байна

Цагдан хорих 461 дүгээр ангид болж буй С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан таван минут завсарлаад дөнгөж сая эргэн орлоо. Улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар дөрвөн цагийн турш ялын дүгнэлтийг уншиж танилцуулсан байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар татагдсан юм.

Харин гэрчээр Г.Чулуунбат нарын хоёр хүн оролцож байна. Шүүх хурлын өмнө С.Оюунчимэг өмгөөлөгчийн даралт ихэссэн байна. Хорихын эмч ирж үзээд даралтны эм өгсөн гэнэ. Өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч Шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Шүүх хурал үргэлжилж байна. 

17.00 цагт: С.Зориг агсны шүүх хурал: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж байна. Өнөөдрөөс долоо хоногийн өмнө тус шүүх хурал товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Тодруулбал, өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах мөн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах хугацааг олгож өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр өгсөн байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж өнөөдрийг болтол хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөө өглөө 10.00 цагт эхлэхээр товлогдоод байсан шүүх хуралдаан бага зэрэг хожимдож эхэлсэн. Ингэхдээ нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттайгаар хэлэлцэх болсноо шүүгчдийн бүрэлдэхүүн танилцуулаад, шүүх хуралдааныг эхлүүлсэн. Яг одоогийн байдлаар шүүх хуралдаан завсарлаад үргэлжилж байна. Завсарлах болсон шалтгаан нь мөн л хүсэлт ирсэнтэй холбоотой. Гэвч яг ямар хүсэлт ирсэн нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Шүүх хуралдаанд талуудын өмгөөлөгч, шинжээч, улсын яллагч, иргэний төлөөлөл, мөн гэрчүүд оролцож байгаа төдийгүй сэжигтэн Б.Содномдаржаагийн төрсөн эх ч мөн хүрэлцэн ирээд байгаа юм. Түүний хувьд хуралдаанд гэрчээр оролцож байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байв. Үүнээс гадна Д гэх иргэн гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Мөн шүүх хуралдаан болж буй Цагдан хорих 461-р ангийн гадна яллагдагчдын ар гэрийнхэн ирсэн байна.Тэдний зүгээс хэвлэлийнхэнд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ үеэр хүн амины хэргээр ял эдэлж хоригдож байгаад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэрэгт холбогдуулсан гэх Ц.Амгаланбаатарын талаар хэн юу хэлснийг энд онцолж байна.

Б.Содномдаржаагийн төрсөн ах Б. Даваадаржаа: Багадаа тоглоод гүйж байсан хүүхэд дүүг маань хилс хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна

-Бид хамар хашааны хүүхдүүд. Багадаа тоглож наадаад л явж байдаг байсан. Харамсалтай нь манай ахыг энэ хэрэгт хэлмэгдүүлж байна. Хүчээр хэлмэгдүүлж байна гэж бодож байна. Маш их гомдолтой байна.  Ц.Амгаланбаатарын хувьд мал маллаад явж байдаг л хүүхэд байсан. Ямар учраас ахыг маань хилс хэрэгт гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Б.Содномдаржаагийн хүргэн дүү Д.Үйлсдэлгэрэх: Ц.Амгаланбаатар бол таксины жолоочийг мөчилж алж байсан гэмт хэрэгтэн шүү дээ

-Ц.Амгаланбаатарыг хүүхэд байхаас нь мэднэ. Манай хадмын хажуу айл байсан. Ер нь Ц.Амгаланбаатар хүүхэд байхаасаа болж бүтэхгүй нөхөр байсан. Сургууль төгсөөгүй. Мөн түүний хувьд 1998 онд буюу С.Зоригийн хөнөөсөн гэх хэрэг гарч байхад юун Улаанбаатар явах, нутаг сумандаа л байж байсан хүн. Аав нь том машины жолооч, аавдаа туслаад явж байсан залуу. Миний хувьд түүнийг Улаанбаатарт ирээд хүн амины хэрэг үйлдээд явж байсан гэхээр итгэхгүй байгаа юм. Мөн тэрээр 2007 онд Эрдэнэтэд таксины жолоочийг мөчилж алсан хүнд ноцтой хэрэгтэн. Судлаад, сонсоод байх нь ээ төрсөн ах дүүс байдаггүй юм билээ. Ер нь энэ бүгдээс дүгнэхэд өөрөө шийдчихсэн хүн юм шиг байна. Бидний зүгээс бол хаалттай шүүх хуралдааныг нээлттэй болгохыг л хүсч байна. Ар гэрийнхнийх нь бодол санааг сонсож болохгүй гэж үү. Монгол Улсын төр засаг үнэнч шударга байж, шүүхийн шийдвэрийг үнэн зөвөөр гаргаасай л гэж найдая.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна

- Ц.Амгаланбаатар бол хүн амины хэргээр шоронд орчихсон нөхөр. Манай ерөнхийлөгч цаазгүй болгоод энэ хүн 25 жилийн ялтай. Тэгэхээр 25 жилийн ялтай хүн юу ч хийж мэднэ. Хүн гүтгэж, амьдралаа зугаатай болгож байна. Ийм хүний үгийг улс төржүүлж, хэргийг ингэс гээд хаах сонирхолтой байна. Энэ хүн бол улстөрчдөд хэрэгтэй. Төр үнэний эсрэг төрийн машины ажлуулчихаж байна. Тагнуул, прокуроруудыг ажлуулж байгаа хүнд хандаж хэлэхэд та Монгол Улсыг, Монголын төрийг муухай харагдуулж байна гэж хэлмээр байна. Шүүх үнэн зөв шийд гаргаасай.

16:48 минутад: Шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүх хурлын шийдвэр гарахыг хүлээж байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хаалттайгаар үргэлжилж байна. Энэ удаагийн шүүх хуралд шүүгдэгч Б.Содномдаржаагийн төрсөн ээжийг өөрийн хүсэлтээр шүүх хуралд оруулсан юм.

Яг одоогийн байдлаар шүүх хурал үргэлжилж шүүгдэгч нарын ар гэрийхэн хорих 461-р ангийн гадна шүүх хурлын шийдвэр гарахыг хүлээж байна. 

Дашрамд дуулгахад, шүүгдэгч нарын ар гэрийнхэн Ц.Амгаланбаатар гэм буруугүй хүмүүсийг гүтгэж байна гэдгээ мэдэгдсэн юм. 

15:15 минутад: Ц.Амгаланбаатар гэм буруугүй хүмүүсийг гүтгэж байна

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж  байна. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа юм.

Гэвч шүүгдэгч Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн уг зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг хэлмэгдүүлж байна хэмээн үзэж байгаа юм байна.  Учир нь хүн амины хэргээр шоронд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь хэрэг наймаалцаж, тэднийг гүтгэсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

14:00 цагт: С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралд хоёр гэрч оролцож байна

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээч оролцож байна. Мөн хохирогчын ар гэрээс Г.Чулуунбат шүүх  хуралд оролцож байгаа бөгөөд сая н.Давааням гэх хүн гэрчээр нэмэгдэж ирсэн байна.  Ийнхүү уг хэргийн шүүх хурал дахин нэг гэрч гарч ирэв.

13:00 цагт: Өмгөөлөгчийн даралт ихэссэн гэсэн тайлбар өглөө

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал одоогоор хаалтттай хуралдаж байна. Дөнгөж сая С.Оюунчимэг, өмгөөлөгчийн бие муудаж түргэн дуудаж эмнэлгийн тусламж авсан юм. Түргэний эмч “Өмгөөлөгчийн даралт ихэссэн” гэсэн тайлбар өглөө.

12:47 минутад: Өмгөөлөгч С.Оюунцэцэгийн бие муудаж, эмнэлгийн тусламж авчээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал одоогоор хаалтттай хуралдаж байгаа билээ. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна. 

Дөнгөж сая Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн бие муудаж, эмнэлгийн тусламж авчээ.  

12:25 миунтад: Шуурхай: С.Зоригийн хэргийг шүүх хурал үргэлжлэхээр боллоо

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Дөнгөж сая шүүх хуралдаанд нэгэн хүсэлт ирсэн байна. Уг хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. Одоогийн байдлаар ямар утгатай хүсэлтийг хэний зүгээс ирүүлсэн нь тодорхой бус байгаа аж. Мөн шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүд ирээд байна. Яллагдагчдын ар гэрийнхнээс шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгөөд байгаа юм.

12:10 миунтад: Шүүх хуралд Г.Чулуунбат гэрчээр оролцож байна

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал одоогоор хаалтттай хуралдаж байна. Шүүх хуралд шүүгдэгчдийн арг гэрийнхнийг оруулахаар болсон юм. Мөн хохирогчдын ар гэрийг төлөөлж Г.Чулуунбат гэрчээр оролцож байна.  

Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна. 

11:10 минутад: Зоригийн хэргийн шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрээс нэг, нэг хүнийг оролцуулахаар боллоо

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид эхлэх гэж байна.  Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрээс нэг, нэг хүнийг оролцуулахаар болсон байна. Одоогийн байдлаар шүүгдэгч Содномдаржаагийн ээж шүүх хуралд оролцохоор иржээ. Мөн сэтгүүлчдийн гар  утас болон нөүтбүүк зэргийг хураан авсан тул гэрчээр ямар хүн оролцох тухай мэдээлэл тодорхойгүй байна. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээллэх болно

10:47 минут: С.Зоригийн хэрэг: Хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн  С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяаХорих 461-р ангид өнөөдөр 10:00 цагт эхлэхээр товлогдсон. Одоогийн байдлаар шүүх хурал хараахан эхлээгүй байгаа бөгөөд шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна. Шүүх хурлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцох юм.

09.00 цагт: С.Зоригийг хөнөөсөн хэргийн Шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон ч шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон юм.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШҮҮХИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ХАР
МОНГОЛЫН ТӨРИЙН ШҮҮХ ЯАЖ ҮНЭН ШҮҮЛТ ЯВУУЛДГИЙГ ХАРЦГААЯ ХҮМҮҮС ЭЭ.
2016/12/22 202.9.40.104
  • Recent
  • Most Read
  • Most Comment