8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Орондоо хууль засдаг гэж 20 жил шүүмжлүүлсэн би амьд л байж байна 

2016-12-22 09:53:00


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Уг хуулийг олон нийт оффшорын хууль хэмээн нэрлэж байгаа юм. Учир нь уг хуульд улс төрийн албан тушаалтан оффшорт данстай байхыг хориглосон заалтыг тусгаж өгөөд буй.

Өчигдөр уг хуулийг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Тус хуулиар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа юм байна. Уг хэлэлцүүлгээр хуулийг маш сайн хэлэлцэж алдаа, оноог нь дүгнэсний дараагаар дахин хэлэлцэх саналтай байна” гэсэн саналыг гаргав. Х.Нямбаатар гишүүний гаргасан саналын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон Ц.Нямдорж нар нилээн хатуу шүүмжлэлийг хэлсэн юм. Тэд хэрхэн байр, сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Т.Аюурсайхан: Энэ хууль чинь бантан болж гүйцлээ 

-Хэлэлцүүлэг явуулах гэж байгаа юм бол үүнийгээ хараат бусаар явуулъя. Анх өргөн барьсан этгээд нь хэлэлцүүлэг явуулаад л. Хууль санаачлагч нь хүн амьтан зочид буудлуулж, хооллоод л байгаа сурагтай байсан. Өнөөдөр энэ хууль бэлэн болоогүй учраас хүмүүстэй дахин ажиллах гэж хугацаа алдаад байна. Түүний оронд энэ хуулиа нэг мөр татаж аваад олон нийт, иргэний нийгмийн байгууллага, судлаач, хууль тогтоогчдынхоо оролцоотой хэлэлцүүлгээ хийгээд ул суурьтайгаар энэ хуулиа явуулбал яасан юм бэ. Бантан болж гүйцлээ. Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ хийгээд байна гэж дуулдаад байна. Он дуусахад 10 хоног дутуу байхад бүтэн жилийн хаалтын гэрээг нэг хэвлэл мэдээллийн байгууллагатай таван сая төгрөгөөр хийж байна. 2016 онд гэрээ хийгээгүй мөртлөө 10 хоногийн гэрээг хийж байна. Би дэд сайдтай чинь юм ярихгүй. С.Бямбацогт чинь хаана байна. Энэ чинь Засгийн газрын өргөн барьсан хууль биз дээ. Би Ерөнхий сайдаас асуумаар байна. Ямар их баян юм. Зөв зүйтэй ажил хийж байгаа бол ийм их мөнгөөр гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй” гэв. 

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хэлэлцүүлгийг байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс зохион байгуулна. Түүнээс биш Хууль зүй, дотоод хэргийн яам УИХ дээр ирчихээд ажлын хэсэг толгойлоод байгаа юм байхгүй" гэлээ

Ц.Нямдорж: Муу аргаар төрийн шийдвэр гаргуулах аргад сурч байгаа юм байна


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Иймэрхүү шинэ хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа бол боловсруулахаасаа өмнө хийдэг юм. Энэ хуулийн төслийг чинь батлах ямар ч арга байхгүй. Дөрвөн заалттай тал хуудас хууль байгаа шүү дээ. Үүгээр чинь ямар хэлэлцүүлэг хийх юм. Хэлэлцүүлэг хийгээд олон санал гарлаа гэж бодьё. Тэгээд яах юм. Тал хуудас хуулийг 10 хуудас болгоод янзлах юм уу. Ийм л хайчинд орчихлоо. УИХ мэргэжлийн байнгын хороогоо эрс, тэс үгүйсгэдэг байдлыг би одоо л үзэж байна. Энэ төслийг хүчээр явуулна гэж бодож байгаа бол төслийн үг, үсэг бүр дээр их хүнд ярианууд болно шүү. Буцаачих юм бол олон нийт шүүмжилж магадгүй гэж айцгаагаад байгаа юм байна лээ. Шүүмжлэл гарах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Дутуу юм гаргачихаад шүүмжлүүлж байсны оронд буцааж авч янзалчихаад түүнийгээ тайлбарлаад явах нь хэтдээ бидэнд хэрэгтэй. Хүмүүс шүүмжлэлээс айдаг болж. Зориг зүрхгүй болж. Муу аргаар төрийн шийдвэр гаргуулах аргад сурч байгаа юм байна. Орондоо хууль засдаг гэж би 20 жил загнуулсан. Амьд байжил байна. Надаас юм уначихаагүй л байна. Гол нь шүүмжлүүлэхдээ биш асуудлыг шийдэж зохицуулалт хийн хууль гаргах нь бидний үүрэг.  Дутуу юм оруулчихаад “Дэмжээд өг” гэж ятгадаг жишиг тогтож байгаа юм  байна. Би 10 жил сайд хийхдээ УИХ-д түмэн хууль оруулчихаад нэг ч гишүүнээс дэмжээд өгөөч ээ гэж гуйж байгаагүй. Гишүүдийг эрх чөлөөтэй, үзэл бодолтой нь үлдээх зарчимтай байх ёстой. Бид гарааны эхэн дээрээ ингэж ийм алдаа гаргаж болохгүй. Засгийн газар уг хуулийн төслөө татаж аваад байнгын хороон дээр гишүүдийн гаргасан саналыг ажил хэрэгчээр тусгаад томхон төсөл болгож оруулж ирэх ганцхан арга зам байна. Түнийгээ Засгийн газар дээрээ яриарай. Захиалгатай шүүмжлэл чинь Хууль зүйн сайд дээр тэмээ, тэмээгээр буудаг юм. Наад хуулиа татаж аваад янзлаад ахиад оруулаад ир. Дутагдлаа ойлгохоос ажил эхэлнэ” гэлээ. 


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд уг хуулийг долоо хоногоор хойшлуулахыг зөвшөөрөөд “Хэлэлцүүлгээр хуулийн чинь хайрцгийг чинь эвдэнэ дээ. Түүнийгээ анхаараарай” гэлээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол хvн
Еэвэнгийн нэг тал. Ийм хууль гаргасанаас гаргаагуй нь дээр. Ард тумнийг бvv дорожил. Си жин пин,Путин нар шиг бай л даа. Аюурсайхан Нямдорж нар шиг байгаач хэлгvй Корола нараа!!!!
2016/12/22 103.229.121.204
Ааа
хэ хэ алдаг гарууд шүү
2016/12/22 182.160.33.254