8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ын даргыг сонгох сонгуулийн сурталчилгаа эхэлж, ес эхэлсэн өдөр

2016-12-22 18:40:00

Тун удахгүй он солигдох баярт мөч тохиох гэж байна. Та он солигдох мөчид хайрттайгаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ. Их дэлгүүрүүд, талбай, хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэн тэр чигтээ үзэсгэлэнтэй, сэтгэл сэргээмээр гэрлэн чимэглэлээр гоёдог үе. Та нийслэлийн  гэрлийн үзүүлбэр, хотын хамгийн том, бас хамгийн сүрлэг гацуурыг ханьтайгаа хамтдаа хараад алхах тухай бодож үзсэн үү. Хаашаа ч яаралгүй зүгээр л тайван алх. Анх танилцаж байсан үеэ, үр хүүхдүүддээ, цаашидын төлөвлөгөөгөө ярилцан хамтдаа алх. Машинаас машины хооронд үргэлжилдэг амьдралын хэв маягаа нэг өдөр эвдэж, замын түгжрэлийн хажуугаар ажрах ч үгүй алхангаа хотынхоо баярын уур амьсгалыг мэдэрцгээе залуусаа.  Өглөө ажил руугаа орой гэрлүүгээ яарсан хэт завгүй амьдралаас нэг ч өдөр болов хэв маягаа эвдэцгээе. Энэ жил танай гэр бүлийн хувьд гайхалтай шинэ жил байх болтгуай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. 


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Нямдорж: Орондоо хууль засдаг гэж 20 жил шүүмжлүүлсэн би амьд л байж байна 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Уг хуулийг олон нийт оффшорын хууль хэмээн нэрлэж байгаа юм. Учир нь уг хуульд улс төрийн албан тушаалтан оффшорт данстай байхыг хориглосон заалтыг тусгаж өгөөд буй. 

Өчигдөр уг хуулийг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Тус хуулиар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа юм байна. Уг хэлэлцүүлгээр хуулийг маш сайн хэлэлцэж алдаа, оноог нь дүгнэсний дараагаар дахин хэлэлцэх саналтай байна” гэсэн саналыг гаргав. Х.Нямбаатар гишүүний гаргасан саналын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон Ц.Нямдорж нар нилээн хатуу шүүмжлэлийг хэлсэн юм. Тэд хэрхэн байр, сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Т.Аюурсайхан: Энэ хууль чинь бантан болж гүйцлээ 

-Хэлэлцүүлэг явуулах гэж байгаа юм бол үүнийгээ хараат бусаар явуулъя. Анх өргөн барьсан этгээд нь хэлэлцүүлэг явуулаад л. Хууль санаачлагч нь хүн амьтан зочид буудлуулж, хооллоод л байгаа сурагтай байсан. Өнөөдөр энэ хууль бэлэн болоогүй учраас хүмүүстэй дахин ажиллах гэж хугацаа алдаад байна. Түүний оронд энэ хуулиа нэг мөр татаж аваад олон нийт, иргэний нийгмийн байгууллага, судлаач, хууль тогтоогчдынхоо оролцоотой хэлэлцүүлгээ хийгээд ул суурьтайгаар энэ хуулиа явуулбал яасан юм бэ. Бантан болж гүйцлээ. Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ хийгээд байна гэж дуулдаад байна. Он дуусахад 10 хоног дутуу байхад бүтэн жилийн хаалтын гэрээг нэг хэвлэл мэдээллийн байгууллагатай таван сая төгрөгөөр хийж байна. 2016 онд гэрээ хийгээгүй мөртлөө 10 хоногийн гэрээг хийж байна. Би дэд сайдтай чинь юм ярихгүй. С.Бямбацогт чинь хаана байна. Энэ чинь Засгийн газрын өргөн барьсан хууль биз дээ. Би Ерөнхий сайдаас асуумаар байна. Ямар их баян юм. Зөв зүйтэй ажил хийж байгаа бол ийм их мөнгөөр гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй” гэв.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Оюун: Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гарсан ч хүлээж аваагүй

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид 10:00 цагаас эхэлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарч байгаа. Учир нь Төрийн нууцтай холбоотой бичиг баримт, материал хавтаст хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр хаалттай явуулахаар тогтсон.Энэхүү шийдвэрийн талаар хохирогчийн талын төлөөлөл буюу С.Зориг агсны дүү С.Оюун энэ талаар хэлэхдээ “Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Ямарч  хүсэлт хүлээж байхгүй байгаа” гэсэн байна.  

 

30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологджээ

Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээллээ. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ. Тооллогод 790 хүүхдийн цэцэрлэг, 616 сургууль, сум дундын 129 эмнэлэг, 335 соёлын ордон, 23 номын сан зэрэг төрийн болон орон нутгийн өмчийн нийт 6086 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Эдгээр байгууллагын нийт хөрөнгө 30 их наяд 74 тэрбум 900 сая төгрөг болсон бөгөөд энэ нь 2012 онтой харьцуулахад 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн дээрх байгууллагууд нийт 13 их наяд төгрөгийн өртэй байгаа юм. Хөрөнгийн дийлэнх нь хуучны буюу 1990, 2000 оны зах зээлийн үнэлгээгээр бүртгэгджээ. Тиймээс Засгийн газраас төрийн өмчид бүртгэлтэй бүх хөрөнгийг одоогийн зах зээлийн ханштай уялдуулан дахин үнэлэхийг үүрэг болгосон байна.

Улсын хэмжээнд 9 их наяд 869.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 42 мянга 700 барилга тоолсоны 20 мянга нь бүрэн элэгдэлд орж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Үүнээс гадна улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр эхлүүлээд бүрэн дуусаагүй 2.5 их наяд төгрөгийн 839 барилга байгаа аж. Мөн 8700 усны худаг, 2 их наяд 676.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 106 мянга 808 км автозам, 7220 тэрбум төгрөгийн 29 мянга 99 метр гүүр тоологджээ. 8700 худгаас 874 худгийг огт ашиглахгүй байгаа аж. Тиймээс хуучин барилгуудыг шинэчлэх төлөвлөгөө боловсруулах, шинээр барилга барихгүйгээр дуусаагүй барилга байгууламжийг дуусгах эсвэл хувийн хэвшилд борлуулах хэрэгтэй гэдгийг Ц.Ням-Осор дарга үүрэг болгов.

Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож байна

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22-ны өдөр. Энэ өдөр монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үе буюу ес эхэлж жилийн хамгийн богино өдөр, хамгийн хурт  шөнө тохиодог. Хүйтний үеийн есөн ес 81 хоногоор тооцдог. Мөн өнөөдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. 

Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. Үүнд,

Нялх гурван ес

-Нэг есд нэрмэл архи хөлдөнө​

-Хоёр есд хорз архи хөлдөнө

-Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Идэр гурван ес

-Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө

-Таван есд тавьсан будаа хөлдөхгүй

-Зургаан есд зурайсан зам гарна

Хөгшин гурван ес

-Долоон есд довын толгой борлоно

-Найман есд нял шал болно

-Есөн есд ерийн дулаан болно гэдэг

Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна. Уг арга хэмжээ ирэх нэгдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжлэх аж.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага пиротехникийн хэрэгслийг борлуулах, худалдаалах тусгай зөв зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг анхааруулж байна.

Мөн зөвхөн мэргэжлийн инженер операторууд ёслолын буудлагыг хийлгэх анхаарууллаа. Хэрэв пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хуулийн дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар зөвлөмж хүргүүлж байна.

1. Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах

Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.

Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

2. Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших

Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны ххаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АН-ын даргыг сонгох сонгуулийн сурталчилгаа эхэллээ

АН-ын даргыг сонгох нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэллээ. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжилнэ. Улмаар ирэх оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах юм.

Ардчилсан намын даргын сонгуулийн хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.

Дэлхий дахинд: 

Хятадын алдартай сургуулийн сурагчид утаан дунд сууж шалгалт өглөө

Хятадын Хэнань мужийн хамгийн алдартай The Linqi  ахлах сургуулийнхан гадаа шалгалтаа өгсөн байна. Тус сургуулийн сурагч, багш нарын санаачилгаар, тэр ундаа БНХАУ-ын тэргүүлэх зэргийн асуудал болоод байгаа хорт утаан дунд сууж шалгалтаа өгсөн байна. Тэдний энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндэд туйлын хортой агаарын бохирдлын асуудлыг Хятадын эрх баригчдад илүү ойртуулах, нийгмээрээ хорт утааны эсрэг тэмцэх зорилготой аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment