8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ

2016-12-23 11:30:00

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын гишүүн Хөгжлийн банкны асуудлаар 5 хоногийн завсарлага авсан. Монгол банкны Ерөнхийлөгч нь банкуудаа муулсаар байгаад зэрэглэлийг нь бууруулсан. Хөгжлийн банкны шалгалтын асуудал тусдаа зүйл. Бид тав хоногийн хугацаатай завсарлага авахдаа олон нийтийн анхааралд оруулж, зөрчил байхгүй юм гэдгийг мэдэгдэхийг хүссэн. Хөгжлийн банкны асуудлаар авсан завсарлагаа дуусгаж байна" хэмээлээ. Ингээд Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавилаа. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал хураалт явагдсан боловч дэмжлэг авсангүй. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Нэгдүгээрт Хөгжлийн банкны асуудал дээр нийтлэг эрх ашгийн төлөө дуугарч, он дуусахад хэлэлцээд дуусгах хэрэгтэй. Хоёрдугаарт нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай. Нийтийн сонсголын журмаа батлаад агаарын бохирдлын асуудлаар сонсгол зохион байгуулья. Гуравдугаарт  хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох чиглэлд өнөөгийн алдаа дутагдлыг нөхөх чигт анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллараа яах гэж байна вэ. Дефолт гэдэг чинь 2-3 сарын дотор болохоор болчихоод байна. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ямар ч шийдэл гарахгүй байна. Дефолт болвол 50 жил, цаашлаад 70 жил эдийн засаг саарна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад эдийн засгийн хямрал биш эрх дархтнуудын хямрал болсон байна. Чуулган анх эхэлж байхад бидэнд боломж байсан. Цаг хугацаа байсан. Одоо цаг хугацаа ч байхгүй болж байна. Улсын төсөв орлого талдаа 5 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна. Дор бүрнээ жижиг асуудал ярьсаар яст мэлхийн хурдаар ажиллаж байна" гэв.

Ингээд хуралдааныг даргалагч Ц.Нямдорж Хөгжлийн банкинд авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулав. Ингээд уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх нээлттэй хэлэлцэхээр саналаа өгчээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment