УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтыг гэрэл зургийн хоббитой гэдгийг хэн бүхэн мэднэ. Өчигдөр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан “Гангар хун” шинэ жилийн цэнгүүний үеэр М.Зоригт сайд улс төрийн орхиж, гэрэл зургаас гадна кино урлагт хүчин зүтгэх болсноо олонд дэлгэлээ. Тэрбээр “Гангар хун”-гийн эзэн болсон тэр мөчид хэлэхдээ “Би нутгийн олон та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёронтаа суусан. Харин ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. УИХ-д сууж байх хугацаандаа хөдөө орон нутгаа төлөөлөх эрх бүхий УИХ-ын гишүүн хүн нутаг орондоо ажиллаж амьдарч үзсэн, эгэл иргэдийн амьдралыг ойлгодог хүн байх нь зөв юм гэдгийг ойлгосон. Тиймээс нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийгаа сонгуульд нэр дэвших байх аа гэж бодож байгаа. Миний хувьд ирэх оноос улс төрөөс ангид амьдрах хүсэлтэй байгаа” гэсэн байна.