Халаасны хулгайн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлддэг дөрвөн бүлэг этгээдүүдийг Цагдаагийн байгууллага илрүүлжээ. Эдгээр бүлэглэлийн толгойлогч нэр бүхий таван этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан байна.
Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 18 сая төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохирлыг барагдуулсан байна. Мөн үзлэг нэгжлэгийн үр дүнд хохирогч нь тогтоогдоогүй 11 гар утас олдсон бөгөөд цагдаагийн байгууллагад байгаа аж. Иймд гар утсаа алдсан хохирогчид цагдаагийн байгууллагад хандаж, гар утас эд зүйлээ хүлээн авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдэгдлээ.
Сэжигтнүүд эдгээр гар утсын ихэнхийг их, дээд сургуулиудын оюутнаас хулгайлсан гэдгийг шалгалтын явцад хэлжээ. Мөн томоохон худалдааны зах, албан байгууллага аж ахуй нэгжээр хэсүүчилж гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.