8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Хөгжлийн банкны асуудлыг ярьсаар хагас жил болох нь

2016-12-23 13:31:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хөгжлийн банкны талаар авах  зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Хөгжлийн банкны өнгөрсөн таван жилийн хугацааны  зээлийн эргэн төлөлт 7,8 хувьтай, харин 92.2 хувь нь  төлөгдөөгүй байгаа аж.  Үүнээс 14 орчим  хувь нь чанаргүй, 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байгаа аж. Зарим  зээлдэгч нэг бус 4 удаа зээлийн эргэн төлөлтөө хойшлуулан сунгажээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад холбогдох албаны хүмүүс хариулж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Засгийн газар 2.6 их наядыг  Хөгжлийн банкинд өгөх ёстой юм билээ. Энэ нь Чингис бондоос авсан зээл байна. Энэ зээлүүдийн 54 хувь нь бүтээн байгуулалтад оржээ. Түүнээс бус мөнгө алга болоод цох дутсан зүйлгүй юм байна. Үүн дотроо автозамын 88 төсөл хэрэгжсэн байгаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх үү?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:- Үе шаттайгаар нэг их наяд төгрөгийг нэмэгдүүлнэ гэсэн заалттай байгаа. Хөгжлийн банк өөрийн дүрмийн санг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдэг заалттай. 110 тэрбум төгрөгөөр Зээлийн эрдслийн сан байгуулсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Эрдслийн санг яагаад 110 тэрбум төгрөгөөр байгуулсан юм бэ? Энэ нь нийт зээлийн хэдэн хувь бэ?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр: -Нийт 6 их наяд төгрөгийн зээл байгаа. Нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөлттэй хийгдэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаснаас ачаалал үүссэн. Засгийн газраас тооцоог нь салахгүй бол нийтдээ хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд 2 их наяд төгрөгийн Зээлийн эрсдлийн сан байгуулах шаардлагатай байгаа. Нийт зээлийн 4 хувьтай тэнцэх санг одоогоор байгуулаад байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:- Монголын төр нууцтай байх ёстой. Аливаа шийдвэр гараагүй байхад асуудал дотоод болон гадаадад ил болчихдог. Гар дахь хөзрийг чинь харж байхад ижил тэгш эрх зарчмаар харилцах боломж бүрдэх үү. Хариуцлагын асуудлыг хөндөхгүй бол Хадгаламж зээлийн хоршоо шиг юм болно. Ганц нэг хүнд хариуцлага тооцсон болоод үндсэн мөнгө нь төлөгдөхгүй нөхцөл байдал үүснэ шүү.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва : Хөгжлийн банкны хуулийг өчигдөр өргөн барьсан. Цаашид зээл олгохдоо 10-15 хувийг өөрсдөө, бусдыг нь гадна дотны зах зээлээс мөнгө босгож зээлээ олгодог байхаар хуулинд тусгасан. Хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэн баталвал хараат бус байдлаар ажиллах боломж бүрдэнэ. 
 УИХ-ын гишүүн Д.Ганболд: Хөгжлийн банкны асуудлыг ярьсаар хагас жил болох нь. Ийм байдлаар он гарвал маш хүнд дарамтад орохоор байна. Өглөг авлагыг тогтоон, хариуцлагажуулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment