8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөрсний бохирдол утаанаас ч аюултай

2015-12-19 10:25:00

Улаанбаатар хотод хүйтэн сэрүүний улиралд агаарын бохирдол, дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдол гэх асуудал үүсдэг. Тэгвэл бидний хувьд өвлийн улиралд утаанд анхаарлаа хандуулж хөрсний бохирдолд тэр бүр анхаараад байдаггүй. Гэтэл хөрсний бохирдол нь улирал харгалзахгүй бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл хөрсний бохирдлоос үүдэж  олон төрлийн гэдэсний халдварт өвчнүүд гардаг аж. Манай улсад сүүлийн 3 жилд гэхэд гар хөл амны өвчин, цусан суулга, сальмонеллёз хоолны хордлого зэрэг гэдэсний халдварт өвчнүүд зонхилон гарч байгаа аж. Түүнчлэн  нийт халдварт өвчний 26 хувь нь хөрсний бохирдлоос үүдэлтэй хэмээн мэргэжлийн хүмүүс мэдээлээд байгаа юм. Мэргэжилтнүүд жил бүр хоёр удаа есөн дүүргийн хүн ам олонтой 54 цэгээс дээж авч, эрүүл ахуйн үнэлгээ өгдөг аж. 2014 оны судалгаанаас үзвэл нийт дээжийн дөнгөж 12 хувь л бохирдолгүй гарчээ. Энэ бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос иргэдийн  эрүүл мэндэд заналхийлсээр байгаа юм. 


Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Хөрсний бохирдлоос үүдэж гэдэсний хижиг, цусан суулга, халдварт саа, халдварт шар зэрэг вирусын халдвар, татран, боом зэрэг 60 гаруй  төрлийн өвчин гардаг байна. Статистик тоогоор Улаанбаатар хотод амьдардаг 176000 орчим өрх ил задгай жорлон ашигладаг аж. Нэг жорлонд таван зуу гаруй төрлийн шимэгч хорхой, бактери, вирус зэрэг өсөж, үрждэг. Нэг грамм өтгөн ялгадсанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг байна. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий ихэссэнээр  эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.

 Дэлхийд жил бүр 1.7 тэрбум хүн суулгалт халдвараар өвчилж халдварын улмаас ойролцоогоор 2 сая хүүхэд эндэж нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Хөрс бохирдсоноор гүний болон хөрсний цэнгэг ус  бохирддог том аюултай.Хөрс, усны бохирдолтой, буурай хөгжилтэй орнуудын нийт хүн амын нэг орчим хувь нь туузан хорхойн халдвараар өвчилж, нүдний архаг өвчний улмаас өнгөрсөн хугацаанд зургаан сая хүн сохорчээ. Цусны туузан хорхойгоор үүсгэгдэх шистозомиазис өвчний улмаас жилд 200 мянган хүн амиа алддаг аж. 


Иргэдийн хувьд хөрсний бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой. Тухайлбал угаадсаа ил задгай асгахгүй байх, газар ухаж жорлон гаргах технологиос татгалзаж орчин үеийн боловсон жорлон, био жорлонгуудыг ашиглах, ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаях,автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлж хэвших хэрэгтэй юм.  
 

М.Аминаа
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment