8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гүүрний хашлага мөргөсөн этгээдийг баривчилж, Их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан өдөр

2016-12-23 18:50:00

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Анхны цасан хаялах тэр мөчөөс л шинэ жилийн тухай сайхан дурсамжууд сэтгэлд ойрхон санагддаг юм. Шинэ жилийн баяр бүхэн, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрдөгсөн. Хэн нэгэн нь надаас чиний хамгийн дуртай баяр чинь юу вэ? гэж асуувал би юу ч бодолгүй бас түгдрэлгүй хурдан гэгч нь  шинэ жил гэж хариулна.  Надтай адилхан хариултыг өгөх хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ажилт, бүтээл дүүрэн хуучин он улирч, ихийг хийж бүтээх хүслээр дүүрэн шинэ он ирэхэд 7-хон үлдээд байна.

Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Бор шувуу: Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж эхэлжээ

Ийм нэг бор шувуу Төрийн ордон дотор нисч эхэллээ. Тодруулбал, Ц.Даваасүрэн тэргүүтэй зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар сэм, сэмхэн ярьж эхэлсэн гэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар ярьж эхэлсэн гол шалтгаан нь Тавантолгойн гэрээтэй холбоотой аж. Засгийн газар Тавантолгойн гэрээг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Хятадын Шиньхуа групптэй хамтран ажиллаж эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй тулсан энэ хүнд цаг үед Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэх хүмүүс олон. Тэгвэл иргэдийг баярлуулсан энэхүү шийдвэрийн ард ноцтой асуудал нуугдаж буй гэх мэдээлэл гарч байгаа юм. Тодруулбал, Тавантолгойн 49 хувийг Хятадын талд 400 хан сая доллараар зарах тохироог хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа нь үнэн гэх яриа ч бий.

Үүнийг л Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд эсэргүүцэж буй аж. Уржигдар Ц.Даваасүрэн гишүүний өрөөнд 20-иод гишүүн цуглаж, энэ гэрээний талаар ярилцсан байна.  Тэд  “...Хэрэв Засгийн газар одоо яригдаж байгаа гэрээгээ УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина” гэж тохирцгоогоод салцгаажээ.

Ямартай ч Засгийн газар Тавантолгойн хувийг хятадуудад хямд зарах шийдвэрийг гаргавал тэд огцруулах асуудлыг хөндөх бололтой. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын хувьд Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн асуудлаар идэвхтэй ярьж, шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэд өнгөрсөн хавар МАН-д гишүүнээр элсэх үедээ "Бид МАН-д орсон ч үзэл бодлоо худалдахгүй. Улс эх орны хувь заяатай холбоотой томоохон ордуудын асуудлаар л гэхэд амаа бариулахгүй ярина. Хэрвээ тэд шударга бус шийдвэр гаргавал бид урьдын адил эсэргүүцсээр л байх болно" гэж ярьж байсан.

Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж Хятадын Чалко компаниас 350 сая долларыг зээлсэн. Энэхүү мөнгийг эх орны хишиг хэмээн 20 мянган төгрөг болгон иргэдэд тарааж дуусгасан байдаг. Энэхүү 350 сая долларын зээл тун удахгүй буюу ирэх оны хоёрдугаар сард дуусах гэж байгаа юм.  Тэгвэл Шиньхуа группийнхэнтэй уулзсан уулзалтаар Хятадын тал уг зээлийн үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг авахаар манай талтай тохирсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Чалкотой байгуулсан гэрээний дагуу  үлдсэн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Энэ хэвээр нүүрсээ нийлүүлбэл ирэх оны хоёрдугаар сард Чалкогийн өрийг тэглэж дуусах юм.  Гэвч эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай улс нүүрсээ Чалкод зах зээлийн үнээс маш хямд үнээр нийлүүлсэн.  Тодруулбал, тонн тутмыг нь 70 доллараар нийлүүлсэн.

Тавантолгойн 49 хувийг 485 сая доллараар үнэлсэн энэ наймааны цаана ямар нэгэн асуудал нуугдаж буй нь тодорхой.
Тавантолгойн төмөр замыг барихаар болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцохоос гадна төмөр зам тавьсаны дараа 49 хувийг мөн эзэмшинэ гэх мэдээлэл ч байгаа юм. Тавантолгой бол коксжих нүүрсний нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдлаг.  Үүнээс дөрвөн давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс чанараараа илүү. 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Хамгийн сайн нөөцийн хувьд 100 аас дээш жил үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ их баялагийн 49 хувийг маш хямд үнээр зарахаар эрх баригчид тохирсон нь ийнхүү МАН-ын бүлгийн зарим гишүүдийн дургүйцлийг хүргэжээ. 

Мэдээж 49 хувийг зарах дээрээ тулбал стратегийн чухал орд гэдэг үүднээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай. Уг асуудлыг оны өмнөхөн УИХ-аар хэлэлцэж магадгүй гэнэ. Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 29-өөс эхлэн дөрөв хоног дараалан амрах шийдвэрийг гаргасан.  Тэгвэл иргэдийг олон хоногоор амруулж байгаад энэ асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа гэх.

С.Оюун шүүх хурлын талаар ийнхүү ярив

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Шүүх хуралд өнөөдөр хохирогчийн талыг төлөөлж УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэх мэдээлэл байсан ч  хуралд  ирээгүй аж. Тэрбээр хурал ирэхгүй байгаа шалтгаанаа ийнхүү тайбарласан байна.

"Шүүх хурал хаалттай явагдаж байгаа учраас би очихгүй байгаа. Би уг нь шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт хэд хэдэн удаа тавьсан ч хүлээж аваагүй. Мөн маш нууцын зэрэгт хамааруулсан учраас шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэх боломжгүй байна” гэжээ. 

Гүүрний хашлага мөргөсөн этгээдийг өнөө өглөө гэрээс нь баривчилжээ

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн Энхтайвны гүүрний хашлага мөргөсөн хэрэг гарсан билээ. Согтуу жолооч гэрлийн шонг унагаж хэргийн газар дээрээс зугтсан байна. Эл хэргийг  8915 УНЭ улсын дугаартай “Ниссан экстрайл” маркийн машины жолооч үйлдсэн болох нь тогтоогдсон.

Харин түүнийг Замын цагдаагийн алба болон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг хэрэгтнийг эрэн сурвалжилж, өнөө өглөө үүрээр гэрээс нь саатуулан баривчилжээ. Эрүүгийн хуулийн 216.1-т зааснаар хэрэг үүсгэн түүнийг шалгаж эхэлсэн байна. Гүүрний засварт шаардлагатай мөнгийг тухайн жолоочоос гаргуулах  юм байна. 

С.Жавхлан: Шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө иргэддээ гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Т.Аюурсайханы санаачилсан уг хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, гишүүн Д.Хаянхярваа: -Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах албаны нэр хүнд өнөөдөр унасан. Хэрэглэгчийг хамгаалах хуулийн далбаан дор луйвар хийж байна. Энэ хуулийн төсөлд хатуу заалтууд их орсон байна. Эргээд бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулах юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хийхэд төрийн ноён нуруу хэрэгтэй” гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:- Монголын нөхцөлд цөөн хүнтэй аж ахуй нэгжийг аваад явна гэдэг хүнээс тэсвэр, тэвчээр, удирдах авъяас шаарддаг. Энэ хуулийн төслөөс хуулийн заалтаас эхлээд шаардахгүй зүйл гэж алга. Хаах нээх цагаа хуулиас асуух нь. Боловсон хүний мэдээллийг гаргаж өг гэж байна. Энэ төслийг дэмжих боломжгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд нийцэхгүй байна.

Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан:- Миний хувьд Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Хуулийн дарамт байгаа. Дахиад дарамтлах шаардлагагүй. 1200-гаад ТҮЦ-ийг ачаад, самарч байна, гадаа. Аймаар их найрладаг хотын даргадаа  хэлмээр байна. Энэ хуулинд гадаад үг их байна. Гишүүд ч гадаад үг их хэрэглэх юм. Үгэндээ анхаараач ээ. Амнаас гарч байгаа үг гэдэг чинь үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ,улс үндэстнээ яаж аврах вэ гэх хэрэгтэй. Амнаасаа  гадаад үг гаргаад байвал гадаадыг дэмжээд байна гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа үгнээс эхэлнэ. Маргаашнаас эхлээд монгол дээлээ өмсмөөр байна. Та бүхний эхнэрүүд оёдоггүй бол цалингаа аваад Нарантуулаас худалдан авах хэрэгтэй. Дотор чинь Монгол байгаа бол гаднаа харуулаач. Арванхоёрдугаар сарын 27-ны Их тэнгэр цогцолборт Шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэр баярлах мөнгөөрөө  өлсөж байгаа түмэндээ  гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна. Цаасан дээр хууль үйлдвэрлэх, амьдрал дээр хэрэгжүүлэх хоёр ондоо асуудал.  Хулгай хийдэг Ерөнхийлөгчтэй, зээл гуйдаг УИХ-ын даргатай, мэнэрээ Ерөнхий сайдтай байна. Нэг өдөр Монгол Улс босвол яана” гэв.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг ихэнх гишүүд дэмжихгүй байгаагаа чууулганы хуралдааны үеэр илэрхийлж байлаа. Эдийн засаг хүндрэлтэй үед аж, ахуй нэгжүүдийг хатуу хуулиар барихын оронд дэмжих нь зүйтэй гэх мэдээллийг өгч байна.

Хуульч О.Алтангэрэл: Ой гутаж байна Ц.Мөнх-Оргилоо

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Давхар иргэншил асуудал” биш гэсэн ярилцлагыг өгсөн. Тэгвэл түүний энэхүү ярилцлагыг хуульч О.Алтангэрэл шүүмжилж өөрийн цахим хуудаснаа байр, сууриа нилээн бухимдангүй илэрхийлжээ.

Тэрбээр "Сайд Ц.Мөнх-Оргилын давхар иргэншлийн талаарх ярилцлагыг хараад ой гутав. Монгол төрийн алтан аргамж иймдээ тулаа юу. Гадаадад байгаа хүүхдүүдэд зориулсан гэнэ. Монголын иргэншил авах эрх нь тэдэнд нээлттэй байгаа. Бид явах боломжгүйдээ үр хүүхдүүдээ утаанд хордуулан байж Монгол хүн болгохоор зүтгэж байгаа болж таарах уу. Яг үнэндээ хүүхдүүдээ өөр орны иргэн болгож, илүү боломж олгохсон гэж хааяа бодогдсон ч энэ улс орноо өөд нь татах гэж оролдолгүйгээр хаяад явчихаж зүрхэлдэггүй юм. Холдохоор л монгол цустай гадаад хүн болчихно гэж айдаг юм. Тэгээд ч гадаад паспорттой, монголоо гэсэн сэтгэлтэй залуус олон бий. Заавал тэдний нэрийг барьж давхар иргэншил ярих юм уу. Авилгалд идэгдсэн түшмэдүүдийн гарт давхар иргэншил олгох эрх атгуулчихаад сэтгэл тайван сууж чадах уу. Нэр нь давхар иргэншил гэж байгаа ч энэ чинь Монгол Улсын Иргэн болох асуудал. Газар өмчлөх, сонгууль өгөх, бусад бүх эрхийг эдлэх боломжын тухай асуудал!!! Жон, Ван, Ли нарт иргэншлээ өгчихөөд Хайртай Монгол Орноо Мандуулъя гээд сууж байх уу, битгий давар Ц.Мөнх-Оргилоо! Крымын жишээг ядаж мартчихсан уу санал асуулгаар юу боллоо, Гүржрүү Орос яаж дайрсныг хараагүй юу? Ядахад хэл, шашин соёл өөртэй 2 үндэстэн амьдардаг улстай гэдгээ ойлгож байна уу? Юун далай лам, зээл, танк, гадны банк. Жинхэнэ аюул энэ шүү элэг нэгт ахан дүүс минь. Сонор сэрэмжтэй байхтун!!!" гэсэн байна.

Их хэмжээний ус гэр хороолол руу түрж орж иржээ

Энэ сарын 21-ний өдрийн өглөө Амгалангийн цахилгаан станцын зүүн талд маш их хэмжээний ус гэр хорооллын дунд урсан орж хөлджээ. Үүний улмаас автомашин болон явган хүн зорчих боломжгүй болж, зарим машинууд мөс цөмөрсний улмаас гацаж, хөдөлж чадахгүй байдалд хүрсэн байна.

Эдгээр машиныг "Mongolian Pajero Club”-ын залуус татаж гаргахад тусалжээ.  Одоогоор энэ их хэмжээний ус юунаас болж хальж орж ирсэнгүй байгаа аж. Мөн зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэндэхийн шугам, хоолой задарсан байж болзошгүй гэнэ.

ЦЕГ: Гар утсаа алдсан хохирогчид эд зүйлээ авна уу

Халаасны хулгайн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлддэг дөрвөн бүлэг этгээдүүдийг Цагдаагийн байгууллага  илрүүлжээ.  Эдгээр бүлэглэлийн толгойлогч нэр бүхий  таван этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан байна.  

Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 18 сая төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохирлыг барагдуулсан байна.  Мөн үзлэг нэгжлэгийн үр дүнд хохирогч нь тогтоогдоогүй 11 гар утас олдсон бөгөөд  цагдаагийн байгууллагад байгаа аж. Иймд гар утсаа алдсан хохирогчид цагдаагийн байгууллагад хандаж, гар утас эд зүйлээ хүлээн авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдэгдлээ. 

Сэжигтнүүд эдгээр гар утсын ихэнхийг их, дээд сургуулиудын оюутнаас хулгайлсан гэдгийг шалгалтын явцад хэлжээ.  Мөн томоохон худалдааны зах, албан байгууллага аж ахуй нэгжээр хэсүүчилж гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
 

 
Их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Монголын хилээр нэвтрэх чиглэлд зорчиж байсан ..03 дугаартай тээврийн хэрэгслийг  рентген аппаратаар шалгахад моторын хаалтны хэсэгт сэжигтэй зүйл илэрсэн байна. 

Уг автомашины моторын хэсэгт гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийхэд 70 грамм хар тамхи нуусан байжээ.  Хэргийг  гаалийн албаныхан Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
enkhee
jawhlan gishvvni heldeg zuw shv.
2016/12/24 203.91.115.44
SARAA
DAVHAR IRGENSHLIIG HULEEN ZUVSHUURUH TSAG NI BOLOOGUI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016/12/23 202.9.41.168