8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын дарга хэн бэ: Нэг ижил гараанаас эхэлсэн тэс өөр хүмүүс

2016-12-26 08:12:00

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид энэ сарын 22-оос эхлэн Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлээд байна. Даргын сунгаа нэг гараанаас эхэлж буйгаараа онцлогтой. Тодруулбал, нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр хамтдаа явж уулзалт, сурталчилгаагаа хийх юм. Харин хэн нэгэн нь  хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүдтэй ганцаарчилан гэрээ байгуулах цаашлаад тусдаа сонгуулийн сурталчилгаа хийвэл тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээх аж. Ардчилсан намын даргад нийт зургаан хүн бүртгүүлснээс тав нь нэр дэвших эрхээ өвөртөлсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар намын даргад өрсөлдөж байна. Харин АН-ын гишүүн М.Чимэддорж намд өгөх хандивын 250 сая төгрөгийг цуглуулж амжаагүй гэсэн шалтгаанаар хугацаа өгөхийг хүссэн ч намын дүрмийн дагуу бүх нэр дэвшигчийг ижил гараанаас эхлүүлэхийн тулд түүнийг бүртгэхээс татгалзсан юм.

Дээрх нэр дэвшигчдэд намын даргад өрсөлдөх эрхийн үнэмлэхийг нь багцалсан таван сумын хамтаар Ардчилсан намын дарга З.Энхболд гардуулсан. Орчин үеийн Алунгаа эхийн домогт тоглосон З.Энхболд энэхүү үйлдлээрээ нэр дэвшигчдийг эв, эеэ хичээж цаашид намаа багцалсан сум шиг авч явахыг сануулсан гэх. Харин нөгөө хэд нь багцалсан сум шиг эв, найрамдалтайгаар өрсөлдөж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Дээрх нэр дэвшигчдийн чухам хэн нь ирэх дөрвөн жилд Ардчилсан намыг удирдахыг гишүүдийнх нь санал шийднэ. Ингэхдээ намын даргыг сонгох сонгуульд цахим бүртгэлд хамрагдсан, татвараа төлсөн гишүүн оролцох эрхтэй байхаар Их хурлаас баталсан тул 180 мянган гишүүний хэд нь энэ удаад саналаа өгөх вэ гэдэг бас анхаарал татаж байгаа. Санал хураалтыг 2017 оны нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулна. Харин нэр дэвшигчид сурталчилгаагаа арванхоёрдугаар сарын 21-н буюу ирэх лхагва гаригт эхлүүлнэ. Сурталчилгаа 40 хоног үргэлжлэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусна.

 

Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын гавъяаг үнэлэх үү


 Энэ удаагийн сунгаанд өмнө нь тус намыг удирдаж байсан хоёр эрхэм өрсөлдөж байна. Цөөнх байсан намыг олонхи болгож, 2012-2016 онд Ардчилсан нам Засаглах эрхийг олж авахад яах аргагүй Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нар гол ачааг үүрсэн. Тэгэхээр Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын гавъяа энэ намд их гэсэн үг. Тиймээс ч тэд сонгуулийн сурталчилгааны гол мессежээ үүгээр хийж буй. Гэхдээ Д.Эрдэнэбат өнгөрсөн орон нутгийн сонгуульд намаа удирдаж ороод амжилт гаргаж чадаагүй. Ардчилсан нам уг сонгуулиар үнэмлэхүй ялагдсан билээ. Тэгэхээр түүнд итгэх намын гишүүдийн итгэл буурсан гэсэн үг. Түүний хувьд Ч.Сайханбилэгийн танхимд Аж, үйлдвэрийн сайдаар ажиллаж байлаа. Нэр цэвэр, шударга зоримог гэсэн имиж түүнд бий ч өнгөрсөнгурван сарын хугацаанд намын даргаар ажиллахдаа зоримог байж гишүүд дэмжигчдийн хүсээд байсан шиг шинэчлэлийг хийж чадаагүй, суурийг нь ч тавьсангүй. Орон нутгийн сонгуульд намаа удирдсан олигтой амжилтыг гаргасангүй. Түүнийг МҮДН, Шонхор фракц зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ АН ялагдахад нөлөөлсөн шалтгаануудыг “Шонхор” болон МоАХ-аас хайж байгаа нөхцөлд түүнийг намын дарга болгосноор Ардчилсан намын хэрүүл улам лавширч байдал хурцдаж магадгүй. Энэ тохиолдолд АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулийн өнгийг ноён Д.Эрдэнэбат тодорхойлно гэвэл арай л эрт бас адармаатай.

Харин Н.Алтанхуягийн хувьд нийгмийн дэмжлэг сайтай улс төрч. Гэхдээ сүүлийн үед өөрийнх нь дансаар нь их хэмжээний мөнгө орж, гарсан хэргээр АТГ-т шалгагдаж буй. Хууль хяналтын байгууллагаас түүнийг сэжиглэх үндэслэл бий гэж хэлсэн. Харин Н.Алтанхуяг үүнийг эрс үгүйсгэж “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаатайгаар намайг гүтгэж байна” гэсэн утга бүхий зүйлийг ярьсаар байгаа юм. Ямартай ч түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ хууль зөрчиж их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан эсэх нь тодорхой болоогүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй бөгөөд эцсийн шийдвэр тэндээс л гарна. Нэг сар гаруйн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан Н.Алтанхуяг намын даргад бол нам гүмхэн гүйж яваад нэр дэвшсэн. Түүнд намын дарга болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цаашлаад намаа гартаа эргүүлэн гартаа авах санаа бий. Ардчилсан нам доторх хамгийн том фракц ч түүнд бий.

 

"Эрүүгийн элемент" гэгддэг хүнд итгэл хүлээлгэх үү


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийг мөн намын даргад өрсөлдөж буйг буруутгагсад ч цөөнгүй бий. Нийтлэлч С.Баабар С.Эрдэнийг эрүүгийн элементээр дуудаж байсан цаг саяхан. С.Эрдэнийн тухай мэдээнд сайнаасаа муу нь давамгайлдаг. Ганц жишээ дурдахад нийтлэлч Баабар “С.Эрдэнэ бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаж авч байсан. Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь “хусаад” явж байдаг хүн. Хэдэн мянган нас барсан хүний нэрээр тэтгэвэр аваад явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж мөнгийг нь улсаас авч байна. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Хэрвээ би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их л бодоход орцны үүдэнд хүлээж байгаад хутгална биз” хэмээж байв. Ер нь түүнийг нийгмийн даатгалын мөнгөөр туйлсан, хөлжсөн, ах дүүгээ баяжуулсан гэж хэвлэлүүдэд бичдэг. Цаашлаад Баянгол дүүрэгт өөрийн гар, хөл бологсдыг зай, завсаргүй чихсэн гэх. Ер нь тус дүүрэг бүхэлдээ С.Эрдэнийн мэдэлд очсон нь хожмоо “Эрдэнэ вангийн хошуу” гэж цоллуулахад хүргэсэн гэх яриа бий. Нэгэн цагт Баянголын ИТХ, Нийгмийн даатгалын салбарууд нь тэр чигээрээ С.Эрдэнийн хүнээр дүүрсэн гэх шүүмжлэл байлаа. Тэгэхээр С.Эрдэнэ намын дарга болбол ах дүүгээрээ намыг дүүргэж Ардчилсан намыг бас нэг хошуугаа болгох нь тодорхой гэх яриа улс төрчдийн дунд яригдаж байна.  Түүнд нам удирдаж ирсэн туршлага байхгүй. Есөн гишүүнтэй намын бүлгээ сөрөг хүчин шиг ажиллуулж чадахгүй байгаа нь түүнийг сайн удирдагч гэж тодорхойлоход бэрхтэйг илэрхийлнэ. С.Эрдэнэ бол хөрөнгөжсөн, мөнгөтэй хүн. Тиймээс мөнгөөр гишүүдийн саналыг худалдаж авч магадгүй гэх хардлага зарим хүнд байгаа юм.

Ж.Батзандан, Л.Гантөмөр хоёрын хэн нь вэ

Энэ удаагийн сунгаанд Ардчилсан намын залуу үеийн төлөөлөл болж, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар нэр дэвшиж байна. Залуу үедээ ачааг үүрүүлэх цаг болсон гэж үзвэл тэднээс сонголт хийж болно. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг хүн намын дарга болбол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй” гэх үгийг Ж.Батзанданд хаягласан. Ер нь бол Ж.Батзанданд улс төрийн хүрээнийхэн тийм ч ам сайтай биш. Ж.Батзандан бол асуудал бүрт дуугарч явдаг  хэрнээ дорвитой гарц, шийдэл хэлж үр дүнг тодорхойлж чаддаггүй. Олон нийтийн анхаарал татсан сэдвээр юу ч хамаагүй ярьдаг түүнийг улс төрийн хүрээнийхэн шүүмжилдэг. Намын даргын сунгаанд оролцохын тулд 250 сая төгрөг өгөх нь хэмээн намынхаа дотоод асуудлыг олон нийтэд зарлаж энэхүү үйлдлийг шүүмжилж байсан тэрбээр мөнгөө босгоод нэр дэвшээд явжил байна. Энэ зан  нь түүнийг шүүмжлэлд аваачдаг гэж хэлж болно. Тэрбээр үе, үе популист зан гаргаж, хийрхдэг хүн. Гудамжины жагсагчаас улс төрд орсон тэрбээр юм л бол “Ард түмэн, ард түмний талд шийдэх ёстой” гэж орилдог ч тэр нь цагаа олдоггүй гэмтэй. УИХ-д хатуу, үнэн үг хэлдгээрээ алдартай Ц.Нямдорж гишүүн Ж.Батзандан гишүүнд хандан “Төрийн албан тушаалыг битгий буруугаар ашиглаарай. Ж.Батзандан хийрхвэл хийрхдэг хүн шүү. Битгий хийрхээрэй. Төрийн хүн шиг ноён нуруутай байгаарай. Юм бүхэнд битгий оролцож, эрх мэдлээ хэтрүүлээд байгаарай” гэсэн байдаг.  Ж.Батзандан гишүүнийг АН-ыг удирдах улс төрийн туршлагагүй гэж үзэх хүмүүс их бий. Ер нь түүний зангаар АН-ыг улам бужигнуулж, самрах дүр төрх л харагдаж буй. Ардчилсан намын шинэ гишүүн. Бусдаасаа туршлага бага түүнийг энэ удаад сонгох эсэх нь эргэлзээтэй.


Харин Л.Гантөмөрийн хувьд Ардчилсан намын харьцангуй нэр цэвэр улс төрчдийн нэг. Бусадтай нь харьцуулахад түүний нэр хээл хахууль авлигал, улс төрийн увайгүй үйлдэлтэй холбогдож байсангүй. Хэрэв УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр намын дарга болсон тохиолдолд тарж бутран, хэрүүлийн бай талбай болсон намынхаа нөхдүүдийг хурааж хумьж, нэгтгэн атгасан гар шиг болгож чадах уу гэдэг асуулт ургана. Гэхдээ түүнд асуудлын гарцыг олж зөвөөр шийдэж, намынханыгаа базаж чадах чадвар бий гэж таних хүмүүс нь хэлдэг. Түүний хувьд 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан гэх туршлага бий. Боловсролын сайдаар ажиллаж байхдаа салбартаа шинэчлэлийг зоригтой эхлүүлж бас амжилттай хэрэгжүүлж чадсан гэж үнэлж болно. Г.Гантөмөр сайдын үеэс хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудлыг ярьж, багш нарын хөдөлмөрийг үнэлдэг болсон. Боловсролын салбарт түүний хийсэн ажлыг том зургаар нь харвал сүүлийн 20 жилд хийгдээгүй шинэчлэл болсон гэж хэлж болно. Тийм ч учраас Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход тэр сайд хэвээр үлдэж байв. Бас энэ намын боловсрол өндөр залуу. Тэр ч үүднээс бусдаасаа нэг алхамын өмнө алхаж явна.


Ардчилсан намын дараагийн дарга хэн болохоос нам шинэчлэгдэн төвлөвшиж, бодлогын нам болж өөрчлөгдөх эсэх шалтгаална. Мөн долоохон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгууль зэрэг том сонгуулиудад хэр амжилттай оролцох шийдвэрлэгдэнэ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчид хэр шударга өрсөлдөхөөс тус нам шинэчлэгдэж чадах эсэхийг мэдэх боломжтой. Нэр дэвшигчид нь гишүүдээ худалдаж авсан өмнөх хэлбэр байсаар байвал тус нам шинэчлэгдэж цаашид улс төрийн гол тоглогчийн байр, сууринд байж чадах эсэх нь эргэлзээтэй болох юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Gantumur Ebe giin hun
2016/12/26 203.91.115.46
Зочин
батзандан дэмжиж байна.
2016/12/26 202.9.40.89
залуучууд эрх биш шудрагаар гантөмөрөө дэмжих. байлгүй ,..
Үүлээ
2016/12/26 182.160.37.74
Монгол
ЭНЭ 5 НӨХӨР ДОТОР 3 ГЭМТ ХЭРГИЙН СЭЖИГТЭН НЭР ХҮНД НЬ УНАСАН НӨХДҮҮД БАЙНА. БАТЗАНДАН, ГАНТӨМӨР 2 Л ГАЙГҮЙ ДЭЭ.
2016/12/26 202.179.29.238
ЦЫББЁ
КОЗЛЫ
2016/12/26 203.91.112.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment